Ичимдэг эрхтэндээ хүргэж болохгүй зүйлс

6 months ago admin 0

Эмэгтэй хүмүүс эрүүл саруул үр удмаа үлдээж, ирээдүйнхээ түүхийг бичилцэхэд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс өөрийн ичимдэг эрхтний эрүүл мэнд, аюулгүй байдалд нь санаа тавьж зарим зүйлсээс татгалзах хэрэгтэй болдог аж. Багахан тоомжиргүй байдлаасаа болж үтрээний асуудалтай болохгүйн тулд та юун түрүүнд ариун цэвэр сахих хэрэгтэй шүү. Ингээд эмэгтэйчүүддээ үтрээгээ цэвэр, эрүүл байлгахын тулд хийж болдоггүй зүйлсийн тухай мэдээллийг хүргэе.

Ичимдэг эрхтэндээ хүргэж болохгүй зүйлс
Уламжлалт эмчилгээний аргууд

Бидний үтрээн дотор ашигтай бактеруудын нарийн тэнцвэртэй байдал хадгалагдаж байдаг. Хэрэв та найзынхаа зөвлөсөн эсвэл интернэтээс уншсан зүйлээ туршиж гэрийн аргаар бэлтгэсэн ямар нэг тос, эмчилгээний арга турших гэж байгаа бол, энэ талаараа мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Эс бөгөөс таны үтрээн доторх тэнцвэр алдагдаж, гадна халдвар орон, үрэвсэл үүсэх магадлалтай.

Уламжлалт эмчилгээний аргууд
Хэт бариу хувцас

Хэт бариу жинсэн өмд нь бидний үтрээний амьсгалах боломжийг нь хаадаг. Хэрэв та стиллэг бөгөөд илүү чөлөөтэй харагдахыг хүсвэл даавуун өмд сонгоорой. Мөн сүүлийн үед загварлагт тооцогдож байгаа томовтор, сул загвартай жинснээс сонгож болно.

Хурц үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй

Үтрээ маш эмзэг. Ямар нэг үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэбэл pH-ийн түвшин нь алдагдаж загатнах, эвгүй үнэр гарах зэрэг таагүй мэдрэмж төрж болзошгүй. Тиймээс элдэв үнэртэй биш, байгалийн гаралтай тос, зориулалтын саван хэрэглэж байгаарай.

Маажиж болохгүй

Эмэгтэйчүүдийн үтрээ зарим үед ямар ч шалтгаангүй загатнадаг. Ийм үед яавч бохир гараараа маажиж болохгүй. Хүний хурууны үзүүр, гарт маш их нян хуралдсан байдаг учир маш хурдан халдвар авч болзошгүй. Тиймээс гадуур явж байгаа бол нойтон салфеткаар арчаад, өдөр тутмын хэрэглэл наах, харин гэртээ байгаа бол зориулалтын савангаар эсвэл бүлээн усаар зөөлөн угаагаад тос түрхэж, дотуур хувцсаа солиорой.

Үтрээндээ ээмэг зүүх

Ичимдэг эрхтнээ цоолсноор, сексийн үед илүү мэдрэг болж хүчтэй таашаал авдаг гэж ярьдаг. Хэдий тийм байсан ч секс болон аман сексийн үед таны үтрээ гэмтэх магадлал маш өндөр байдаг тул та ийм ээмэг зүүхээс татгалзах хэрэгтэй. Мөн хэрэв туршлагагүй хүнээр хийлгэсэн бол бактерийн халдвар авах, алхахад тааламжгүй мэдрэмж төрж хөндүүрлэх зэрэг олон сөрөг үр дагавартай.

Үтрээний бусад чимэглэлүүд

Сүүлийн үед дэлгэрч байгаа гаж трэндүүдийн нэг нь эмзэг эрхтнийхээ үсийг будах болон, шигтгээ наах зэрэг билээ. Будагны хорноос үүдэн элдэв тууралт, харшил гарч болзошгүй учир үүнийг үтрээндээ яав ч туршиж болохгүй.

Шүршүүрт орох үедээ …

Үтрээндээ дотуур угаалгыг хийх хэрэггүй. Учир нь доторхи ашигтай бактерийн тэнцвэр алдагдаж, хүсээгүй олон шинж тэмдэг илэрдэг. Иймээс зөвхөн гадна хэсгийг ямар нэг үнэргүй, бактерийн эсрэг савангаар угааж, бүлээн усаар зайлахад л хангалттай.

Мэргэжлийн бус газар ваксдуулах

Вакс хийлгэх үед биеийн нүх нээгдэж, бага зэрэг цус гардаг учир халдвар авах магадлал маш өндөр байдаг. Тиймээс мэргэжлийн салонд тусгайлан цаг авч ийм төрлийн үйлчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн татуургаар хусах нь үсний ургалтыг дотогшоо болгох аюултай.

Дотуур хувцсаа өдөр бүр солих

Эмэгтэй хүний үтрээнээс өдөр бүр бага зэрэг шингэн ялгарч байдаг. Мөн бие зассаны дараа арчих боломжгүйгээс дотуур хувцас бохирдон бактери үржих нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс болж өгвөл өглөө бүр дотуур хувцсаа сольж хэвшээрэй. Мөн угаасан дотуур хувцсаа индүүдвэл дээр нь наалдсан бактериуд үхдэг.

Үтрээ орчимд гарсан батгыг шахаж болохгүй

Хүн цавь орчмоороо хөлөрдөг тул энэ хавийн батгыг шахалгүй угааж цэвэрлэсний дараа тусгай тосон түрхлэг түрхээд унтаарай. Учир нь шахаж, нээгдсэн арьсан дээр хөлс орж бохирдуулан маш хурдан халдвар авч ахин үрэвсдэг. Хэрэв гүн идээтэй, хэвийн биш тууралт ихээр гарвал мэргэжлийн эмчид хандаарай.

