Шингэн саванг их хэрэглэвэл эмэгтэйчүүдийн өвчлөлд хүргэдэг

5 months ago admin 0

Үрэвсэлт өвчнийг үүсгэгчээр нь энгийн болон бэлгийн замаар халдварладаг гэж хоёр хувааж үзэж болно. Үүсгэгчийн хувьд янз бүр байна. Энгийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч нь коккын төрлийн микробууд, вирүсийн төрлийн үүсгэгчид байдаг. Бэлгийн замын үрэвсэлт өвчинд заг хүйтэн, трихоминиаз, хламид болон вирусийн гаралтай үрэвсэлт өвчин орно.

-Үрэвсэлт өвчний үед ямар зовиур илрэх вэ?
-Сүүлийн үед үрэвсэлт өвчин ихэссэн. Бэлгийн замын халдвараас үүдсэн үрэвсэлт өвчний үед гол зовиур нь загатнах, хорсох, доошоо идээтэй, үнэртэй ялгадас гарах байдлаар илэрнэ. Гэхдээ өвчин бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдгээр илэрдэг. Үрэвсэлт өвчин хүндрээд ирэхээр халуурах, хэвлийн доод хэсгээр болон гуя дагаж өвдөх зэрэг хавсарсан шинж тэмдгээр илэрнэ.

-Сүүлийн үед эмэгтэйчүүдэд ямар өвчин элбэг тохиолдож байна?
-Доороосоо даарснаас болоод эмэгтэйчүүдэд өндгөвчний болон үтрээний үрэвсэл элбэгшсэн. Мөн үтрээний бохирдол их байгаа.

-Өндгөвч болон үтрээний үрэвсэлтэй болсноо яаж мэдэх вэ?
-Эмэгтэйчүүдээс мазокийн шинжилгээ авна. Киста болон өндгөвчний үрэвсэл нь ЭХО-д харуулж байж оношлогддог. Мөн хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх, биеийн юм үргэлжилж ирэх зовиур илэрнэ.

-Эмэгтэйчүүдийн дунд өндгөвчний үрэвсэл их байна гэсэн. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
-Төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслийг архагшуулснаас халдвар үүснэ. Энэ нь үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой руу, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг.

-Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байна гэсээр хүмүүс өвчнөө хожуу оношлуулдаг. Өндгөвчний үрэвслийг даамжруулбал ямар үр дагавартай вэ?
-Өндгөвчний үрэвсэл удаан эмчлэгдэхгүй байвал киста руу шилждэг. Энэ үед архаг удаан явцтай, эмчлэгдэхэд бэрх болно гэсэн үг. Тиймээс заавал мэс заслаар эмчлэгдэнэ. Үргүйдэл үүнээс бий болдог.

-Мөн үтрээний бохирдол ихээр илрэх болсон гэсэн?
-Үтрээний бохирдол сүүлийн үед шинжилгээ өгч байгаа эмэгтэйчүүд бүрт байна. Ихэвчлэн IV зэрэгтэй болсон байдаг. Энэ нь даарах, буруу хооллолт, ядаргаатай холбоотой л доо. Хяналтад орж байгаа жирэмсэн эмэгтэй үтрээний бохирдолтой байх жишээтэй. Мөн бэлгийн замын халдварт өвчин их байна.

-Жирэмсэн эмэгтэй үтрээний үрэвсэлт өвчнөөр өвчилсөн тохиолдолд яаж эмчлэх вэ?
-Энэ тохиолдолд жирэмсэлтэд хоргүй эмээр л эмчилнэ. Жирэмсний эхний саруудад болгоомжтой хандах хэрэгтэй. Жирэмсний зургаан сараас дээш бол эмчийн хяналтад эм хэрэглэнэ. Ер нь жирэмсэн эмэгтэйч үүдийг бэлдмэл, антибиотик, эм хэрэглэхийг хориглодог. Эм хэрэглэснээс болж урагт гажиг үүсч, эх, урагт ямар нэгэн хүндрэл гарч болно.

