Байгалиа хайрлах хайр, мухар сүсэг хоёрын хил хязгаар

2 months ago admin 0

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших Ээж модыг хадгаас нь салгах “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аян үргэлжиллээ. Анх 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан энэхүү аян энэ удаад 100 гаруй болж, өргөжсөн юм. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Тужийн нарсыг захлан, хайлаас бургасан дунд ургасан хэсэг нарсны нэгийг Ээж мод хэмээн нутгийн олон эрт дээр үеэс шүтэж иржээ.

 

Харин өдгөө энэ мод Шаамарынхны шүтээн төдий биш болж, эргэлчин мөргөлчин олон Монгол орны зүг бүрээс зорин ирдэг. Тэд бүгд л ямар нэгэн гуйлга, даатгах зүйлтэй. “Ээж ээ, үр хүүхэд хайрлаач”, “Ээж минь, сайн ханьтай учруулж өгөөч”, “Гадаадад ажиллаж байгаа хүүгээ танд даатгая. Харж, хамгаалж өгөөч” гэхчилэн гуйхгүй, даатгахгүй зүйл үгүй.

Хүслээ шивнэж, гуйлгаа гуйгаад буцахын оронд хадаг нэртэй нийлэг даавуу авчран хоолойг нь боомилж орхиод явчихаж байна. Нарсны холтос уг нь шар өнгөтэй. Гэтэл сүүнд цагаан болжээ. Сүүнээс болж мод, хадганд хөгц, мөөгөнц өр ургаж, тос даагаад аагим халуун наранд аяндаа гал авалцан асахаар аюултай байдал үүссэн байв.

Архины шил, ундааны сав, ногоон цай, шар, цагаан будаа хөл дор хөглөрч, хүмүүс “Ээж”-ээс баахан юм гуйчихаад, хогон овоо босгож, моддын амийг тасалчихаад явчихаж байна. Борооны дараах мөөг мэт олширсон бөө, удганууд Ээж модонд шавь, хамаатан саднаа дагуулан ирж, бөөн хадаг яндар зүүж, архи цацчихаад явдаг болсон тухай хүмүүс ярив. Тэд ганцаараа биш, гал гэх баахан хүнтэй ирдэг гэнэ. Бөөгийн мод гэх хадганд баглаастай моднууд энд олширчээ. Хадагтай мод мөчрөөсөө эхлэн хувхайрсаар ургахаа больж, хатдаг аж. Хашгирах гээд дуу нь гарахгүй, нүдэнд нь нулимс гүйлгэнэж байх шиг. Хөдөлж ч чадахгүй, дуугарч дөнгөхгүй тэр мод энэлж, биднээс аврал гуйж байна.

Энэ үеэр аяныг санаачлагч Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галааридтай ярилцлаа.

Б.Галаарид: Уячихсан хадагт хүрвэл лус хилэгнэнэ гэсэн мухар сүсэг анзаарагдаж байна

-Таны санаачлагаар моддыг хадаг яндараас чөлөөлж байна. Амьд байгалиа авран хамгаалах нь хүн бүрийн үүрэг ч сүсэг бишрэлээрээ тавьсан эд зүйлсийг нь оролдож буйд эсэргүүцэх хүмүүс байгаа байх?
-Аяныг санаачлах явцад хүмүүсийн сүсэг бишрэлээр оролдож болохгүй, уячихсан хадагт хүрвэл лус хилэгнэнэ гэсэн мухар сүсэг анзаарагдаж байна. Үнэндээ мод өөрөө лусын амьтан гэвэл амьсгалыг нь боосон хадагнаас чөлөөлж байгаад баярлана уу гэхээс хилэгнэхгүй байх. Бид байгалийг сүйтгэснээрээ хувь энэрэл хүртэх боломжгүй. Хадгаар моддыг боож үхүүлж байгаа хүмүүст лусын хорлол гээч нь болдог байх.

-Модыг хадгаар боомилохгүйгээр сүсэг бишрэлээ илэрхийлэх өөр хэлбэрийг та юу гэж харж байна?

-Хүмүүс өөрсдийн дураар модонд хадаг уяад байдаггүй. Үүнийг лам хувраг, бөө нарын хэн нэг нь сэдлийг нь өгч байдаг. Тэр хүмүүст хандаж “Та нар өөрөөс чинь тусламж хүсч ирсэн хүмүүст битгий буруу үйлдэл зааж өгөөч. Модонд хадаг уях нь буруу, нэмж битгий хадаг уяулаач” гэж уриалмаар байна.

-Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

– “Амьд байгалиа хайрлая” аяныг бүх нийтийн хөдөлгөөн болтол нь өргөжүүлэхийг хичээнэ. Ямар ч айл хэд хоноод орон гэртээ их цэвэрлэгээ хийдэг. Тэгвэл монголчууд бид ядаж хавар, намартаа ганц ганц удаа орон даяарааийм цэвэрлэгээ хийж, хог буртагнаасаа салдаг албан ёсны өдөртэй болчих юмсан.

-Таны хувьд байгаль эхээ хүн хайрлахын тулд хамгийн эхлээд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Мэдээж өөрөөсөө эхлэх ёстой. Байгаль дэлхий маань амьд шүү, бидний л адил зовдог энэлдэг, бас баярладаг талархдаг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн бол байгальд халтай алхам хийхгүй дээ. Байгалийн сайхныг мэдэрдэггүй, онгон дагшин байгалиараа бахархдаггүй, түүнийг үр хүүхэд хойч үедээ үлдээх ёстойгоо ойлгодоггүй хүмүүс л байгаль хамгаалах аяныг эсэргүүцэх байх.

Б.Тэмүүлэн