Сэтгүүлч бүсгүй элит давхаргын гүнд нэвтэрчээ

3 months ago admin 0

Financial Times-ын сурвалжлагч Мэдисон Мэрриж Лондон хотноо “зөвхөн эрчүүдэд” зориулагдан зохиогдсон элит давхаргын хандивын үдэшлэгт нууцаар нэвтэрч чадсан байна. Тэнд алдартай улстөрчид, эдийн засагчид, дипломатууд, нийгмийн зүтгэлтнүүд болон шоу-бизнесийн одод цугларсан байжээ.

Дээдсийн зиндааныхны “хаалттай хаалганы” цаана юу өрнөдгийг мэдэхээр зориглосон бүсгүй Лондонгийн Dorchester зочид буудалд зохиогдсон The President’s Club Charitable Trust хандивын үдэшлэгт явахын өмнө элит давхаргынхны гүнд нэвтрэх сэдэлжүүлгийг юу өгсөн талаар бичлэг хийн өгүүлсэн аж.

“Иймэрхүү үдэшлэгт уламжлал ёсоор эмэгтэйчүүдийг урьдаггүй. Харин уригдан ирсэн зочдод үйлчлэх 100 гаруй зөөгч бүсгүйчүүдийг үдэшлэгийн зохион байгуулагчид хөлслөн ажиллуулдаг. Тэдгээр зөөгчдийн нэг болох миний танилын яриа надад их сонирхолтой санагдаад, дотор нь нэвтэрч ормоор санагдсан. Тэнд цуглардаг дээд зиндааныхан эдгээр зөөгч бүсгүйчүүдтэй төдийлөн хүндэтгэлтэй бус, яг л бараа бүтээгдэхүүнд хандаж байгаа мэт харьцдаг тухай танил маань ярьсан учраас би өөрийн биеэр шалгахыг хүссэн юм” хэмээн сэтгүүлч эмэгтэй мэдэгджээ.

Мэрриж болон түүний туслах эмэгтэй хоёулаа ярилцлагыг амжилттай даван, хандивын үдэшлэгт хөлслөгдөхөөр болсон байна. “Зөөгчдөд дараах шаардлагууд тавигдаж байсан: өндөр гоолиг бие бялдартай, царайлаг байх, хар өнгийн бариу даашинз, хар туфли, хар өнгийн дотуур хувцас өмсөх гэх мэт. Мөн “тийм ч эелдэг бус эрчүүдтэй” харьцах болно гэдгийг урьдчилан сануулсан” гэж сэтгүүлч бүсгүй ярьсан байна.

Түүний өгүүлснээр, иймэрхүү ажилд ихэвчлэн 19-22 насны оюутан охид ажиллахыг зөвшөөрдөг аж. Сэтгүүлч эмэгтэй хандивын үдэшлэгт явахын өмнө дуу хураагч микрофон биедээ байршуулсан гэнэ.

Өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдийн эмчилгээ болон нэн хэрэгцээт зүйлсийг залгуулахад зориулсан мөнгө босгох хандивын үдэшлэгийн үеэр тэнд цугларсан эрхмүүд элдэв эрээ цээргүй үйлдэл гаргахдаа огтхон ч ичихгүй байсан тухай сэтгүүлч бүсгүй өгүүлжээ.

Тэд зөөгч охидын даашинзан доогуур гараа шургуулж, ташаа өвдгийг нь илэхийг оролдон, тэр ч байтугай нэгэн 19 настай бүсгүйг нүцгэлэн ширээн дээр бүжиглэхийг хүссэн тухай сэтгүүлч эмэгтэй сонирхуулсан байна. Өөртэй нь ч мөн иймэрхүү хандлагууд илэрч байсан бөгөөд хангалттай нотлох баримт цуглангуут зарим эрхмүүдийг нэрлэх болно гэдгээ мэдэгдсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn