Д.ЧОЙЖАМЦ: БИД ХҮНИЙХЭЭ ТАРХИТАЙ АЖИЛЛААД, ЗҮРХИЙГ НЬ ОРХИОД БАЙНА

5 months ago admin 0

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, Их хамба Д.ЧОЙЖАМЦТАЙ ярилцлаа.

-Удахгүй Цагаан сар болж хонин жил гарах гэж байна. Таныхаар өнгөрч буй морин жил монголчуудад маань ямар жил болж өнгөрөв өө?
-Цагаан сар бол билгэдлийн баяр. Тийм учраас монголчууд бид жилийн сүүлч битүүний өдрөө, бас шинийн 1-нийг ихэд эрхэмлэж амны сайхан билгэ дэмбэрэлээр үдэж, угтдаг заншилтай. Аливаа нэгэн ажлыг туурвихдаа эхлэлийг сайхан тавьж, зөв төгсгөвөл сайхан бүтдэг гэсэн эртний учир шалтгаан бас байна. Тэр үүднээс нь харвал улирч буй морин жил төр, шашны аль алинд ээлтэй сайхан байлаа. Төр, засгийн хувьд хоёр хөрштэйгөө найрсаг сайхан харилцаж, хоёр их гүрний төрийн тэргүүн нар айлчиллаа. Олон улсын тавцанд Монголын минь нэр сайнаар олонтаа гарч, олон улсын хэмжээний том хурлыг Улаанбаатарт хийх сайхан чимээ гарч байна. Энэ бүхэн бол биднийг дэлхий тоож, дэлхий ойлгож үздэг болсны нэг илрэл. Тэрнээс гадна сайхан, сайхан бүтээн байгуулалтууд энд тэндгүй явж байна. Жишээ нь, би өнгөрсөн шөнө гадаадаас ирлээ л дээ. Нисэхээс наашаа ирэхэд зам сайхан болж, зун Хүй долоон худаг явахад бас ийм сайхан өргөн замтай болсон байсан. Хөдөө орон нутагт, Өмнөговьд очиход Тавантолгой орчимд нүүрс угаах үйлдвэр, орчин үеийн тохилог сайхан хороолол сүндэрлүүлсэн байна.
Энэ жил бид гурван саяулаа болж, малын тоо толгой 51 саяас давлаа. Тариа будаагаа бүтээн сайхан хураагаад авчихлаа. Айхтар ган зуд болсонгүй. Цаашдаа чадвал бүгдийг, эс чадвал гурван сая хүнийхээ амьдралд хэрэгтэй бүхнийг эх орондоо, дотоодынхоо хүчээр хийчихдэг болчихвол мөн ч сайхан даа л гэж бодож байна.

-Шашин номын талдаа ямар бүтээн байгуулалттай, онцлогтой жил болов оо?
-Шашны хувьд сүсэгтэн олон, ард түмэндээ хандсан үйл ажиллагаа нэлээн явуулъя гэж бодсон. Тэр хэмжээндээ ажиллаж чадлаа. Жишээ нь, амьдралдаа алдсан, тэрнийхээ шийтгэлийг хүлээж шорон оронд байгаа, оноосон ялыг нь эдлээд гараад ирсэн зарим нэгэндээ дахиж алдахгүй байхад тус дэм болог гэж явж цуврал лекцүүд уншлаа. Дугуйлан, бясалгал хийдэг болж энэ ажил маань жигдэрлээ.
Бурхны шашин бол уламжлалт зан заншлыг ихэд дээдэлдэг. Тийм учраас бие биедээ эвтэй, ёс зүйтэй байх, зөв амьдрах, сэтгэлийн дотоод сэдлээ зөв удирдах талд нь яриа их хийж байна. Хамгийн сүүлд манайхан Дарханд ажиллаад ирлээ. Би өөрөө хэд хэдэн аймгаар явсан. Олон мянган багш, эмч оюутнуудад яриа хийлээ. Эмнэлэгүүдтэй хамтарч ажиллаж байна. Цагаан даваа зэрэг хогийн цэг дээр амьдарч байгаа, тэндээс амьдралаа залгуулдаг хэсэгтэйгээ тогтмол уулзаж яриа таниулга хийдэг боллоо. Тэдэнд зөвхөн өглөг өгөх төдийгөөр биш, ирээдүйн амьдралд нь гэрэл гэгээ байгааг мэдрүүлэх, ойлгуулахын тулд оюун ухаанд нь нэмэр болж байна. Өмнө эхлүүлсэн 120 хүүхдийн цэцэрлэг, Асрамжийн газрынхаа ажлыг жигдлэх гээд хэрэндээ зүтгэж байна. Лам хүүхэд гэхээрээ л дан бурхны ном үзээд орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлээс хоцорч болохгүй. Эрдэнэзууд 10жилийн сургалттай сургууль байгууллаа, улсынхаа хөрөнгөөр.
-Бас эндээ шинэ хийд барьж байгаа юм байна.

