Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай /Дурсамж тэмдэглэл./

3 weeks ago admin 0

Цоож үлээгээд онгойлгодог Чогжав лам гуай
Чогжав гуай гэж нэгэн сайхан лам Бурхан байлаа. 1970 онд шинээр Шашны Дээд Сургуульд элсэн орсон бидний залуу лам нарыг Гандантэгчэнлин хийдийн лам нарын “Арван” гэдэгт хуваасан юм. “Арван” гэдэг нь Чингэсийн үеэс улбаатай засаг захиргаа, иргэний байгуулалтын нэгж юм билээ. Энэ нэгж биднийг оюутан болохоос өмнө Гандан хийдэд байсан, одоо ч байсаар байгаа бөлгөө. “…Арваны даргаас чөлөөгүй еэ хө!” хэмээн ардын дуунд хүртэл гэгэлзүүлэн аялдаг нь учиртай.
Гандангийн “Арван” гэдэг нь 60-аад оноос хойш үүсч Монгол орон даяар эрч хүчээ аван ихийг бүтээсэн “Социалист Хөдөлмөрийн Бригад” гэдэг шиг. Өвгөн лам нарынхаа гэрийг хаварт нь хамтран хөнгөлөх, намарт нь дулаалах, түлээ модоо нийлэн хөрөөдөж хагалах, Гандангийн хашаан дахь хүрдийг угаах, хэрмэн хашаагаа тойрон хэв журмын эргүүл хийх, хогийг нь цэвэрлэх, хийдийн гадаа болон дотор тарьсан модыг арчилах, услах зэрэг ажлыг ээлжээр хийдэг байсандаа. Угтаа шинэ залуу лам нарыг туслах хүч болгон тэдгээр аравнуудад тэнцүүлэн хуваадаг байсан юм. Тэр үед Гандангийн лам нар арван нэгэн арванд хамаарагддаг байсан юм. Баасан, Чойжамц бид гурав “Долоодугаар арван” буюу “Шар Умзад” хэмээн нэрлэгддэг Шаравсамбуу гуайн арванд хувиарлагдан тэнд харьяалагддаг байлаа.
Арванууд миний дээр дурьдсан ажлуудыг хамтран хийхийн зэрэгцээ бие биедээ байх, байхгүй ном судрын дэмжлэг үзүүлж, ойр дотно байхын зэрэгцээ гишүүн хэн нэг нь жилдээ өөрийн бололцоогоор нэгэн өдрийн хоолыг гэртээ бэлтгэн тэднийгээ цуглуулан хөгшин залуугүй халуун дотно яриагаа ярьж, бие биеэ шоолон өвгөдийнхөө залуу цагийн адал явдалтай дурсамж яриаг сонсон хөгжилдөн өнгөрөөдөгсөн. Энэ нь Гандан даяараа их дуулиантай.-Тэдний аравныхан маргааш тэднийд хоолтой гэнэлээ. Манайх чинь хэзээ билээ дээ. Дондог зам, /тогооч/ хоолыг нь хийж байгаа гэнэ билээ. Баянхонгороос айраг нь ирсэн гэнэ билээ гэх зэргээр өвгөд хоорондоо сонин болгон хөөрөлдөх ярианы сэжим болох нь харахад сонсоход өхөөрдмөөр хөөрхөн байдаг байлаа. Тэд маань жаран наймаас дээш настнууд байсан юм.Тиймдээ ч тэр хоолон дээр аравны дарга, дараагийн хоол төдөн сард тэдний өдөр “Тэднийд” хэмээн зарлаж, бид дахин аравнаараа цуглах тэр өдрийг тэсэн ядан хүлээж-Тэр гуайн хоол хэдэнд билээ? хэмээн сураглацгааж байдагсан.
Чогжав гуай гэлэн сахилтай хүн. Өдрийн 1.00 цагт л хоолоо иднэ. Бусад цагт шүд хөдөлгөх юм идэх цээртэй. Гэлэн санваартай хүний “Суртахуун” зөвхөн хоолон дээр л гэхэд энэ буюу. Бусад 267 санваарыг нь энд дурьдаад илүүц биз. Үүнийг нь мэдсэн бид ном сураглах, биеийг нь асуух маягаар хааяа өдрийн хоолыг нь “Буудна”. Дандаа тэгж буудаад байгаагүй ээ. Хааяа зүгээр ороход Чогжав гуай хүүхэд шиг нэг их бондгосхийн давхийн цоцно. Даяанч багш маань нэг өдрийн хичээл дээр-Та нар Чогжав ламын хоолонд нь болж тэднийх рүү гүйгээд байнаа даа янз нь. Цаад гэлэн чинь бариа тавианы үед хэзээ баригдах бол гэж айсаар байгаад цочимхой өвчтэй болчихсон юм гэсэн шүү, чочоогоод зүрхийг нь зогсоочих вий, холоос чимээ өгч очиж байгаарай. Өвгөн хүний аймхай зүрх юухан байх вэ? Хоолонд нь болж яваад цаад өвгөнөө хоолноос нь гаргачихав даа таминь.. хэмээн сургаж билээ. Түүнээс хойш учрыг мэдсэн бид хэд дор бүрдээ хичээж холоос хоолойгоо засан чимээ өгөх, хоорондоо ярилцах зэргээр гэр лүү нь очиж яваагаа мэдүүлдэг болж билээ.
Яг хоолных нь цагаар яваад ороход Чогжав гуай зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан галаа оролдосхийгээд буруу зөрүү харан эвгүйхэн зантай угтана.-Учир мэдэхгүй юм. Хоол хийнэ гэдэг чинь амьтны мах хэрэглэнэ гэсэн үг. Би багаасаа хий өвчтэй, цагаан хоол зохидоггүй. Улаанбаатарт мах ямар байгаа билээ дээ. Хүнд хэдэн төгрөг өгч мах захина. Түүнийг хямгадаж идэх санаатай. Энэ чинь цаана нь бас л нөгөө амьтны амь байна. Та нар яахав, босон суун хэзээ л бол хэзээ идэж байдаг улсууд. Би чинь Бурханы өмнө тангарага өргөсөн гэлэн хүн. Өдөрт нэг л хооллоно. Хэцүү юм. Дамба багш, Батнасан, Баярбаатар бас чи…За Баасан ч яахав…салах юм биш…хувцасаа энд тайлдаг, сольдог нэртэй байнга байж идэж байдаг хүн…тэр тэгэхээс яахав…хоолны цагаар тааруулж ирээд байх нь төвөгтэй юм. Сургууль нээгдэхээс өмнө ямар ийм байсан биш…гэсэн шүү юм төвөгшөөнгүй ярина. Тэгэхэд нь-За Чогжав гуай минь, ямар таны гүнцгийг тааруулах гэж бодсон биш. Ойрхон явж байгаад л биеийг чинь асуугаад гаръя! гээд ороод ирлээ. Явлаа! Явлаа! Та тайван хоолло! гэхэд-Үгүй ээ! Чи зүгээр сууж бай. Би төвөгшөөсөн юм биш. Зүгээр л учрыг хэлж байна. Байж бай! Одоохон бууз боллоо. Хэдийг идээд яв. Ер нь тэгээд хүний хоолны учрыг мэдэж байх хэрэгтэй…л дээ гэсээр буузаа гаргана.
Тогооныхоо тагийг авч жижиг зэс тавагаар сайтар сэвнэ. Юм юм нь таарсан буузны үнэр өлссөн оюутан бидэнд мөн ч гоёсон. Тэгж буузаа сэвж байхад нь гал нь унтарна. Түлш нь тооцоотой. Түлш гэснээс биднээр модоо хагалуулахгүй. Өөрөө хагална. Харин биднээр модоо хөрөөдүүлнэ. Хөрөөдөх хэмжээ болгож нэг мод өгнө, тэр нь 28 см. Энэ нь зуухандаа таарсан хэмжээ. Энэ л хэмжээгээр бид арваад жил модыг нь хөрөөдсөн дөө. Хагалуулдаггүйн учир нь гэвэл бид томтой жижигтэй хагалаад хаячихна. Чогжав гуай өөрөө болохоор модоо ангилан хагална. Ангилах гэдэг нь хэрэгцээндээ тааруулан бүхэл мах чанах, цай чанах, хуушуур хийх, галаа асаахад гэх шиг хэрэгцээндээ бүдүүн нарийныг нь тааруулан хагалж багцлан хураана. Тийм болохоор чанах цай нь, ус, түүнийг сүлэх сүү, түүнийг болгох мод, түүнд зарцуулах цаг бүгд хэмжээтэй гэсэн үг. Биднийхээр бол яг л “автомат” удирдлагатай машин байлаа. Оёдолд бол ажилч “зөгий” байсандаа. Оёдол гэдэг маань угалзтай гөлөм, угалзтай гутал байсан юм.
Өвгөн лам буузаа болмогц сэвчихээд жижиг мөнгөн дэвгэнд гурван ширхэг бууз хийгээд бурхандаа өргөнө. Өөрийнхөө гэртээ барьдаг том модон тагшинд /хуралд барьдаг нь арай бага/ долоо найман бууз хийж аваад жигнүүрт үлдсэн буузаа хүрэн модон тавганд хийж, тогоо саваа цэгцлээд, хоолны өмнө уншдаг уншлагаа уншчихаад-За чи хүлээгээд сууж бай. Нэгэнтээ ороод ирсэнийх. Би цадахаараа чамд өгнөө. Өгөлгүй яахав. Чи сууж бай! гээд өөрөө идэж эхлэнэ.
