Хар домын судар /ардын эмчилгээ/

8 months ago admin 0

Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа.

Түүнчлэн өвчнийг анагаахдаа сэтгэл санааны хүчийг олонтаа ашиглаж байв. Үүнийг монгол оронд дом шившлэгийн засал бие даан хөгжсөний илрэл гэлтэй. Энэ бүхэн хэдэн зууны тэртээгээс заншил болсон юм. «Хар домын» сударт тэдгээрээс нэлээд тусгажээ.

Хүзүү хөшин хуяантваас гуа сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүгт гурван гурав ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад тэр эдийн зүгт сацал барьж өргүүлбээс сайн. Хулгана ярыг хулгана өдрийн хулгана цагт эхнэр хөнгөрсний муу юмыг булсан түүний дээрх шорооноос авч ярыг үрээд тагтааны баас хүхэр хоёроор шавбаас сайн.

Хамрын цус гаран эс зогсвоос агьтай буцалгасан цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.

Архины шар эс зохивоос хөх арвайг танчилж буцалгаад усыг ууваас тустай. Басхүү ямарваа арвайн ишийг үе үе буцалгаж уух болой.

Ер эдгэж ядсан шарханд зарааны үс, улаан, цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.

Гөгий гарсанд ямарваа малын халуун баас сайн. Шөнөд нойр эс хүрвээс хүний оройн үс, морины сүүж, хар тос гурваар хамрын баруун нүхийг утваас сайн гэх мэт.
Толгойн өвчинд хэрэглэж ирсэн засал

Толгой байн байн өвдхөд шүдлэн хонины толгойг битүүгээр нь хуйхалж хярваслаж гүзээнд нь бага зэрэг устай гэхдээ уг толгойн хамар, завьж, чих, нугасны нүхээр хийний эм, эсвэл саримсаг, ногоо, давс хийж амыг сайн боогоод, удаан цагаар усанд давхар чанаад гүзээн доторх шөлийг тухлан сууж уух ба мах, тархийг идвээс сайн. Үүнийг 4-7 удаа хэрэглэвээс магад эдгэж болно.

Тархи, толгойн гэмтэлтэй хүнийг тэгш дэвсгэр дээр завилуулж суулган толгой руу нь хүйтэн ус хийх ба бие уруу ус цутгах.
Ногоон үзмийг буцалгаж уулгаж идүүлбэл тустай гэдэг.
Толгойн хуурай, нойтон шархлаанд улаан үхрийн баасыг газар хүргэлгүй аваад галын нурманд түлж үнсийг шар тосонд зуураад түрхвээс эдгэж болзошгүй.
Толгой өвдөөд байвал таналзуурын /чамархай/ судсыг чанга, удаан дарвал намдана.
Том хүний хожгорт хэрээний үс, махыг шалз чанаж шавших, эсвэл далын тос, тарагны шар тос түрхэх сайн нөлөөтэй.
Толгойн зарим өвчинд гүргэмийг тангийн ёсоор уувал сайн.
Нүдний өвчний засал

Нэг нүд хараар өвдөхөд гурван настай ухны цөс авч, усанд хольж түрхэх зүгээр.
Мөн муурын цусыг муутгалгүйгэээр сүүдэрт хатаагаад сайн нунтаглаж нүдний цагаан ба мах ургаж бүрхсэнд хийхэд эдгэрэх тохиолдол бий.
Хараагүй нүдэнд сүүдэрт хатаасан сарьсан багваахайн махыг нүдэж бага бага хийвээс хэзээ нэг цагт хараа орж магадгүй.
Нүд хараар их өвдвөл янгирын цөсийг сайн хатаагаад усанд дэвтэээж зовхинд багахан түрхэх сайн.
Нүдний цагаан ба хараар өвдсөнд шилүүсний бөөр хатаагаад хусаж хийвээс сайн нөлөөтэй.
Нүдний цагаанд туулай ба чандаганы дөрвөн үүдэн шүдийг сайн цэвэрлэж ариутгаад төмөр улайтган түлж нягт хэлхээд нунтгийг нь чимхэж цагаанд нь оноож өдөр бүр бага багаар үргэлжлэн хийх ашигтай.
Нүдний цагаанд зээргэнэ өвсийг түүж нар, салхи үзүүлэлгүй хатаагаад түлж, үнсийг нь шүдлэн хонины уургаар зууран, хэсэглэн тавьж хатаагаад тавивал сайн. Хамрааар татваас нүд толгойн өвчинд сайн нөлөөтэй.
Хөх давсаар амаа зайлж нүдээ арчихад шүд бэхжиж, нүд харахад саруул болно.
Туулайн элэгний шүүсийг хүний сүүтэй хольж түрхвэл нүд бүрэлзэхэд тодруулдаг.Нүдний цагаан авахад хар шавагны идээ 3-7 г маш сайн нунтаглаж бага багаар гурван удаа хийж 10-15 минутын дараа хөвөнгөөр нүдээ сайн арчиж хийсэн зүйлээ ав. Үлдвэл муу, дараа нь цэвэр хүйтэн олон харвал эдгэх тохиолдол бий.

Ямааны халуун элэг сайн. Хэрэглэхдээ түүхийгээр нь нүдээ даруулж боох, хөхүүлэх нь зүйтэй.
Нүдэнд өт цацагдмагч урсгал усанд нүдээ харж угаах сайн.
Нүд чулуунд цохиулж гэмтэхэд хадны хагийг хүний сүүнд зуурч түрхвэл зүгээр.
Туулайн ястай нь хатаасан махны нунтгийг тахианы шөлөөр даруулж уухад нүдэнд сайн.
Алтан хараацай шувууны цөс дусаах сайн.
Нүдний хараа муудахад цагаан зээрийн цэнхэр оонын халуун цус уувал сайжирдаг.
Нүднээс нулимс байнга гарваас хар хонины уургийг хургалж байхад нь аваад хийвэл сайн.
Нүдний хөшсөн, аргасанд 3 настай ухны цөс авч усанд зуурч зовхинд шүршвээс сайн
Хараар харанхуй болсон нүдийг амьд могойгоор жигнэхэд хараа ордог. Харин могойгоо усанд амрааж байн байн жигнэдэг гэнэ.