-Монголын бурхан шашинтны төв гэдэг утгаараа Гандан хийд маань Монголын нийт лам нарынхаа цогчин дуганыг барьж байна. Төр засаг ч дэмжиж тусалж байгаа.

-Хэзээ ашиглалтад орох уу?
-Хоёр жилийн дараа л болов уу. Ямарч гэсэн ирэх жилдээ багтаад гадна талыг нь дуусгана. Дотор талдаа их ажилтай. Дараа нь бурхан шүтээнээ зална гээд цаг хугацаа шаардсан нөр их ажил бий дээ, хө. Хажуугаар нь бид Энэтхэгт бурхан багшийн гэгээрсэн газарт гурван давхар сүм барьж дуусгалаа. Одоо дотор талыг нь янзлах цэгцлэх, засч тохинуулах, бурхан шүтээнээ залах ажил ид явж байна. Гурван сайхан бизнесмэн тусалж дэмжиж байгаа. Энэ ондоо багтаад нээлтээ хийчих санаатай байна. Бас Балбад бурхны шашинтай бүх улс сүм хийд байгуулж харилцан туршлага судалдаг. Тэнд нэг сүмийн барилга эхлүүлэх санаатай байна.

-2015 оны улсын төсөв хэлэлцэж байх үеэр Ганданд мөнгө өглөө, хэрэггүй хөрөнгө оруулалт гэх үг их гарсан, та сонссон биз дээ?
– Ойлголтын зөрүү л байсан юм болов уу даа. Лам нар бол Монголын ард түмний л нэг хэсэг. Тэд бусадтай адилхан л эрх эдлэх учиртай. Үндсэн хуулийн агуулгаар яривал амьд явах, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй. Нөгөө талаас энэ дуганыг ганц Ганданд юмуу, одоо энд байгаа хэдэн лам нарт зориулж барьж өгөх гээд байгаа юм биш шүү дээ. Энэ бол нийт иргэдийнхээ шүтэх эрх чөлөөг дэмжсэн хөрөнгө оруулалт, мөн бүх сүм хийд, ном судар бурхан шүтээнийг нь устгаж, чадалтай лам нарыг нь хороож боловсон хүчингүй болгосон хэлмэгдлийн үеийн гэмээ бас бодож үзсэн шийдвэр байх. Нөгөө талаас ард түмнийхээ амь настайгаа дүйцүүлэн хадгалж хамгаалж ирсэн бурхан шүтээнийг орчин цагийн байр савтай болгож байгаа хэрэг юм. Алдаж асгачихгүй юмсан гэж зүтгэж ирсэн энэ үнэт зүйлсийг хамгаалах байр савтай болгочихвол ард түмэн, гадна дотнынхонд үзүүлж харуулах хэрэгтэй. Шинэ дугандаа музей байгуулах санаатай. Энэ мэт шалтгааныг бодолцоод засаг төр маань нэг сайхан дуган барьж өгч байгаа юм. Тэр нь энэ л дээ /цонх руугаа харж гадаахийг заав/