Хоолыг үнэхээр чин сэтгэлээсээ дурлаж, биендээ халдааж, таашааж, амталж идэх гэдэг тэр л болов уу. Буузныхаа нарийн үзүүрийг эхлэн хазаж, шүүсийг нь шорхийтэл сорж их дуу гарган шогжигнуулан дахин дахин сорон амталж тамшаална. Тэгээд жижиг жижгээр таалан хоёр завжиндаа шилжүүлэн удаанаар зажлах бүрийдээ хэлээрээ уруулаа шилэмдэн аах хэмээн амьсгалаа гаргана. Энэ мэтээр нэг буузыг ёстой шимийг нь барж, идэж дуусгана.
Түүнийг харж суухад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, аманд хуримтлагдах шүлсээ залгиж бас идэх дурандаа бид дороо хавьчиж эхэлнэ дээ. Ийн болохоо байхаар нь-За Чогжав гуай би явлаа. Шүлсээ залгиж ингэж танаас горьдож сууснаас явсан минь дээр гээд босох гэхэд-Байз чи би одоохон цадах гэж байна. Байж бай! гэнэ. Тэгээд бас нэгэн буузыг тамшаалан байж идчихээд-За одоо өгнөө! гэсээр өөр нэг том модон тагшинд овоолон байж хийгээд-Аягагүй яваа биз дээ! Май одоо чи идээ! энийг гээд өгнө. Би тэрийг нь барахгүй.-Хүнийг горьдоож тамлаж байснаас эхлээд хоёулаа идчихгүй дээ, Чогжав гуай. Хар шүлсээ гоожуулж таныг харсаар байгаад хий цадчихжээ…гэхэд-Үгүй энэ чинь би өөрийгөө бодохгүй яах юм бэ? Юмыг яаж мэдэх билээ. Би чинь цадахгүй бол яах юм бэ? Та нар бол эндээс гараад л гэртээ, эсвэл гуанзанд ороод нэмээд идчихнэ шүү дээ. Би чинь гэлэн хүн. Учир нь үүнд л байгаа юм. За Баасанд бас хэдийг далд хийхээс! Хэзээ ч юм бэ? Идэхийн мөн болж, хэдэн хоног хоосон явсан юм шиг, намайг ч гэсэн залгичихаар өлссөн амьтан орж ирнэ гээд нилээд хэдэн бууз хийж зуухны хажууд тавиад дээрээс нь зузаан модон таваг хөмрөнө. Бүлээн байлгах гэж тэр.
Бид хоорондоо одоо ч ярьдаг юм.-Чогжав лам гуай шиг бууз, хуушуурын амтыг нь мэдэрч, дэргэдээ суугаа хүнд мэдүүлж, Бурханыг ч гэсэн горьдоож иддэг хүн байхгүй байхаа…гэж. Сайхан амталж идэх чинь бас нэгэн урлаг бөгөөд дэргэдэх хүнийхээ хоол идэхийн дуршилыг дэвэргэж чаддаг билээ. Гэм нь…тийм сайхан идэхийг нь хараад сууж байх мөн ч хэцүү дээ. Тэгээд бас цадтал нь шүү. Уншигч та цадтал гэхээр нэг их юм бодож байгаа байх. Чогжав гуайн бууз ерийн айлуудын дунд зэргийн л бууз. Том ч биш, жижиг ч биш. Бид гурав хазаад л болдог бууз. Өвгөн маань ямбалж ямбалж, тамшаалж тамшаалж ердөө дөрөвхөн бууз л иднэ шүү дээ. Бууз нь бас л хэмжээтэй. Гурил, мах, шөл нь… Ходоод нь ч бас…тиймэрхүү байсан байхдаа. Бага залуугаасаа хэмжээнд нь хэвшүүлчихсэн.
Хоолыг нь отохоор бус ёстой биеийг нь асуухаар нэгэн өдөр орсон чинь Бурханыхаа доод шургуулгыг уудлаж, уудлаж хүрэн даавуунд боодолтой томхон юм гаргаж ирээд-Май энийг үз аль хэр болж вэ? Би ганц дүүтэй юм. Мишигдорж гэдэг юм. Москвад амьдардаг. Энэ жил хугацаа нь дуусаад ирэх сурагтай. Ирэхээр нь өгөх юм. Сайн модон тагш олдохгүй болохоор нь Шаазангийн артелийн Дагвадоржид /хожим УГЗ болсон/ захиж байж шахмал аяга авахуулсан юм хэмээн том мөнгөн аяга үзүүлж байж билээ. Юм мэдэхгүй миний бие, мэдэхгүй ч гэсэн үзэж үзэж,-Ийм аяга эр хүн барьж явахад яахав. Сайхан аяга болжээ л гэж билээ. Үнэндээ хэн ч үзсэн сайхан аяга гэхээс өөргүй аяга байж билээ. Хожмоо би Мишигдорж гуайтай танилцсан ах ламынхаа өөрт нь зориулан хийлгэсэн мөнгөн аяга шиг сайхан хүн дээ. 1970-аад оноос хойших үеийн сэхээтнүүд Мишигдорж гуайг ер нь мэднэ дээ. “Үнэн” сонины орлогч эрхлэгч, Москва дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчийн албыг хашиж байсан. Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгчдийн нэгэн болой.