Үнэртэн хэрэглэж болохгүй

Үтрээнээс зарим үед эвгүй үнэр гардаг. Бүсгүйчүүд үүнээс болж эсвэл зүгээр л сайхан үнэртэхийн тулд эмзэг эрхтэн рүүгээ шууд эсвэл дотуур хувцсандаа үнэртэй ус цацдаг. Энэ нь улайлт үүсгэж, хуурайшуулан, загатнуулах зэрэг таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс үнэртэй усаа зөвхөн биеийн дээд хэсэг болон гадуур хувцсандаа түрхэх хэрэгтэй.

Өөрийгөө оношлох

Хэрэв доод хэсгээр ямар нэг хэвийн бус шинж илэрч эхэлбэл эмэгтэйчүүд өвчин намдаах лаа эсвэл эмийг дур мэдэн авч уудаг. Ийм тохиолдолд өөрийгөө оношилж, элдэв эм уулгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Энэ нь өндгөвч, умайн хүзүү гээд таны бусад эрхтэнтэй холбоотой илүү ноцтой зүйл байж болзошгүй шүү.

Нойтон үлдээх

Хэт халуун усанд орсны дараа үтрээ хуурайшиж таагүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс бүлээн усанд орох хэрэгтэй. Усанд орсныхоо дараа нойтон дотуур хувцас өмсөх болон тэр хэсгээ арчилгүй нойтон гадуур гарснаар, орчны бохирдлыг өөртөө татаж, мөөгөнцрийн халдвар үүсэхэд нөлөөлдөг.

Секс тоглоомоо ариутгах

Секс тоглоомоо хэрэглэхээсээ өмнө заавал ариутгаарай. Таны шүүгэндээ эсвэл орон доороо хийж хадгалсан тоглоом дээр олон төрлийн бактер наалдаж, бохирдуулсан байдаг. Үүнийг үтрээндээ хийвэл ямар нэг өвчин тусах аюултай байдаг. Мөн үүнийгээ хэзээ ч хэн нэгэнтэй хуваалцаж болохгүй. Ингэхдээ спиртийн хэт өндөр найрлагатай уусмалаар арчиж болохгүйг анхаараарай!

Өдөр тутмын хэрэглэлийг тогтмол хэрэглэж болохгүй

Үтрээнээс ялгардаг шингэнээс зайлсхийх гэж эмэгтэйчүүд өдөр тутмын хэрэглэлийг байнга хэрэглэх нь агааргүй, халуун, чийгтэй бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Иймээс үүнийг зөвхөн сарын тэмдэг ирсний дараа хэрэглэх нь зүйтэй.

Вазелин түрхэж болохгүй

Сексийн үед бэлэг эрхтнийг чийглэх зорилготой тусгай түрхлэг байхгүй үед вазелинаар орлуулж болохгүй. Вазелин нь петролиум агуулдаг учир үтрээний pH балансын түвшинг алдагдуулдаг.

Уураар утах

Сүүлийн үед сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгах үүднээс эмийн ургамлын ууран эмчилгээг спа, салонууд санал болгох болсон. Магадгүй үүний дараа өвдөлт багасаж болох ч удаан хугацаагаар суух эсвэл хэт халуун ууранд сууснаар таны эмзэг хэсгийн арьс түлэгдэж, улайн, гэмтвэл харлах эрсдэлтэй.

Эмзэг эрхтнээ зөв арчих

Үтрээгээ хойноос нь урагш арчих нь шулуун гэдэсний бохирыг урагш нь бэлэг эрхтэн рүү авч ирэн элдэв өвчин тусах шалтгаан болдог. Тиймээс бие зассаныхаа дараа урдаас нь арагш чиглэлтэй арчиж хэвшээрэй. Мөн нойтон салфеткаар арчвал халдвар авах нь амархан байдаг учир, нойлын цаас хэрэглээрэй. .

Сарын тэмдгийн өвдөлтийг намдаахдаа…

Энэ үед хүчтэй өвдөлт өгч, бие маш таагүй өдрүүдийг өнгөрүүлдэг. Өвчнөө дарах гэж ямар нэгэн эм эсвэл үтрээндээ бэлдмэл хийх нь маш олон сөрөг үр дагавартай. Тиймээс энгийн үеүүдэд витаминаар баялаг хоол хэрэглэж, нэмэлт амин дэм хэрэглэн, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж дадвал өвдөлт багасдаг. Харин сарын тэмдгийн үеэр дааралгүй байж, шөлтэй хоол идэж, сайн амарвал эмгүйгээр өвдөлтөө намдааж болдог.

Сексийн өмнө биш дараа шээх

Сексийн яг өмнө шээх нь шээсний замын халдварт өвчин үүсгэх өндөр магадлалтай. Мөн хуурай таагүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс аль болох бие зассанаас 30 минутын дараа, эсвэл сексийн дараа шээж хэвшээрэй.

Дотуур хувцастайгаа унтах

Шөнө унтах үед цавины орчим халуун бага зэрэг чийглэг байдаг учир бактер үржих таатай нөхцөл бүрддэг. Тиймээс унтахынхаа өмнө дотуур хувцсаа солих эсвэл дотуур хувцасгүй унтах нь эмзэг эрхтэнээ амьсгалуулахад тустай. Мөн аль болох нийлэг материалтай хувцас өмсөхөөс татгалзаарай!