Сармис + Архи = 100

8 months ago admin 0

Бараг гурван сарын өмнө нэг хүн ертөнцөөс халин одов. Хэстерс хэмээх энэ хүн дуучин, жүжигчин байж хүмүүсд алдар цуугаа мандуулахаас гадна, тэрхүү алдар цуугаа өөрөө амьд ахуйдаа хамгийн удаан тээсэн хүн болж таарав. ЗУУН НАЙМАН ЖИЛ! Над шиг юмыг удаан хийдэг, түргэн амжуулах чадваргүй нөхөрт бол хэрэгтэй л нас! Тэгээд бараг тав зургаан жилийн өмнө энэ хүнтэй зурагтаар ярилцлага хийж байхад сурвалжлагчийн асуусан асуулт санаанд гэнэт орж ирж байна: “Таны урт наслах нууц юунд байна вэ?” Тухайн үед би хариултыг нь нэг их тоогоогүй юм. Тэр үед нас залуу байсан болохоор надад нас байгаа юм чинь гэж бодоо биз… 😉

Өглөө болгон жижиг стаканд хийсэн архинд нэг хумс сармисыг нарийн хирчиж цонхны тавцан дээрээ таглаж тавиад орой оронд орохынхоо өмнө уугаад унтдаг юм.

 

Ингээд л зуу гаруй наслах нь байна шүү дээ. Үгүй мөн амар байгаа биз? Ийм амархан зуу наслана гэж ерөөсөө бодож явсангүй шүү! Тэгээд л жаахан гүүглдэж байгаад Авдай гуайн хуудсыг олов. Уншиж дуусаад бодогдож байнаа … “ер нь жаахан юм байх нь байна шүү энэ сармисанд” гэсэн бодол төрж эхлэв. Энэ хуудсан дээр тайлбарлаж бичсэн зааварнаас өдөр болгон уух тунгийнх нь хүснэгт зураг нь харин хяслантай юм шиг байдаггүй юм даа. Ганцаараа зуу наслаад бусдыгаа нэг ная хавьцаа гэж бодсон юм шиг,,, 🙂

Эцэстээ урт наслахдаа биш харин эд эрхтэнд сайн нөлөөтэй гэдэг шалтгаан нь шаналгасаар байгаад хийж үзэхээр боловоо хөөрхий. Энд нэг бондгор сармис ойролцоогоор зуу дөхсөн грам байдаг бөгөөд гурвыг багцлаад 99 центээр зардаг юм. Мөн ч хямдхан урт насалж байнаа хэхэ. Бүгдийг нь хальсалж байгаад сайтар няцлаад хоёр жижиг лонхонд тасалж архитай хийгээд арав хонуулахад ийм болдог юм байна.

Энийгээ марлаар шүүгээд архиныхаа шилэнд хийснээр шидэт ундаа бэлэн болов.

Тэгээд саяхан ирсэн зочиндоо хийснээ үзүүлж байтал өнөөх зочин маань амтыг нь үзье гээд байхаар нь хоёр хундаганы бараг ёроолоор нь шахуу арван грам хийвүү дээ, их л жаахан юм хийгээд хоёулаа татсан чинь архи лав биш байна лээ, гол дундуур халуун юм л урсаад орчихов. Дараа нь хацар чих улайгаад, гэдсэн дотор зуух өрдөж байгаа юм шиг л юм болов. Энийг өдөр болгон өнөөх өвөө шиг татаж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэр бүдүүвч зураггүйгээр тунгийг нь тааруулахгүй бол хатуу хурц эд байна, юу ч болж мэднэ, өнөөх Hulk шиг л ногоорчихно :). Харин тэр өвөөгийн технологийг өдөр болгон бэлдэж чадахгүй юм чинь гээд ахиад нэг шил архинд нэг бондгорын хумснуудыг хирчиж хийгээд харанхуй шүүгээнд таглав.

Арав хоногийн дараа няцалж хийсэн шил шиг ногоон биш ч гэлээ шингэн ногоон өнгө татсан юм болж байлаа. Оройдоо нэг рүнкээр татчихаад л унтаад байв. Даан ч ууж дуусах үед энд тэрлэх санаа төрсөн болохоор дуусаж байхдаа бэлдсэн дараагийн шилтэй бэлдмэлээ энд харуулсан бөгөөд арав хоног дуусахаар нь зургийг нь энд шинэчилж тавинаа.

Шинэчлэл: Арван хоногийн дараа

За даа тэгээд, нэг их урт наслах гээд ч шунаад байсан юм алга дөө, үнэнийг хэлэхэд. Ганц шил юмны бөглөө л мултлах гэсэн заль биз…