Нэгэн хаврын налгар өдөр манай аравныхан Чогжав гуайндаа цаг болзон цугларч ээлжит хамтын хөдөлмөр болох тэдний гэрийг хөнгөлөх ажлаа эхэллээ. Чогжав гуай уламжлал ёсоор-За би үүнийгээ аваад гарлаа. Тэгээд та нар өөрсдөө хийдэг ёсоороо л мэдээд хий. Болж л өгвөл байсан юмыг байр байранд л тавиарай. Хожим хайх гэж төвөг болдог юм…гэсээр эсгий олбогны тасархайгаар бүрсэн хүнд хар дөшөө аваад гарав. Чогжав гуай өөрөө уран хүн болохоороо уран хийцтэй сайхан Бурхан шүтээнтэй. Тэр нь Занабазар хутагтын хийц юм гэнэ билээ. Бурхандаа хоолны дээж тавина. Дүйцэн өдрүүдээр зул өргөнө. Ер нь гэр доторхи нь замбараагүй тийшээгээдээ. Гэр хөнгөлөх, дулаалахдаа бид л Бурхан тахилд нь гар хүрч, тоосыг нь арчиж өгдөг байсан болов уу гэмээр.
Чогжав гуай дааж ядан авч гарсан дөшөө эвтэйхэн гэсэн газраа тавьчихаад туслахаар ирсэн Гандангийн оёдолчин авгай нарт бүрээснийхээ муудсаныг яаж оёж, нөхөхийг зааж, заавардаж тэр хавиар эргэлдэнэ. Ерөнхийдөө гэрийг нь яаж хөнгөлөх, яаж дулаалахыг “аравны дарга” Шар унзад хэмээгдсэн Шаравсамбуу лам гуай удирдана даа. Үдийн цаг дөхүүлээд Чогжав гуай гэрийн бүрээс тавиад дуусмагц өөрийн хариуцсан хүн бүрийн нормтой хайлсан хуушуураа хийж эхлэнэ дээ. Сармис, сонгино, шар тос ханхлуулаад л, ээдээ мөн ч сайхандаа. Хуушуур хайрна гэдгийг манай Чогжав гуай л нэг нэртэй нь дүйлгүүлэн хийж сурсан хүн байлаа. Бидний хуушуур хайрна гэдэг маань үнэндээ том хавтгай буузыг тосонд чанахын нэр юмдаа. Хайрах гэдэг чинь хайрахыг л хэлдэг юм билээ. Чогжав гуай зузаан ширмэн тавагны ёроолыг сүүлээр арчиж тослоод хуушуураа хоёр талаар нь эргүүлж хайрахдаа эргүүлэх бүрийдээ сүүлээр тавгаа тослоно. Бид яадаг билээ дээ. Хуушуур нь хагарч шажигнан их тос нь үсчээд л сүртэй юм болдог шүү дээ. Үнэндээ хайрсан хойноо идэхэд сайхан болохоос бус бидний хувьд хуушуур хийхэд төвөгтэй хоол доо. Энэ бидний чадахгүйд л байгаа юм билээ. Манай Чогжав гуайн хувьд хийхэд шөлтэй хоолноос хялбар бөгөөд хийгээд идэхэд амттай бөгөөд чанартай учраас голдуу бууз, хуушуур зооглодог байсан буй заа.
Нэгэн удаагийн гэр дулаалах ажлаа эхлээд байтал Чогжав гуай-Хөөе! Tа нар гараарай! Гэсгүй гуайн өнөө сахилгагүй шар “дөшин” дээгүүр харайгаад алга боллоо. Олоод ирээрэй! Олж ирж ариулахгүй бол болохгүй! хэмээн сандрав. Дүрсгүй шар гэдэг нь хожмоо ШДС-ийн сантехникийн засварчин болсон, Гандан хийдийн их гэсгүй Төмөр-Очир гавжийн ганц эрх хүү билээ. Бид гарлаа. Дор бүрдээ дуудан хайлаа. Төмөрөөгийн бараа алга. Түүний ээж Цэнд бугай бидний дэргэд бүрээс нөхөөд сууж байгаа хэрэг. Тэгтэл өнөөх Төмөрөө Гандангийн аж ахуйн хашаа руу давахдаа цаашаа нэвт гарсан хадаасны үзүүрт гэдсээ хүүлээд түргэн дуудуулаад байна гэж хэл ирэх нь тэр.
