Х.Баасансүрэн: Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Үүнийг засах ганц арга бий

9 months ago admin 0

“Эрдэнэзуу” хий­дийн хамба лам Х.Баасан­сүрэнтэй ярилцлаа.

-Ууланд гурван сар орчим бясалгаад бууж ирсэн байх аа?

-Хоёр сар гаруй бясалгал хийлээ.

-Гэр бариад бясалгадаг уу, эсвэл агуйд уу?

– Би 2009 онд Эрдэнэзуугаас арваад км-ийн зайтай газар, ууланд бясалгалын жижигхэн сүм барьсан юм. Байнга очиж чадахгүй болохоор хашаандаа, газар дор бясалгадаг өрөө барьсан. “Эрдэнэ зуу”-даа байхдаа тэндээ суудаг. Бясалгал тогтмол байж үр дүн нь гардаг, ахидаг зүйл л дээ. Цагаан сараас хойш уулын сүмдээ суусан. Ер нь бясалгалд орчин их чухал байдаг. Тэр дундаа эхний шат ч юм уу, ахиж байгаа шатанд. Ийм үед зохистой орчин байхгүй бол үр дүнгүй болдог. Урьдын лам нар бясалгах гэж агуй руу явдаг байсан нь ийм учиртай.

-Лам нар бясалгах үедээ модон тагшинд хооллодог, өдөр бүр аяганыхаа амсрыг чулуунд үрж жижигсгэдэг, сүүлдээ бүр огт хоол идэх шаардлагагүй болдог гэж ирээд ярьцгаадаг. Урт хугацааны бясалгалын үед хоолон дээр ийм хатуу дэг барьдаг уу?

-Идэж байгаа зүйлс биед тодорхой хэмжээгээр үлддэг. Жишээ нь үхрийн мах идсэн бол үхрийн нэг хэсэг нь, хонины мах идсэн бол хонины нэг хэсэг нь гэх мэтээр ямар нэг байдлаар тодорхой мэдээллүүд биед үлддэг. Нөгөө талаасаа мах ч юм уу, хэт хүнд хоол идвэл бясалгалын үед сэргэг байж чаддаггүй. Тийм учраас хөнгөн хооллодог. Бясалгалын үед хоолыг хэт хүчилж хорьж болохгүй л дээ. Хүсвэл идэж болно. Гэхдээ бясалгал хийгээд байхаар хоолноос авах энергиэ өөр юмнаас авах боломжтой болдог. Түвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоол руу, цагаан хоолноосоо дээшлээд зөвхөн жимс иддэг хэлбэр рүү ч орж болно. Эсвэл бүр ахиж ч болно.

-Та яаж хооллож байсан бэ?

-Миний хувьд элдэв хорио цээр байхгүй. Өдөрт нэг удаа хооллож байсан. Дан цагаан хоол идсэн. Бясалгалын хувьд хоол нэг номерын асуудал биш л дээ. Гэхдээ хоолоо зөв байлгавал үр дүн нь хурдан, бясалгал ахицтай явах бололцоотой. Номонд хоёр цагаас хойш хоол идэхийг хориглодог ёс бий. Энэ цагаас хойш шүдэнд торохоор зүйл идэхийг цаг бусын идээ гэж үздэг. Нөгөө талаар бага иднэ гэдэг маань цаад утгаараа буян. Маш олон амьтны амь аварч байгаа буян. Учир нь бидний хэрэглэж байгаа бүхэн хэмжээ хязгаартай. Зуун грамм мах идлээ гэж бодъё. Тэр махыг бүрдүүлэхийн тулд үхрийг тугал байхаас нь эхлээд усалсан байж таарна. Багахан хэмжээний ийм мах идэхэд л 15 тонн ус зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Ийм тоо сонссон хүн идэхгүй байж ширээ дүүрэн хоол авчихаад хаядгаа болино шүү дээ. Хоолоо ч бясалгал болгож болно. Бие доторх хорхойгоо хооллож байна шүү гэж бодоод идэх нь өөрөө бясалгал. Энэ мэтээр үйлдэж байгаа бүхнээ ухамсартай, сайн сайхан юмны төлөө зориулж хийх л юм бол бясалгал болчихож байгаа юм.

-Тэгвэл бясалгалыг энгийнээр ердөө л ухамсартайгаар бүх юмыг хийх гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Энгийнээр хэлбэл хийж байгаа юмаа мэдэж хийнэ гэсэн үг. Аягаа угааж байгаа бол огт өөр юм бодохгүйгээр “Би аяга угааж байна” хэмээн мэдэж хийхийг хэлээд байгаа юм. Өглөө босох, нүүр гараа угаах, ажилдаа явахдаа ч бясалгал хийж болно. Хийж байгаа үйлдэл бүрээ ажиглаж, ухамсартай үйлдэл хийж байвал, ямар бодол урсаад байгаагаа таньдаг бол тэр чинь бясалгал. Хүмүүс автобусанд явж байхдаа юу ч бодохгүйгээр зам дагуух хаягнуудыг харж явдаг. Би ийм хаяг уншиж байна даа гэж мэдэхгүйгээр дадал болгочихсон байдаг л даа. Тэр үйлдлээ л ухамсартай, мэдэж хийвэл бясалгал болно.

-Гэхдээ хүмүүс бясалгалыг огт өөрөөр ойлгоод дөлөөд байдаг. Наад зах нь нүдээ аниад нам гүм суух ёстой гэж төсөөлдөг. Ер нь бясалгал энгийн хүмүүст яагаад, ямар учраас хэрэгтэй вэ?

-Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд өөрчлөх боломжгүй л дээ. Сэтгэлээ өөрчлөх ганц л арга бий. Тэр нь бясалгал. Бясалгал бол хүнийг өөрчлөх, сэтгэл зүйг нь засах, тайван сайхан болгох хамгийн зөв зам.