-Үүнээс гадна монголчуудын олонхи нь шүтдэг шашныг төрөөс бодлогооор дэмжих хэрэгтэй биз дээ. Сүүлд орж ирсэн нь илүү сайхан байшин барилгатай л байх юм?
-Ерөнхийдөө жаахан бодолтой ярих ёстой юм. Бурхны шашин бол Монголд хэдэн зууны турш байж, ард түмний амьдрал хэвшилд шингэсэн шашин. Гэтэл шинээр орж ирж байгаанууд нь хамгийн сайхан байршилтай газарт жигтэйхэн том том байшин барьчихсан юм. Зөвшөөрлийг нь төр засаг л өгч байгаа. Гэтэл өөрийнх нь уламжлалт шашны төв аль XYII зууны үед барьсан, шарилын сүмд 1944 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгааг сайн бодож үзэх л хэрэгтэй. Бас ажиглаад байхад бурхны шашны хийдүүдэд тохь муутай, жалгын хажууд, эрэг довон дээр газар өгөх юм. Ямар учиртай байдаг юм бол доо. Иргэдийнхээ шүтэх бишрэх эрхийг хангахад төр анхаарах ч ёстой юм. Оросын төр том байшин бариад хүлээлгээд л өгч байсан, Хятадад гэхэд хуучин сүм хийдүүдийг нь сайхан сэргээгээд өгч байна. Хэрвээ бололцоотой бол бид өөрөөсөө гаргаад барилгүй яах вэ. Даанч алга. Төрийг төлөөлсөн хэн нэгэн ирээд та бүхэн болж байна уу, яаж хүргэж байна, шинэ дуганаа өөрсдөө барьж дийлэхгүй юу гэж асуухын оронд шалга, хяна л гэх юм. Бид чинь 11, 12 төрлийн татвар төлдөг, засаг төрд орлого нь ил байдаг айл л даа. Гэтэл шүтэх эрх чөлөөг дээдэлсэн гадаадын зарим оронд шашны байгууллагаа татвараас чөлөөлдөг л юм билээ. Манайх бол татаж л яваа.
-Ганц орлого нь сүсэгтнүүдийн хандив уу?

-Гол орлого нь тэр л дээ. Дан тэрүүгээрээ амьдрахад улам л хэцүү болж байна. Бусдын сайн сайхны төлөө үйлчлэх ёстой шашны байгууллага хөдлөх болгондоо сүсэгтнүүдээсээ төлбөр хураамж нэхээд байж болохгүй. Гэхдээ л хажуугаар нь орлого олох янз бүрийн менежмент хийсний хүчинд хүргэж л байна. 800 гаруй хүн, 15-16 салбар сургууль, дацангуудаа тэжээж дөнгөх төдийнхөнтэй л явна. Шашны дунд, их сургууль, жүд дацангийн сургууль, уламжлалт анагаах ухааны болон гүн ухааны сургууль, цэцэрлэг гээд ихэнх орлого маань сургууль, сургалтын зардалд явчихдаг. Гандан л гэхээр хуучнаараа сэтгэж, шар хэрэм дотор ном уншиж суугаа хэдэн лам нар биш шүү дээ

-Манайх өмнөх нийгмийн үед ганц намтай байсан шиг ганц шашинтай явж ирсэн. Одоо янз бүрийн урсгалууд орж ирж байна. Таны хэлж байгаагаар байшин сав, орчин нь илүү бололтой юм. Ингэлээ гээд бурхны шашныг шүтэх сүсэгтнүүдийн тоо буурч байна уу. Та бүхэн сүсэгтнүүдийнхээ тоог хадгалж үлдэх тал дээр хэр анхаардаг вэ?
-Шүтэж бишрэх эрх нь хувь хүний сонголт. Тэр сонголтыг хүндэтгэх учиртай. Ерөнхий дүн нурууг нь аваад үзэхэд уламжлалт бурхны шашнаа шүтэгчдийн тоо жилээс жилд улам л нэмэгдээд л байх шиг харагддаг юм. Гандан, хийдүүдэд ирж байгаа сүсэгтнүүдийг харахаар нас нь залуужиж байна. Хуучны, шүтлэгтэй хөгшид нь хөөрхий, цөөрч л байгаа байх. Манай улсын хүн ам ч залуужиж байна. Тэгээд тэр үү, шашингүй явна гэж байсан ойлголт эргэж буцаж байгаа нь тэр үү ямарч гэсэн бурхны шашнаа шүтэх сүсэгтнүүдийн тоо нэмэгдэх, хүндлэх, бясалгал энэ тэр хийж байгаа нь сүрхий харагддаг юм. Ер нь уламжлалт шашин бол онцгой ач холбогдолтой, бодож анхаарч үзэх л ёстой асуудал. Далай багшийн нэг яриа байдаг юм. Гэр бүлээрээ христосын шашинтай нэг хүн бурхны шашинд орж л дээ. Гэхдээ зүрх сэтгэлд нь, хамт байгаа гэр бүл нь христосын шашинтай учраас нэг л болж өгөхгүй байж. Тэгээд Далай багшид очоод “уг нь даанч сайхан номтой юм, хойд насанд минь намайг буддист болгож өгөөрэй” гэж гуйсан гэдэг юм. Тэгэхээр ямарч хүний уламжлалт шашин бол зүрх сэтгэлд нь байдаг, улсын тусгаар тогтнол, дархлаанд ч нөлөө үзүүлдэг чухал бөгөөд үнэ цэнтэй зүйл л дээ.
-Ер нь монгол хүн яагаад заавал бурхны шашин шүтэх ёстой вэ, энд ямар нэгэн учир шалтгаан гэж байна уу?
-Би хэлдэг юм. Шашин ном дэлгэрнэ гэдэг нэг талаас тухайн ард түмний сонголт, нөгөө талаас улс орны түүхийн явц байдаг гэж. Манай монголчууд дайчин омголон, сэргэлэн, чадвар сайтай ард түмэн. Хүннүгийн үеэс л тийм байсан. Тэр үеэс эхлээд их бага хаад гээд тоолбол ардын засаг дэлгэрэх хүртэлх түүхийн бүх үеийг харахад бөөтэй явсан жаахан, жаахан зурвас үе байсан ч гэлээ нийгмийн сүрхий сүрхий үедээ дандаа л бурхны шашныг авч явсан байдаг юм. Тийм л түүх харагддаг. Бид гурван үеийн дэлгэрэлт гэж ярьдаг л даа. Тэдгээрийн аль ч үед бурхны шашныг аваагүй төр гэж байгаагүй, манайд . Энэ талаас нь харвал түүхийн явцаар буцаж дэлгэрэх нийгмийн захиалга байгаа юм болов уу даа гэж харагддаг.
-Бөө, бурхны шашин хоёр яаж харилцаж явах ёстой вэ?
– Бөөгийн олон сайн сайхан зан үйл бурхны шашинд ч бий. Уул овоогоо тахидаг, гал усандаа бузар оруулдаггүй зэргээр адил зүйлүүд олонтой. Шашны зарим ийм зан үйл нь ард түмний дунд ариун ёс болоод үлдсэн. Тийм учраас бөө, бурхны шашин хоёр бие биеэ үгүйсгэдэггүй . Үгүйсгэдэггүй учраас сүүлдээ, бурхны шашинтай цагийн зүгийн бөө гэдэг нь олон болсон л доо.
-Цагаан зүгийн бөө гэдэг нь ямар хүмүүс вэ?
-Бурхны шашнаа шүтдэг, тэгээд хааяа онгодоо буухаар бөөлдөг улс л даа. Гэхдээ их цөөхөн, нэг нутаг хошуунд ганц хоёр, түүнээс олон байгаагүй л гэдэг.