Төмөрөөгийн ээж зүү утсаа хам хум тавиад цойлдож, нөхөх ажлаа орхиж явахдаа Чогжав гуайд-Таны дөшөн дээгүүр харайгаад гарсан юм бол тэр золиг гэдсээ хүүлэх нь юу ч биш л дээ. Та утлага, рашаан хайрлана уу? Эмнэлэг аваад явахаас нь өмнө тэрийг ариулья хэмээн байж билээ. Урьд нь гэрийн ажил болоход Чогжав гуай эхлээд дөшөө аваад гараад явчихдаг. Бурханаа бидэнд даатгачихдаг болохоор нь учир мэдэхгүй бид-Та ч “Бурхан” дөштэй хүн юмаа! хэмээн дооглоход-Бариа тавианы үед энэ Ганданг нээгдэхээс өмнө намайг хоолтой байлгасан юмаа. Энэ чинь …гээд инээдэг байсан. Төмөрөө гэдсээ хагалан сүйд майд болж байхад Чогжав гуай харин-Та нар намайг шоолоод л байдаг. Би Дархан хүн биш! Энэ дөшөөр хоол олж иддэг байсан гэж хэлдэг шүү дээ. Е р нь дархан хүний Дөшийг Бурхан шиг бодож яв. Бурхан яахав хол байх. Харин сайн дарханы Дөшийг ер нь хажууд нь байгаа, бараг Бурхан болчихсон эд гэж санаж явахад илүүдэхгүй. Хариугий нь та нар сая үзлээ шүү дээ. Гэхдээ би чинь дархан хүн биш тааруухан гэлэн шүү дээ. Энэ дөш бол хэдэн үеийн дарханы Дөш…гээд залган сайхан, хүүхдэрхүү бас доогтой инээж байж билээ. Чогжав гуай ер нь тэрүүхэндээ, чимээгүйхэн инээдэг хүн л дээ.
Цагаан сарын хурал номын ажил өнгөрөөд л Чогжав гуай хэдэнд ч юм бэ, бүү мэд угалзтай монгол гутал, угалзтай гөлөм хоёрыг зэрэг эхлэн эсгэж, шивж, оёж эхлэнэ. Нэг нь аяганы ширээн дээр, нэг нь орон дээр нь дэлгээтэй, угалзны хэв мод, олс, сарьс, сайр тэднийхээр хөглөрөх нь тэр. Хөглөрөөтэй байсаар намрын хяруутай золгоно. Тэр хугацаанд жаахан гэр нь оёдолын цех шиг. Аяга шанага Бурхан тахилтайгаа хамт холилдон байна даа. Ямагт зүү нь учигтайгаа, шивүүр нь дэргэд нь байна. Хурлын завсарлага, гэртээ ороод гарах, хоолоо хийж байх, хүнтэй ярилцаж байх зэрэгтээ өнөөхөө/гутал, гөлмөө/ хэд хатгана. Залгуулаад хэд шивнэ. Сууж хийхгүй, орхихгүй, орон гарав дөрөв, тав хатгаад л шивээд, оёод л явна. Нэг өдөр би-Чогжав гуай минь дээ! Ингэж өөрийгөө ядрааж зовоогоод, гэрээ хөглөрүүлж, тав тухаа алдаж ямар хэрэг байнаа. Нэг долоо хоног оёод л дуусгачихаач дээ ..гэсэн чинь-Үгүй ээ! Тэгдэггүй юм. Хүнд хийж өгсөнийх нэг насны юм хийж өгөх хэрэгтэй. Хийлгэх, хийлгүүлэхийн учир энд л байгаа юм. Чи сая өөрийгөө ядраагаад гэж байна. Яалаа гэж харин жаргааж байгаа юм. Хийж байгаа ажлаараа жаргах ёстой. Үүнд сэтгэл чухал. Сэтгэлгүй албадлагаар, мөнгөний төлөө хийсэн юм авсан хүндээ ч, хийсэн хүндээ ч хэрэг тусаа өгдөггүй юм. Гутал, гөлөм хоёрт түмэн оёдол байдаггүй юм. Орон гаран найм, ес хатгаад шивээд явахад цагийн тоогоор талийчихдаг юм. Суугаад оёход бусад ажил хоцорч, суудалдаа ядарч, нүд чилж, хуруу бяцарч цаашид оёхоос зүрхшээдэг юм. Ухаандаа зовлогоо зовоож байгаа хэрэг. Над шиг ингэж оёх нь алдаагаа ойрхон ойрхон арван хатгацын дараа, хоёр хуруу зайд шалгаад, засаад явчихдаг юм. Хийгээд дуусгачихсан хойно хийсэн битгий хэл, авсан хүн ч нийт угалзанд нь хууртаад нэгэн хатгацын алдааг олж хардаггүй юм.
Оёдолд нэг хатгацын алдаа гэдэг чинь уг эдийн чанарт яваандаа муугаар нөлөөлдөг юм. Бас ингэж бага багаар удаан оёж, алдаа гаргаагүй бол оёж байгаа хүн дараа дараачийн хатгацыг улам сайн хийхсэн гэж өөрөө урамшдаг юм. Би чинь сайн оёж байна шүү гэж өөртөө урам өгөх нь, зав л гарвал хэд хатгачихсан гэсэн ажилдаа яарах сэтгэлийг төрүүлдэг юм. Хийнэ, хийж байна, хийхсэн гэсэн сэтгэл нийлж байж сайн эд урладаг юм. Сайн эд хийлгэлээ дээ гэж сэтгэл ханасан хүн сайн харамж өгдөг нь хүний ёс. Өмнөговийн нэг өвгөн надад намрын хяруунаар ёстой төртэй хоёр хонины мах, шүдлэн үхрийн мах нэгийг авч ирж өгөөд миний оёсон гутал, гөлөм хоёрыг аваад буцдаг юм. Түүнийг ирэхэд л би сүүлчийн утсаа хатгаж, учгийг нь зангиддаг юм. Тэгэхээр би юундаа яарах билээ дээ.
