Бээрэг хүмүүст зориулсан бяцхан бөгөөд ашигтай зөвлөмж

1 week ago admin 0


Гадаад болон дотоод олон шалтгаанаар олон хүний бие илч дулаанаа алдаж амархан даарч, бээрдэг болсон байдаг. Удаан хугацаагаар илчлэг, шим багатай хоол идэх, хүйтэн чийглэг газар удаанаар амьдрах гэх мэт шалтгаанаар биед хүйтэн хий, бадгана арвидасны улмаас бээрэг болдог гэж товчхондоо ойлгож болно.

-Чихэрлэг, амтлаг хүнснээс татгалзах хэрэгтэй. Чихэр нь хүний биеийг хөргөдөг. Цагаан гурил нь нүүрс ус буюу сахар ихтэй тул бас хөргөөх үйлчилгээтэй. Сахар ихээр агуулсан жимс жишээ нь гадил жимс, усан үзэм зэрэг нь бас их хөргөдөг. Түүний оронд алим нь дээр.

-Ногоон цай бас их сэрүүн чанартай. Ногоон цай нь бие цэвэршүүлж, цус шингэлэх гэх мэт олон сайн талтай боловч бээрэг хүмүүс өвөл сэрүүний улиралд татгалзах хэрэгтэй. Үнэхээр уух дуртай бол ногоон цайн дээрээ цагаан гаа, синамон зэрэг халуун чанартай ургамал нэмж уусан нь дээр. Германд голдуу харагддаг “Yogi Tea” гэдэг цай дотроо халуун чинжүү зэрэг маш олон хольцтой байдаг. Тэгэхээр өөрсдөө хүслээрээ жор зохиогоод ууж болно. Чацарганы сироп нэмж болно.

-Мөөг бас маш хүчтэй сэрүүн чанартай. Энэ нь биеийг бас л хөргөдөг гэсэн үг. Ямар сайндаа л халуун оронд ажлаар очсон Монгол хүмүүс хөлс нь асгараад болохоо байхаар нь нутгаасаа хурган цагаан мөөг авчруулаад хэдэн удаа мөөгтэй хар шөл хийж уусны дараа хэдий халууцсан нь ч гэсэн хөлрөхгүй болдог гэдэг нь дээрхийг л хэлээд байгаа юм.

-Цагаан будаа сэрүүдүүлдэг гэдгийг хүн бүр л мэднэ.

-Тос өөх хэт хорисноор бас амархан даарах боломжтой.

Одоо амархан даардаг хүмүүст бие дааж биеэ чийрэгжүүлж болох хэдэн арга хэлж өгье.

1.Халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох

Энэ нь хамгийн их үр дүнтэй аргад тооцогдоно. Үүний тулд эхлээд халуун устай шүршүүрээр эхэлдэг. Өөрийн ордог тийм халуун шүршүүрт 30 секунд ор. Дараа нь 15-20 секунд 15-20 хэм хүртэлх хүйтэнд ор. Дахиад 30 сек нөгөө халуундаа гэх мэтээр хэд хэдэн удаа сэлгэж ор. Хамгийн сүүлд хүйтнээр дуусгах нь чухал. Дуусаад хүйтэн усанд норгосон чийгтэй алчуураар биеэ халуу оргитол нь арчих хэрэгтэй. Энэ бас заавал байх ёстой елемент шүү. Ингэснээр бээрэг, хөл гар нь үргэлж хүйтэн байдаг улсуудын цусны эргэлт сайжирч тэгэж их даарахаа больдог. Анх удаа турших гэж байгаа бол эхний удаа өөртөө таарсан хэм сонговол дээр.

2.Дасгал хийх

Энд голдуу энергийн дасгал хийсэн нь үр дүн сайтай бдаг. Жишээ нь Чи гун (Qigong), Тай-чи зэрэг. Эдгээр дасгал нь биеийн энергийн сувгууд, меридиануудыг маш сайн нээж цэвэрлэдэг. Ингэснээрээ дасгал эхлээд хэдхэн минутын дараа хамаг бие дулаацдаг. Мэдээж ямар нэгэн багш эсвэл дамжаанд орж суралцах хэрэгтэй.

3.Амьсгалын дасгал

Амьсгалаа зөв удирдаж зохицуулснаар цусны эргэлтээ сайжруулж биеийн илчийг нэмэгдүүлж болдог. Бас л зөв амьсгал заадаг хүнээр заалгах хэрэгтэй болох нь.

4.Хөнгөн бясалгал

Хөл хүйтэн үед нойр хүрч унтана гэдэг худлаа. Тэгэхээр орондоо хэвтээд амьсгалах тоолондоо хүйснээс доош 4 хуруу зайд байрлах кундалини буюу энергийн төвд бага багаар халуун илч үүсэж байна хэмээн төсөөлж бодно. Амьсгалах тусам улам халуун, улам том бөмбөлөг хэлбэртэй энерги хуримтлагдаж байна гэж төсөөл. Анхаарлаа сайн төвлөрүүлбэл үнэхээр л үүсдэг. Учир нь яг тэнд чинь тийм төв байдаг юм шүү. Тэр бөмбөлөг энергиэсээ аажуухан хоёр хөл рүү чинь халуун бүлээн илч урсгаж хөлний ул чинь бүлээхэн болж эхэллээ гэж дүрслэн бод. Удалгүй үнэхээр бүлээснэ. Сайн болохгүй байвал хөлний улнаас чинь халуун зуух юмуу нар ээж байна гэж хүч нэмэгдүүлээд бодоорой, бас л нөлөө өгдөг.

5.Хүнсээр тэтгэж шимжүүлэх

Тос тослог бүтээгдэхүүн биед илч үүсгэдэг. Цагаан хоолтнууд сезам буюу гүнжидийн тос тогтмол хэрэглэх хэрэгтэй. Бас хушга гэх мэт тослог ихтэй самар бага багаар тогтмол ид. Чацарганы тос, цагаан гаа, цагаан чинжүү зэргийг тогтмол хэрэглэ.

Махан хүнстэнгүүд илчлэг ихтэй хүнсний сонголт арвинтай. Гол нь мах иддэг, иддэггүй аль аль нь ходоод гэдэс сайтай байх нь чухал. Хичнээн сайн сайхан юм идээд нөгөөдөх нь шингээж дийлэхгүй бол ямар олиг байхав. Цагаан гурилны оронд бор, ширхэгтэй гурил, арвайн гурил, дандаа цагаан будааны оронд сага будаа, шар будаа, хөц, хар будаа олдвол бас сайн байдаг. Ер нь хар өнгөтэй буурцаг, үрийн төрөл нь бөөрний илчийг нэмдэг. Хар сезам гэх мэт

Сүүлд нэмж хэлэх зүйл бол монгол эм тан барьдаг сайн уламжлалтын эмч дээр очиж бие шимжүүлэх, илч үүсгэж хүйтнийг дарах эм тан авч уу гэж хэлэх байна даа. Мөн “Түвдийн таван дасгал” их сайн шүү. Эрүүл энхийг хүсье.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах