Улсын начин Ганжад:Өсөхөө аварга баяр хүргээд үнсэхэд сэтгэл уужирсан

10 months ago admin 0

-Юуны өмнө таны төрж өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье. Та хэдэн онд хаана төрсөн бэ?

-Хүн өсөж, төрсөн нутгаа дээдэлж, зон олноороо бахархаж явах сайхан. Би 1987 онд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай аав, ээж хоёр маань Завханы хүмүүс л дээ. Ааваараа бол Завханых л гэнэ. Гэхдээ анх Сүмбэр нутгаараа харьяалагдаж, зарлуулж гарч ирсэн болохоор энэ сайхан нутгаараа цоллуулж явахыг хүсдэг ээ.

-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багын л барилдаж ноцолддог байсан болов уу?

-Мэдээж хэрэг эрэгтэй хүүхэд болж төрснийх үеийнхэнтэйгээ, ах нартайгаа барилдаж, ноцолдож өссөн. Эмээ маань л намайг хүн болгож, өсгөсөн дөө. Учир нь манайх сумын төвд. Харин эмээгийнх маань хөдөө. Тийм болохоор байнга л эмээгийнд байдаг байлаа. Зун болгон эмээгийндээ сургуулийнхаа амралтаар очиж, бусад хүүхдүүдийн адил морь унаж, хонь хариулдаг л байсан.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Миний аав, ээж хоёр маань таван сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн буянтай хүмүүс ээ. Би дээрээ эрдэнэ мэт ганц эгчтэй хүн. Харин доороо хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй.

-Танай гэр бүлээс тантай адил бөхийн спортоор хичээллэдэг хүн бий юу?

-Надаас өөр байхгүй ээ.

-Тэгвэл таны удамд…

-Манай аав, ээж хоёрын талд мундаг сайхан барилдаж, ус нутагтаа нэртэй цуутай бөхчүүд байсан. Аавын маань аав Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Уснахиа хэмээх сумын заан цолтой мундаг хүн байсан. Сум орон нутгаасаа гарч барилдаж байгаагүй ч төрсөн нутагтаа олон жил их сайн барилдсан хүн байсан юм билээ. Миний аав мөн сумын заан цолтой хүн л дээ. Ээжийн удам ч гэсэн барилддаг улсууд бий л дээ. Ер нь хоёр талаасаа л бөхийн удамтай хүн л дээ би.

-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Дунд сургуулиа төгсөөд, 2005 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд уран барилдаант улсын начин Адъяахүү багшийнхаа шавь нь болж, энэхүү үндэсний спортод хөл тавьсан даа. Тэр цагаас эхэлж заал танхим, орон нутгийн барилдаануудад барилдаж эхэлсэн. Тухайн үед “Аварга” сургууль үндэсний бөхийн анхныхаа ангийг нээж байсан юм. Манай ангиас өдгөө улсын цолонд хүрсэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын начин Сангисүрэн нөгөөх нь би болж байна. Өнөө цагт барилдаж буй шилдэг аймгийн цолтонгууд манай ангид бий л дээ. Өнөө жил Өмнөговь аймгийн наадамд түрүүлсэн аймгийн хурц арслан Дарханбат, Ховдын Тайван, Хөвсгөлийн Баттүвшин, Өвөрхангайн Наранбаатар, Архангайн Бат-Эрдэнэ, Хэнтийн Ганцоож нарын аймгийн цолтонгууд их ээ. Энэ хүчтэй, хийморьтой ангиараа бахархаж суудаг даа. Сургуулиа төгсчихөөд нутгийнхаа бөхчүүдтэй хамт бэлтгэл сургуулилт хийж байна.

-Улсын баяр наадамд анх хэдэн онд зодоглож байв?

-Өнөө жил тав дахь жилдээ барилдаж байна. Анх 2012 онд аймгийн арслан болчихоод улсад ирж барилдаад хоёрын даваанд Өмнөговь аймгийн харьяат бөх улсын начин Сумъяад өвдөг шороодож байв. Дараа жилийнх нь наадмаар хоёр давж, гурвын даваанд Бямбажав харцагад унасан. 2014 онд гурав давж, дөрвийн даваанд Доржсамбуу гарьдад өвдөг шороодсон юм. Өнгөрсөн жил хоёрын даваанд уначихаад бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алдаанаасаа суралцаж ирэх жилийнхээ наадмаар зодоглоно гэж бодсон. Ингээд өнөө жил тав давж, өөрийнхөө хүссэн цолондоо хүрч, сайхан наадсан.

-Өнөө жилийн баяр наадмын гол шуугиан нь яах аргагүй Санжаадамба аварга та хоёрын барилдаан байлаа. Энэхүү барилдааны тухайд ярихгүй юу?

-Наадмын дараа интернэт сүлжээгээр сайн, муу олон ч шүүмжлэл хүртлээ. Олны дунд сайн, муугаа дуудуулах хэцүү л юм билээ. Миний хувьд өнөө жил хүчит аваргатай үнэхээр одтой, хийморьтой л барилдлаа. Энэ том аваргаар тав давж улсын цолонд хүрнэ гэдэг бахархмаар сайхан л санагдсан. Бид хоёрын барилдааныг би биш хөлийн цэцүүд шийдвэр гаргаж, намайг давсан гэж үзсэн. Тийм болохоор би яах ч билээ. Наадмын өмнө бэлтгэл сургуулилт хийж байхад Монголын Үндэсний бөхийн холбооноос “Энэ жил барилдааныг камерын бичлэгээс удаашруулан үзэж, ямар нэгэн шийдвэр гаргахгүй шүү” гэж анхааруулан хэлж л байсан. Бичлэг үзэж шүүхгүй гэсэн дүрмээ баримтлаад л шийдсэн.

Ер нь камерын бичлэг шийдвэр гаргахад үндэслэл болж чадахгүй л юм билээ л дээ. Яг ижил түвшинд олон талаас барилдааны дүрсийг нь авч байж л шүүх боломжтой юм билээ. Тэр утгаараа холбогдох хүмүүс нь шийдвэр гаргасан байх. Миний хувьд хөлийн цэцийн шийдвэрийг л дагасан. Хөлийн цэцүүд дахин барилдуулна гэсэн бол би дахиад л барилдах байлаа. Эсвэл намайг унасан гэвэл би элэг бүсээ тайлаад тахимаа өгөх л байсан. Эцсийн шийдвэрийг би биш бид хоёрын барилдааныг дэргэдээс үзсэн хөлийн цэцүүдийн л шийдвэр шүү дээ. Би дүрмээрээ л барилдсан. Нэг нь цолоо ахиулах, нөгөө нь цолонд хүрэхийн төлөө сайхан л барилдсан гэж бодож байна.

-Тавын даваанд таны засуулаар ямар хүн ажиллаж байсан юм бол?

-Тэрийг одоо сайн санахгүй юм.

-Та ер нь аваргад амлуулна гэж бодож байв уу?

-Яг Санжаа аваргыг авна ч гэж нэг их бодоогүй шүү. Гэхдээ дээгүүр л очих байх, хэн нь ч авсан зоригтой сайхан барилдана гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан л даа.

-Наадмаас хойш Санжаадамба аваргатай нүүр тулж уулзав уу?

-Яг ч нүүр тулж уулзаагүй. Ер нь л таараагүй шүү. Би чинь “Алдар” спорт хорооны бөх. Наадмын дараа шинээр улсын цол хүртсэн бөхчүүдээ Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй “Алдар” спорт хорооныхон маань хүлээн авч уулзсан юм. Тэр үеэр Өсөхөө аварга “Нэгэнт хөлийн цэцүүд чамайг давсан гэж үзсэн учир өөр юу ярих билээ. Баяр хүргэе” гээд үнсэхэд сэтгэл уужрах шиг л болсон шүү. Санжаадамба аварга бол том аварга шүү дээ. Миний хувьд үргэлж л хүндэлж явдаг бөхчүүдийн нэг.

-Улсын цолонд хүрчихээд төрийнхөө есөн хөлт цагаан тугнаасаа адис авчихаад буцахад ямар санагдах юм?

-Ёстой сайхан. Үгээр хэлэх аргагүй л юм билээ. Тухайн үед нэг л зүйл бодогдсон. Манай аав бурхан болчихсон л доо. Тэгээд аавыгаа л их бодсон. Тав давчихаад есөн хөлт цагаан тугаа тойрох мөчид аав минь бодогдож, нулимс унагасан. Өмнө сумын заанаас шууд аймгийн арслан цол хүртэхэд ч гэсэн аавыгаа бодож, уйлж л байлаа. Цаашаа улам сайн барилдаж, цолоо ахиулах болно.

-Төв аймаг бол Монгол бөхийн өлгий болсон нутаг шүү дээ. Харин танай сумаас улсын алдар цолтой бөх бий юу?

-Манай нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой домог болсон бөхчүүд их ээ. Төв аймаг 27 сумтай. Үүнээс есөн сумаас улсын цолтой бөх төрөөгүй байж. Өнөө жил би улсын начин цол хүртсэнээр энэ тоо найм болсон л доо. Өнөө жил манай сумын 40 жилийн ой тохиолоо. Энэхүү түүхэн ойгоо манай нутгийнхан үнэхээр сайхан тэмдэглэлээ. Нийт нутгийн зон олон болоод монголын ард түмэндээ баярлаж, талархаж явдагаа илэрхийлье ээ.

-Улсын цолтой залуу бөхийн хувьд найраа, допинг гэх асуудлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Бөх хэмээх өв соёлыг өнөө цагт гутааж байгаа зүйл нь найраа, допинг юм болов уу л гэж боддог. Миний хувьд эдгээр зүйлээс хол явдаг хүн. Тамирчин хүнд үнэхээр хортой зүйл шүү дээ. Тиймээс залуучууд маань ухамсартай л хандах учиртай.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Таны хүүхдүүдээс барилдах эвсэлтэй ч гэх үү ирээдүйд бөх болчихмоор хүүхэд анзаарагдаж байна уу?

-Би одоо гурван хүүтэй. Дөрөв дэх хүүхдээ өлгийдөж авах гээд л байна. Эхнэр маань охин, хүү гэдгийг нь хэлэхгүй л байгаа. (инээв) Манай эхнэр Завханых. Гэхдээ Сэлэнгэд өссөн хүн. Манай хадам аав ч бас сумын цолтой бөх хүн байсан л даа.

-Таны цаашдын зорилго юу байна?

-Мэдээж хэрэг бэлтгэл сургуулилтаа сайн хийж, цолоо ахиулан барилдах бодолтой байна. Юун түрүүнд энэ хүндтэй цолоо батлахын төлөө зорино. Ард түмнийхээ хүндэтгэл, хайр буяныг дааж, улам илүү л хичээж, өшөө өндөр цолонд хүрэх юмсан л гэсэн бодолтой, зорилготой байна.Миний амжилттай байнга цуг байдаг Сугаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги хамт олондоо баярлаж явдаг. Мөн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээний хамт олондоо талархаж байна. Тусалж дэмждэг бүх л хүмүүстээ баярладаг шүү.