Танай Дамба багш, ер нь манайд ирж миний гүнцэгнээс хороолцдог та нар чинь угтаа миний гурван улирал оёсон гөлөм, гутал хоёрын хөлсийг идэлцэж байгаа юм шүү дээ. Тэгээд би хоолоо элбэг хийдэгийн учир тэр юм шүү. Хүн ер нь олсоноо хувааж идэж байх юм шиг та нарт заадаг байсан байхаа. Хувааж идэхэд учир бий. Бүр их бий. Би гэлэн хүн. Идэлцэхэд ч, идүүлэхэд ч их учир бий. Богд лам “Бодь мөрийн зэрэгтээ” тодорхой заасан. Та нар одоо судлаж байгаа гэнэлээ. Би гэлэн хүн хэнтэй хувааж идэхээ сайн мэднэ. Үүнийг “Гэлэнгийн суртахуун” номонд заасан. Би гэлэн сахил хүртсэн цагаасаа эхлэн Богдын заасныг алдахгүйн төлөө чармайж явна даа хэмээж билээ.
Өвгөн лам нарын болон Гандан хийдийн олон түлхүүртэй нярав нарын эзэмшдэг цоож онгойхгүй буюу түлхүүрээ гээчихсэн, олохгүй болсон үед манай Чогжав гуайг сураглаж сүйд болцгооно. Чогжав гуай гутлынхаа түрүүнд нэгэн урт төмөр сэтгүүр үргэлж хийж явах бөгөөд цоож онгойлгодог багаж нь ердөө тэр. Үеийн өвгөн лам нар нь-Цаад Чогжав чинь ямар ч цоожийг үлээгээд онгойлгочихдог юм. Тэгдэг тариныг тоонд нь хүргээд тоолчихсон хүн. Сэтгээд онгойлгож байгаа дүрийг л үзүүлдэг байхгүй юу. Үлээчихдэг юмаа. Цоожны өргөс нь подхийгээд л үсэрчихдэг юм…хэмээлддэг. Нэгэн арван боловч тэр эрдмийг нь би үзээгүй ээ. Надад тийм завшаан тохиолдоогүй. Яагаад гэвэл цоож, сав хариуцдаг ажил хийж байсангүй. Хэрэв байсансан бол би Чогжав гуайгаа өдөр бүр залах байсан буйзаа.
Нэгэнтээ манай доод ангийг төгссөн хэдэн залуу ламд тохиолдсон явдлыг тохиолдох ч гэж тохиолдуулсан явдлын тухай, одоо Монголын уламжлалт эмнэлгийн нэртэй эмч болоод байгаа Сэнгэ-Очир лам Багануурын зочид буудалд надад ярьсан юм. Сэнгэ-Очир лам Баянхонгор нутгийн цуутай эмч лам бөгөөд Хайдав доктортой хамт эртний Монгол-Төвдийн орхигдон дарагдсан уламжлалт эмнэлгийг шинэ үед дахин сэргээсэн Доржжанцан гуайн гарын шавь бөлгөө. Түүний эрдмийг өвлөн авсан хүн тэр л болой. Тэр надад ийн ярьсан юм.
Лам нар ээлжээр Гандан хийдийн тахилыг сэргээж, сахиж хонодог нэгэн алба эртнээс уламжлалтай юм. Одоо ч үргэлжилсээр. Сэнгэ-Очирт ээлж ёсоор тэр алба нэгэн шөнө таарч гэнэ. Хоногийн лам шөнөдөө дугануудаа эргэж, зул жаргахыг харж, эрт жаргасан зулыг сэргээхийн зэрэгцээ хамгийн чухал ажил нь өглөө болдог бөлгөө.
Өглөө. Хийдийн дунд гадаа байдаг сангийн том бойпорт сан тавих бэлтгэлээ хийж, жасын зуухыг галлаж аргалын цог бэлтгэнэ. Бас Цорж лам, Унзад, гэсгүй нарыг морилон ирэхийг харуулдан тэднийг ороод ирмэгц нь хүндлэлийг үзүүлж, суудалдаа мориломогц нь “Жадамба” судрыг тэднээр уншуулахаар хэсэглэж багцлан өргөн барина. Уншмагц нь эргүүлж дарааллаар нь болгон шоголд нь хийнэ. Жасын энэхүү Жадамбыг 8-р Богд Жавзундамбын мэлмий муудахад засрал олгохын тулд 29 ширхэгийг тусгайлан барласан гэдэг. Мөн Жасад гол шүтээнүүд дунд голлуулан зассан Жигжид бурханы шуумал бас 29 ширхэг юм гэнэ билээ. Одоо бусад Бурхан, судар хоёр хэд нь хаана үлдсэн нь ёстой бүү мэд юм даа.
