Б.Энхтуяа: Чихэвчний хөгжимнөөс шалтгаалсан сонсгол сэргэдэггүй

2 months ago admin 0

ЭМЖЖ эмнэлгийн ахлах зэрэгтэй сонсголын эмч, анагаах ухааны магистер Б.Энхтуяагаас сонсголын талаар зарим асуултад хариулт авлаа.

 

-Чихний бүтэц, сонсгол хэрхэн ажилладаг талаар товчхон мэдээлэл өгнө үү?
-Чих нь гадна, дунд, дотор хэсгээс тогтоно. Гадна чих дуу авиаг цуглуулах, дамжуулах, байршлыг тогтоох, хамгаалах болон гоо сайхны үүрэгтэй. Дунд чих нь хамгаалах, дууны долгионыг механик энерги болгон, өсгөж дотор чихэнд дамжуулах үүрэгтэй.

Чихний дэлбээ дууны долгионыг цуглуулан, сонсголын гадна сувгаар дамжин дунд чихэнд очиж хэнгэргэн хальсыг хэлбэлзүүлнэ. Алх, дөш, дөрөө гэсэн сонсголын жижиг яснуудаар дамжин дунгийн зуйван цонхыг хэлбэлзүүлэхэд дунгийн доторхи шингэн цалгин, дунгийн дотор байрлах Кортийн эрхтэн дууны долгионыг физикийн энергээс цахилгаан потенциал болгон хувиргаж, сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн сонсохуйн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган сонсдог.

-Чихэвчний хөгжим удаан хугацаагаар сонссоноос болж муудсан бол ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Сонсгол бууралтыг шалтгаан, байрлал, зэргээр нь ангилдаг бөгөөд байрлалын хувьд гадна, дунд, дотор чих, сонсголын мэдрэл болон сонсголын төвүүдийн түвшинд байж болно. Сонсгол бууралтыг ерөнхийд нь дуу дамжуулах хэлбэрийн, мэдрэл-сэрэхүйн гаралтай, холимог хэлбэрийн гэж ангилна.

Гадна, дунд чихний эмгэгийн үед ихэвчлэн дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг бөгөөд эмийн болон мэс заслын эмчилгээ хийлгэх боломжтой. Дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл-мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүсдэг. Энэ хэлбэрийн сонсгол бууралтыг эмчлэх эмийн болон мэс заслын арга одоогоор байхгүй, олон улсад судалгааны түвшинд явж байгаа бөгөөд зөвхөн сонсголын аппаратаар л нөхөн сэргээх боломжтой.

Өөрөөр хэлбэл, чихэвчний хөгжим удаан хугацаагаар, чанга сонссоноос болсон сонсголын бууралт дотор чихний гаралтай учир сэргэхгүй. Тиймээс сонсгол буурч байгаагаа мэдсэн бол шууд эмчид хандаж сонсголын багц шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн тохирсон эмчилгээгээ хийлгэхгүй бол сонсгол муудсаар байгаад дүлий болно. Мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтаас болж үг ялгах чадвар алдагдана.

-Танай эмнэлэгт энэ асуудлаар өсвөр үеийнхэн хэр хандаж байна вэ?
-Гадаадад ч гэсэн чихэвчний хөгжимнөөс үүдэж буй сонсголын асуудал маш их байгаа. Чихэвчнээс гадна бухимдал, гадна орчны шуугиан хотжилт зэргээс болж сонсгол аажмаар мууддаг. Бусад улсад тодорхой хэмжээний шуугиан үүсч байх юм бол үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс сонсгол хамгаалах хэрэгсэл зүүлгэдэг. Манайд бол тэгдэггүй. Шуугиантай газар ажиллаж байгаа хүмүүс манай эмнэлэгт маш их ханддаг. Хэдэн жил ажилласнаасаа болоод сонсгол нь муудсан байдаг. Өсвөр үеийнхэн маш их ирж байна. Өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн. Муу сонсоод байна, зурагт чанга үзээд байна гээд аав, ээж нь дагуулж ирж байна.

-Сонсгол муудсанаа яаж мэдэх вэ?
-Хүний хэлж байгааг олон дахин давтаж асуух, зурагт чанга үзэж байвал бага багаар л муудаж байна гэсэн үг. Тиймээс эмчид хандаж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Чихэвчний хөгжимний дамжуулж байгаа долгион зурагт ч юм уу энгийн дуу чимээнээс маш их хортой. Хамгийн гол нь сонсголоо хамгаалах ёстой.

С.Уянга