эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг эдгээр эмнээс хол яваарай эрчүүд ээ

5 months ago admin 0

Ж.Амарсанаа: “Ибупрофен”, “Нурофен” эмүүд эрчүүдийг үргүйдэлд хүргэдгийг судалгаагаар нотолчихлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.
-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ-
-Өвчин намдаагч “Ибупрофен” болон “Нурофен” эмүүд эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэсэн судалгаа гарсан талаар та мэдээлж, Эрүүл мэндийн сайдыг анхааралдаа аваач гэж ханджээ. Энэ судалгааны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-АНУ-ын Шинжлэх ухааны академийн “PNAS” сэтгүүл гэж бий. Анагаах ухааны салбарт бас нэр хүндтэй, нотолгоо сайтай сэтгүүл. Тэр сэтгүүлд саяхан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Ибупрофен” болон “Нурофен” эмэнд судалгаа хийсэн талаараа бичсэн байна. Яагаад судалгаа хийх шаардлага гарсан бэ гэхээр сүүлийн үед ялангуяа барууны орнуудад эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар муудах, үргүйдэл ихсэх хандлагатай болжээ. Сүүлийн үед дэлхий дахинд янз бүрийн өвчин намдаагчийг эрэгтэйчүүдийн үргүйдэлтэй холбож, жаахан сэжиг аваад байсан ч үүнийг нотолсон, эм эмээр нь нарийн судалсан судалгаа гараагүй байсан юм. Европын Денмаркын эрдэмтэд “Ибупрофен”, “Нурофен” эмүүдэд лабораторийн түвшинд, эсийн үржвэр дээр судалгаа хийсэн байна. Ингэхэд эр бэлгийн эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон, ялангуяа шар биеийн гормонд өөрчлөлтүүд орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь яваандаа эр бэлгийн эсийг идэвхигүйжүүлэх, үргүйдэл үүсгэх үндсэн гол шалтгаан болж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
-Манай улсад энэ хоёр эмийн хэрэглээ замбараагүй. Жоргүй олгодог шүү дээ?
-Тийм учраас “Ибупрофен” хэрэглэж байгаа улс орнууд, ялангуяа манайх шиг энэ эмийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, анхааруулж сэрэмжлүүлээгүй улс орнууд одоо үүнд нэлээд нухацтай хандах хэрэгтэй болж байна. Урд нь үргүйдэлд нөлөөтэй гэх нотолгоотой судалгаа гараагүй байсан учраас ямар ч эмх замбараагүй хэрэглэж байсан. Одоо нэлээд чанартай нотолгоо гарч ирсэн учраас анхаарлаа хандуулж, хэрхэн хэрэглэхийг шийдэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэглэх заалтыг нь өөрчлөх ч юм уу. Тухайн улс орон аливаа эмийг өөрсдөө яаж хэрэглэх вэ гэдэг асуудлыг дотооддоо шийдэх бүрэн эрхтэй. Тиймээс манай Эрүүл мэндийн яам үүнд анхаарч, энэ эмийг хэрхэн хэрэглэх талаар бодлого гаргахгүй бол одоо өмнөх шигээ хэн дуртай нь замбараагүй хэрэглэдэг байдал байсаар байвал аюултай юм байна гэж дүгнээд байна. Тиймээс салбарын сайд Д.Сарангэрэлд хандаж фэйсбүүк хуудсаараа энэ талаар пост оруулсан.