Ийм учраас Гандан хийдийн лам нар эдгээр шүтээнүүдийг эрхэмлэн үздэг юм. Ихэс лам нар “Жадамбаа” айлдаад буцааж өгч дуусмагц хоногийн лам гарч бэлтгэсэн сангаа тавина. Тэхэд бүрээний лам нар бүрээний шатны саравчинд өгсөн гарч ариун цагаан лавайг дөрвөн зүг, найман цогцост дуурсган үлээж өглөөний хурал ном эхлэх дуудлага болгоно. Хоногийн лам мөргөлчдөд түгээх рашааныг Очир-Дарийн дуганаас авч аривнуулан жасад оруулаад дараачийн хоногийн ламд жасын түлхүүрийг хүлээлгэж өгөөд “хоногийн албаа” хааж дуусах нь тэрээ.
Тэр нэгэн өглөө Сэнгэ-Очир лам энэ үүргээ гүйцэтгэж хоноод байтал тэдний ангийн лам Энхбат, бас хоёр залуу ламын хамт орж ирж өглөөний манжны дээжээс ууж байснаа/манжны дээж өглөө хоногийн ламд эхлэн ирдэг юм/Сэнгэ-Очирын бүсэнд тээглүүлээр нь дүүжилсэн жасын хаалганы мөнгөн чимэгтэй хоёр том түлхүүрийг хармагцаа-Хөөе! Сэнгээ…хурдлаач! Хэдүүлээ нэг юм үзье! Чогжав гуай түлхүүргүй цоожны өргөсийг үлээгээд онгойлгодог юм гэсэн. Хэдүүлээ үзье! Одоо очоод Чогжав гуайг аваад ирье. Чогжав лам их сандруу, сандраагаад аваад ирье! Хурдлаарай Чогжав гуай! Жасын түлхүүр олддоггүй. Цорж, гэсгүй нар ирэх болчихлоо гэж сандраагаад аваад ирье. Хаалгаа цоожилчих! гээд л өөрсдөө сандран тэднийх рүү гүйцгээж дээ.
Чогжав ламынх Орхоны 7-р гудамжинд дунд хирд нь байсан юм. Орхоны энэ гудамж Гандан хийдийн зүүн талын асартай хаалганаас гуравдахь гудамж юм. Тэд сүрийг үзүүлэн амьсгаадсаар Чогжав гуайнд гүйн очиж, хашааны хаалгыг нь хадаасаар онгойлгоод /Чогжав гуай өөрөө тэгж онгойлгодог юм/-Чогжав гуай гэж дуудалцсаар гэрт нь орсон чинь тэдний сүртэй чимээнээр нэг л хэрэг гарч гэдгийг мэдсэн өвгөн лам дээлээ өмсөөд зогсож байна гэнэ. Тэд-Хөөе! Чогжав гуай. Энэ Сэнгэ-Очир хоногт хоносон юм. Тэгсэн чинь жасын түлхүүрийг гээчихэж, одоо Цорж, гэсгүй нар ирэх, бүрээнд гарах цаг болчихлоо. Та л онгойлгож өг! гэсэн чинь Чогжав гуай-Түлхүүрийг нь гээчихсэн юм бол би ч яах юм бэ? тэрийг чинь гэж гэнэ. Нөгөө хэд та л онгойлгож өг! Хурдлаач! гээд л Энхбат бяртайгаар тэврэн мөрлөж, нөгөө нэг нь хаалга онгойлгож, нэг нь орхимжийг нь шүүрч аваад л жас руу гүйцгээж гэнэ. Чогжав гуай-Элэг доргиод, үхлээ хөөе! Өөрөө явья! хөөе! гэж дуугарч байна гэнэ. Тэд-Цаг боллоо. Болохоо байлаа. Чогжав гуай минь одоо хүрлээ гэсээр үүрээ дүүрээ болсон хөгшин залуу хөгийн лам нар амьсгаадсаар жасад ордог юм байж.
Чогжав гуай-Яачихсан улсууд байнаа. Хоёр түлхүүр хадгалаад хонож чадахгүй. Бас сандрааж байгаад өнөө муу сэтгүүр мартуулчихаж, би юугаараа онгойлгох болж байнаа. Жасын энэ цоож чинь Цолмон дарханы хийц, сэтгүүрээр гарахгүй эд ээ. Мөн ч сайн цоож доо. Өргөс нь гэж цул ган л даа гээд цоожийг илж байх юм гэнэ. Гэтэл ёстой Цорж ламын овоодой жасын цонхоор өнгөрч, хэдэн лам маань үнэндээ тэвдэж, нэг нь Цорж ламд хаалга нээж өгөхөөр гүйж, хоёр нь холдож, орхимжоо буулган хөшөө шиг зогсож, Цорж ламтан ч ороод ирж, Чогжав гуай ч мөнөөх мөнгөн тоногтой цоож руу нэг тонгойх шиг болоод л-Цорж та морилогтун! гээд жасын хаалгыг онгойлгон тэлж өгөхөд Цорж лам Осор гуай-Чогжав залуу лам нартай хоногт хонодог болоо юу? гээд инээвхилж дээ. Тэгээд л уламжлалт ажил өрнөж “Жадамбаа” Цорж, гэсгүй, унзад нарт тарааж, сан сунгаа тавин бүрээ юугаа татаж лам нар дуганыхаа үүдэнд “Мэгзэмээ” айлдаад хуралдаа морилж дээ.