-Ерөндөг тавиулаад үрэвсэлтэй болчихлоо гэх хүмүүс байдаг?
-Ерөндөг тавиулснаас болж үрэвсэл үүснэ гэж байхгүй. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаад олон жил хэрэглэгдэж байгаа жирэмснээс хамгаалах сайн чанарын хамгаалалтын хэрэгсэл. Үтрээний үрэвсэлтэй байж байгаад ерөндөгөөр дамжиж үрэвссэн тохиолдол байж болно. Түүнээс ерөндөгтэй хүн бүхэн үрэвсэхгүй. Эмчид үзүүлээд таарч тохирсон ерөндөгөө тавиулах хэрэгтэй. Үр хөндүүлээд явж байснаас хамаагүй дээр биз дээ.

-Бэлгийн замын ямар өвчин их илэрч байна вэ?
-Заг хүйтэн, Трихоманиаз. Хамгийн гол нь нөхөр, найз залуугаа бас эмчлүүлэх хэрэгтэй

-Сүүлийн үед умайн хүзүүний шархлаа элбэгшсэн гэх юм?
-Умайн хүзүүний шархлаа нь үрэвсэлт өвчинд орно. Гэхдээ төрөлхийн улайлттай умайн хүзүүний хүмүүс байдаг л юм. Үтрээний шүүрэл ихтэй гэх мэт хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад умайн хүзүүний шархлаа зарим хүнд үүснэ, зарим хүнд үүсэхгүй. Гэхдээ олон удаа үр хөндүүлсэн, цагаан юм их гардаг, төрөлттэй холбоотойгоор умайн хүзүүний шархлаа үүснэ. Мөн бэлгийн олон хавьтагчтай хүмүүст илүү их тохиолдоно.

-Үрэвсэлт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөхөөр очихдоо юуг анхаарах вэ?
-Антибиотик болон лаа хэрэглэсний дараа шинжилгээ өгвөл хариу нь буруу гарна. Тиймээс шинжилгээ өгөхөөс доод тал нь 5-7 хоног үтрээндээ элдэв эм, лаа хийгээгүй байх шаардлагатай.

-Шингэн савангаас болж эмэгтэйчүүд мөөгөнцөртөж байна гэж их ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Шингэн саван хэрэглэх нь зүйтэй. Гадна бэлэг эрхтэндээ долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэхэд зүгээр. Хувь хүнд тухайн шингэн саван зохихгүй бол харшил өгч болно. Зарим эмэгтэй дотогшоо хэтэрхий угаагаад байдаг. Тэгвэл бас муу. Ер нь угаалгын шингэн гэдэг тодорхой хэмжээний шалгуурт ороод зохицно гээд гарчихсан байна. Манайхан ер нь их туйлшрамтгай. Бие биенээсээ сонссон аль нэгэн муу юмыг сенсаац болгож ярьдаг.

-Бэлгийн хавьталд ороогүй бага насны охид үрэвсэлт өвчтэй байх тохиолдол гарах уу?
-Байдаг. Ахуйн нөхцлөөр халдварлаж болно. Бохир гараар, эцэг эхийн өвөрт унтаж бохирдсоноос халд варладаг. Гэхдээ харьцангуй цөөн тохиолдол ажиглагддаг. Охидуудад багаас нь антибиотик аль болох бага хэрэглүүлж, бэлгийн ариун цэврийг сайтар сахиулж сургах хэрэгтэй.

-Сарын тэмдэг нь өвдөж ирдэг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь үрэвсэлт өвчинтэй холбоотой юу?
-Сарын тэмдэг ирэх үед өвдөх удамшлын гарал байдаг. Зарим нь умайн байрлалаас байж болно. Мөн сарын тэмдгийн үед умайн салстанд өөрчлөлт гарснаас өвдөлт үүсч болно. Үрэвсэлт өвчнөөс болж өвдөлт өгөх талтай ч маш ховор тохиолдол. Үрэвсэлт өвчнөөс үүдсэн байлаа гэхэд сарын тэмдгийн үед биш сарын тэмдгийн дараа өвдөлт өгдөг.