30 дахь Ерөнхий сайдаас гайхамшиг битгий хүлээ

10 months ago admin 0

Улстөрч У.Хүрэлсүх “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” гэж хэлэхийг би л лав олон удаа сонссон. Магадгүй түүний хэлэх дуртай үг энэ байх. Үүнийгээ үйлдлээрээ илэрхийлж ирснийг нь ч үгүйсгэж боломгүй. Социалист нийгэм байгуулах гэсэн агуу мөрөөдөл нуран унах үеэс эхэлсэн түүний улс төрийн замналд улстөрчид, тэр дундаа манайхны тэр бүр хийдэггүй зоримог гэмээр нэг бус шийдвэр нь тод, содон үлдсэн. Өдгөө бараг 30 жил туучсан улс төрийн замналынхаа хамгийн өндөрлөгт буюу Монгол Улсын Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлын төлөө шунаж зүрхэлсэн, тэрхүү хүслээ гүйцэлдүүлсэн үйл явц ч дардан бөгөөд ариун байгаагүй ээ. Юутай ч тэр тун удахгүй Ерөнхий сайд болно, багаа бүрдүүлнэ, Монгол гэх “айл” тулгандаа галтай, тогоондоо хоолтой байх, эсэх нь түүнээс л хамаарах асар хүнд ачаа, хариуцлагыг албан ёсоор үүрнэ. Харин тэр цаг дор түүний ухаан хүрэх үү. Сайнаар хэлбэл зоригтой, саараар хэлбэл зоргоороо аашлан байж зорилгодоо хүрч чадах уу.

“ТЭГНЭ ТЭГНЭ ГЭХЭД ТЭНХЭЭ МЭДНЭ”

“Тэгнэ тэгнэ гэхэд тэнхээ мэднэ. Тэднийд очно гэхэд унаа мэднэ” гэлцдэг. Хариуцлага, шударга ёс тогтоохоо амласан У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний тамга хүлээн авсан мөчөөс хуулийн хүлээс, ашиг сонирхлын зөрчилд цаламдуулах бодит эрсдэлтэй нүүр тулна. Уг орчин, хуулийн нөхцөл, эрх мэдлийн хуваарилалт нь тийм юм. Ерөнхий сайдаар томилогдсон даруй хийх хамгийн эхний ажил болох Засгийн газрын бүтцээ тодорхойлж, бүрэлдэхүүнийг нь томилохоос түүний зовлон эхэлнэ. Учир нь Ерөнхий сайд танхимаа бие даан бүрдүүлж, явцын дунд болохгүйг нь буцаах бодит эрх мэдэлгүй. Сайд нарыг томилох, чөлөөлөх бүрт Ерөнхий сайд нь УИХ-ыг царайчилж, Засгийн газрын гишүүн бүрийг парламентаар хэлэлцүүлэн дэмжүүлж байж танхимаа бүрдүүлдэг.

Тэгсэн атлаа УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу ердөө 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэн дэмжихэд (Нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх нь буюу ердөө 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу 20 нь санал өгөх) л ямар ч Засгийн газар унах эрсдэл ямагт байдаг. Тэр ч бүү хэл УИХ-ын нэг гишүүн дурын сайдыг огцруулах санал гаргах эрхтэй байсан нь саяхан.

Өөрөөр хэлбэл, ямар ч зоригтой эрийг хулчийлгах, хуульчилсан “заналхийлэл” доор 30 дахь Ерөнхий сайд ажлаа эхэлнэ. Олон жил ярихаас хэтрээгүй, урхгийг нь улс, нийтээрээ мэдэрсээр байгаа эл гажуудлыг засаж, Засгийн газрын чадамж, дархлааг сайжруулан, Ерөнхий сайд нь бүрэн хариуцлага хүлээдэг болгохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд холбогдох зүйл, заалт тусгаад буй ч У.Хүрэлсүхийн үед лав шийдэгдэхгүй. Салбарын ажил хариуцуулж, “хийж чадна” хэмээн итгэл хүлээлгэсэн хүмүүсээ өөрөө томилсон Ерөнхий сайдаас хариуцлага нэхдэг болох цаг хол байна.

Тиймээс 30 дахь Ерөнхий сайдаас гайхамшиг бүү хүлээ. Гай нь таарвал У.Хүрэлсүх, түүний Засгийн газар хууль тогтоогчдын гарт “амь тавих” магадлал хэт өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хариуцлагыг Засгийн газраасаа нэхэж, огцруулчихдаг эрх баригчид ямар ч “сюрприз” барьж мэднэ. Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг төвхнүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх энэ оны улсын төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр ч гишүүд У.Хүрэлсүхийн багийнхныг “жижгэрүүлнэ”. Жилийн жилд л тэгдэг. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол нь өөрчилж, нутаг орондоо багагүй хөрөнгө татах гэж лообийддог нь гүйцэтгэх засаглалын ажилд саад болдог балагтай. Ийм гачлан У.Хүрэлсүх, түүний багийнхныг хүлээж буй.