Ингэж “хоногийн лам” Сэнгэ-Очир хамгийн чухал ээлжит ажлаа инээдтэй бөгөөд ёсоор нь хийж дуусгаад цоожныхоо өргөсийг эрээд олдоггүй гэнэ. Аргаа ядсан тэрбээр дуганд ороод Чогжав гуайн чихэнд шивэгнэн-Цоожны өргөс яасан бэ? Та…гэсэн чинь-Юун та гэж. Би яаж мэддэг юм бэ? Хоногийн лам чинь чи биз дээ? Та нараас болж Цоржоос айж, бас сандраад…зүрх…зүрх..явж үз. Тэр хавьцаа хайхгүй юу? Цоожны өргөс хаашаа гарах ёстой билээ гээд халгаасангүй гэнэ.Сэнгээ лам жасад эргэж ороод эрээд байж, тэгсэн чинь пийшин дээр хайлуулж хоносон шилтэй шар тоснуудаа авахаар орж ирсэн Тахилч лам Тогоохүү-Хөөх! Энэ юун цоожны өргөс вэ? түлээн дотор байх чинь. Ямар нь цоожныхоо өргөсийг энд хаядаг байнаа! гээд бариад зогсож байсан. Зуухны дэргэдэх түлээний дөрвөлж жасын хаалга хоёрын хооронд бараг дөрвөн метр газар даа. Хачин юм шүү. Чогжав гуайг цоож үлээгээд онгойлгодог гэдгийг бид тэгж үзсэндээ. Үнэн юм билээ. Нэг их сүр болж үлээдэг юм биш билээ, Чуука ахаа хэмээн ярьж билээ.
Ийм нэгэн өвгөн гэлэнгийн амьд сэрүүн ахуйд хэдэн жил гэрээр нь орж гаран бужигнаж, элдэв эрдмийг нь үзэж харж, хоолыг нь хороож явсан нь бидний бас тэдний буян юм болов уу. Өчүүхэн лам би бээр энэхүү өгүүллэгийг тэрлүүлсний учир нэгэн зул өргөсөн буян болох болтугай.
Гэвш лам Элдэжигэн овогт
Ш.Чулуунбаатар
Жич: Энэхүү дурсамж нь бурхан болооч ламтаны сүүлчийн гар бичмэл бөгөөд хаана ч хэвлэгдээгүй болно. Жанч халсан гэвш ламтаны гар бичмэлийг надад итгэн өгч блогтоо тавих бололцоо олгосон сайхан сэтгэлт сэтгүүлч Л.Эрдэнэмаад түмэнтээ талархаад ч барамгүй. Дээд тэнгэрийн оронд заларсан ламтан маань түүний энэ буянтай сайхан үйлсийг хараад магад баясан мишээж суугаа гэдэгт итгэнэм.
Энэтхэгийн Наландагийн Их Сургуульд Жагарын орны их эрдэмтэн Шантидэвагийн “Бодичарияа аватара” хэмээх гүн ухаан, яруу найргийн алдарт зохиолын есдүгээр бүлгийн философи сэтгэлгээний асуудлаар гүн ухааны докторын зэрэг хамгаалсан энэ эгэлгүй их эрдэм номтой хуврагийн гар бичмэлд үг үсэг, найруулгын ямар ч засвар хийсэнгүй ээ. Ядуу бичээч би яахин тэгж бөх зүрх гаргах билээ?
“Сэтгэлээ зөв төвлөрүүлж, оюун ухаанаараа гэгээрч, хорвоогийн бүх шуналаас ангижирч, үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ” гэж Бурхан багшийн сургаалд айлдсан байдаг. Тэгвэл ёстой жинхэнэ номтой лам байсан энэ хүний нэг хүүхэд нь Америкт, нөгөө нь Швейцарьт сурдаг юм гэсэн. Эцгийнхээ амьд сэрүүн ахуйдаа туурвисан сүүлчийн бүтээлийг олж үзвэл тэдний сэтгэл нь жаахан ч гэсэн амирлах болов уу хэмээн мунхаглан сууна.
Өчүүхэн би бээр унтах нойроо хугаслан байж энэхүү гэр бичмэлийг сийрүүлсний учир нь ламтаныхаа хойноос нэгэн зул өргөсөн буян болох болтугай. УМ МА НИ БАД МЭ ХУН.