Таны хэлснээр хүмүүс бясалгалыг нүдээ аниад юу ч бодохгүй суудаг мэтээр ойлгодог. Удаан сууж чадахгүй байх гэх мэт шалтгаан бодож олоод шантардаг. Бясалгал бол заавал нүдээ аньж суугаад хийх зүйл биш. Мэдээж тэгж чаддаг бол сайн. Өнөөгийн зав зайгүй нийгэмд амьдралынхаа хэв маягийг бясалгалын хэв маяг руу оруулж болно.

-Таны бясалгалын нэг өдрийг сонирхмоор байна. Өдрийн турш бясалгах уу?

-Ямар бясалгалаасаа хамаараад тунгаар хийдэг л дээ.

-Тунгаар хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өглөөний бясалгалаа хийчихээд өдөр хооллох үедээ завсарладаг. Тэгээд үдээс хойшийн бясалгалаа хийнэ. Үдээс хойшийн бясалгалын дараа алхах ч юм уу, түр завсарлаж байгаад оройны бясалгалаа эхлэхийг тунгаар хийнэ гэдэг юм.

-Ууланд ганцаараа удаан хугацаанд бясалгал хийхээр эвгүйцэх үе гарах уу. Чононоос эхлээд…?

-Чоно зөндөө л дөө. Тэр бол нэг их чухал биш. Өөртөө гэхээс илүү тэр хавийн малд их санаа зовдог байсан. Чоно ирээд унагыг нь түүчих нь их хэцүү. Өөдөөс нь дуу гаргаад дөхөхөөр үргээд явчихдаг юм. Түүнээс биш хүн рүү дайрч ирнэ гэж байхгүй л дээ. Эсвэл оройдоо жаахан хашгирчихаад унтахад чоно дахиж ирдэггүй. Элдэв айдас гэхээс илүү харин ч байгальдаа байгаа учраас илүү жаргалтай шүү дээ. Бид хүнсээ сонгохдоо хүртэл аль болох дахин боловсруулаагүй, цэвэр байгалийнхийг сонгохыг хүсдэг. Хүн төрөлхтөн байгалийн амьтан гэдгийн л нэг жишээ. Та бодоод үз дээ. Хаалга онгойгоод л уул, хаалга онгойгоод л тал, үүд цэлсхийтэл нээгдээд л цэцэг жимс. Сонсоход хүртэл гоё байгаа биз. Гэтэл суурин газарт өөр. Хаалга онгойгоод л байшин, түгжрэл.

-Бясалгалын түвшин ахиад ирэхээр айдас гэх мэт таагүй мэдрэмжээс салдаг байх нь л дээ?

-Ер нь сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг. Бид бусдаас хамаарч амьдардаг. Өнөөдөр нэг хүнээс муу үг сонсоод өдөржин гуньдаг, маргааш өөр нэгнээс магтаал дуулаад хөөрч дэвдэг. Хэн дуртай нь муу үг хэлээд уйлуулж байна гэхээр та өөрөө хэн болж таарах вэ, зовлон, жаргалаа бусдаас хамааралтай болгочихоор цаашдаа яах вэ. Жаргалын шалтгаан болсон зүйл чинь алга болбол жаргахаа байна гээд төсөөлөөд үз дээ. Мэдээж хэн ч ийм зүйл хүсэхгүй. Бясалгал хийх тусам хүн өөрийгөө илүү анзаарч эхэлдэг. Бусдаас хамаарахаа болино гэсэн үг. Тэр хэрээр гаднаас хамаарсан зовлон багасна. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг байж л жинхэнэ аз жаргал ирнэ.

-Таны бясалгалын хи­чээлд суусан хэн ч бясалгалыг маш энгийнээр ойлгож, амьдралынхаа жи­рийн л нэг дадал болго­ход төвөггүй юм шиг санагд­сан. Бясалгалын курс хичээл­лүүлье гэж боддог уу?

-Би бясалгал заах дургүй. Өндөр түвшинд хүрч, хүнд заах хэмжээнд очсон гэж өөрийгөө үнэлдэггүй. Хүмүүсийн хүсэлтээр заадаг. Төрийн бус байгууллага маань хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийдэг юм. Бясалгалаас олсон орлогоороо тэр ажлаа санхүүжүүлэхийн тухайд гэдэг юм уу, хүнд үнэхээр хэрэгтэй гэдэг утгаар нь заадаг. Зорьж ирж байгаа хүмүүсийн хувьд үр дүн гарах магадлалтай учраас заадаг л даа. Алсдаа нийтэд зарлаад том хэмжээний бясалгалын курс явуулах бодол байхгүй. Зовлонгоо хуваалцаж, асуудлаа ярья гэж хүссэн хүнтэй бол ганцаарчлаад ч хамаагүй уулздаг.

Хэдэн цагаар ч хамаагүй сонсч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дуртай. Сэтгэл чинь яг эндээ очоод байна, үүнийгээ засахгүй бол ингэнэ гэх мэтээр зөвлөдөг. Энэ чиглэлээр ажиллавал үр дүнтэй юм болов уу гэж боддог. Хоригдлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон гэх мэт асуудалтай хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Ер нь лам хүн чинь сэтгэл зүйч. Одооны лам нар сэтгэл зүйчийн хэмжээнд ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Үүнээс болж бөө удган, үздэг хардаг гэх мэт олон хүн гарч ирж хүмүүсийг хуурч, хөрөнгө мөнгөөр нь хохироогоод байх шиг санагддаг. Уг нь сэтгэл дотор нь болж байгаа зүйлсийг сайн ойлгуулж зөвлөгөө өгчихөд л асуудал шийдэгдчихнэ.