“ЭХИЙГ НЬ ЭЦЭЭЖ, ТУГАЛЫГ НЬ ТУРААХГҮЙ”

Энэ мэт “сүрдүүлгэнд” өртсөн Ерөнхий сайд асуудалд өгөө, аваатай хандаж, нам болон парламент дахь нөлөө бүхий гишүүдтэй ямар нэг байдлаар тохиролцож, тэдний “хөлд суух”-аас өөр аргагүй болдгийг өнгөрсөн явдлууд бэлхнээ гэрчилнэ. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “мэргэжлийн” гэх Засгийн газар байгуулахдаа хэр оролцоотой байсныг томилгооноос нь харж болно. Түүний Засгийн газар, харьяа байгууллагуудад шинээр ажилд орсон хүмүүсийн талаас илүү хувьд намынх нь улстөрчдийн шахаа байсныг дарга М.Энхболд нь дурдсан. Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч ийм жишиг байсан.

Харин УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр Засгийн газраа унагаж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн У.Хүрэлсүх парламентаас илүү олон хүнтэй тохироо хийхээр буй нь энэ өдрүүдэд хөврөх таамаглалуудаас тодорхой харагдаж байгаа. Тэд Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй ч бүрэлдэхүүнийг нь солино хэмээж буй. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын “бөөрөнхий” тайлбарласанчлан 13 яам, 16 сайдтай У.Хүрэлсүхийн Засгийн газар ядаж л “мэргэжилдээ дөхүү”, чадалтай хүмүүсээс бүрдэх бололтой.

Ингэхдээ тэнд “давхар дээлтэн” олон байх сурагтай. Өөрөөр хэлбэл, “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” байх зарчим баримтлан мэргэжлийн Засгийн газар байгуулж чадаагүй алдаагаа засаж, басхүү зарим гишүүнийг сайд болгон “талархлаа илэрхийлэх” нь. Мөн У.Хүрэлсүх ирэх арваннэгдүгээр сард болох их хурлаар намын даргын тамгыг ч атгахын тулд одоо л гишүүдэд хариу барьж, дэмжлэг хүсэх учиртай. Сайд болох гишүүд сонгогдсон тойрог, орон нутгаас намын их хуралд төлөөлөл болон сонгогдох хүмүүсийн саналыг хайрцаглаж, түүний төлөө гар өргүүлэх ёстой.

Энэ үүднээс хэлбэл, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарыг нэг нь Сангийн сайд болохоор өндөр магадлалтай яригдаж байсан ч эл албыг энэ удаа Ч.Хүрэлбаатарт хариуцуулах бололтой. 2003-2007 оны Засгийн газарт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-д хоёр дахь удаагаа Төсвийн байнгын хороог даргалж буй түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд болгох хувилбарын талаар ч ярилцжээ. Засгийн газар хөдлөх бүрт Сангийн сайдад яригддаг ч тус албанд очоогүй тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт төрийн төсөв, санхүүг атгахыг хүссэн байж мэдэх юм.

Харин нэг бус удаа Сангийн сайдаар томилогдсон Ч.Улаан энэ удаа нутгийн дүүдээ шадарлан, У.Хүрэлсүхийн өдгөө үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй албыг хүлээж авах сурагтай. Нэгэн цагт МАН-ын “гал тогоог” авч явсан Г.Занданшатар гишүүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, гишүүн Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдад нэр дэвшүүлэх юм гэнэ. Одоо үүрэг гүйцэтгэж буй Ц.Мөнх-Оргил албаа амжилттай авч яваа гэж үнэлэгдэж буй учраас түүнээс дутуугүй дипломатч томилох зарчим барьсан нь Д.Цогтбаатарыг дэвшүүлэх үндэслэл болж байж мэднэ.

Тэрбээр Ц.Мөнх-Оргилын адил Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “бүтээгдэхүүн” бөгөөд тус яаманд атташегаар ажлын гараагаа эхэлж, мэргэжилтэн, газрын дэд захирал, Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшиж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдад гишүүн Ш.Раднаасэдийг дэвшүүлж магадгүй талаар зарим эх сурвалж өгүүлэв. Өдгөө тэрбээр Хууль зүйн байнгын хороог удирдаж буй бөгөөд У.Хүрэлсүхийг намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байхад МАН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтсийг удирдаж асан, хуульч мэргэжилтэй нэгэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад гишүүн С.Чинзоригийг дэвшүүлэх тухай тийм ч баттай эх сурвалж өгүүлээгүй ч тэрбээр сүүлд өгсөн ярилцлагадаа “Чиний оролцоо хэрэгтэй байна” гэхэд манай гишүүдээс сайд болохгүй гээд ухрах хүн байхгүй” хэмээснийг энд тэмдэглэе. Тэрбээр өмнө нь тус салбарт дэд сайд, сайдын алба хашиж байсан туршлагатай. Батлан хамгаалах болон эрүүл мэндийн асуудал хариуцсан чиглэлийн яамдыг парламентын гаднаас буюу өдгөө мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүст хариуцуулах тухай сураг ч байна. Эрүүл мэндийн сайдын хувьд одоо тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Ганди нарын нэр дуулдаж байна. Үүнээс гадна гишүүн Д.Сумъяабазар чиг үүргийн аль нэг яамыг толгойлох гэнэ.