Ш.Даулетбек: Зорилго тодорхой байсан учраас тэтгэлэгт хамрагдахад хэцүү байгаагүй

2 months ago admin 0

Тэтгэлгийн зөвлөгөө ярилцлагын зочноор Ш.Даулетбекийг урилаа. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Санхүүгийн Удирдлагын ангид суралцаж байхдаа Шударга Ёсыг Бадраах Сангийн тэтгэлэгт хамрагдаж байсан бол одоо Турк улсын Засгийн Газрын тэтгэлгээр Бизнесийн Удирдлагын магистраа (MBA) хамгаалж байна.

 

-Турк улсын Засгийн газрын тэтгэлгийн гол давуу тал юу вэ.Тэтгэлгийн нийт хэмжээ хэд вэ?

-Турк Улсын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлгийн бүртгэл энэ сард эхэлнэ. Харин магистр болон докторантурын тэтгэлэгт хөтөлбөр энэ сарын 5 хүртэл материал хүлээн авах юм. Тус тэтгэлэг нь бүх орны залуучуудад сурч хөгжих боломжийг олгох зорилготой. Тэтгэлэгт тэнцсэнээр та өөрийн сонгосон Туркийн аль нэг их сургуульд 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхтэй болно. Мөн тэтгэлэгт дотуур байр, хэлний бэлтгэл, ирэх, буцах онгоцны тийзний үнэ, эрүүл мэндийн даатгал болон сарын магистр 950 турк лир, докторантур 1400 турк лир багтдаг.

-Турк Улсын Засгийн газрын тэтгэлгийн онцлог юу вэ. Таны хувьд энэ тэтгэлгийг яагаад сонгосон бэ?

-Одоо Монголд зарлагдаж байгаа Турк улсын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл системээр хийгддэг бас үнэгүй байдаг гэдгийг онцолмоор байна. Би энэ тэтгэлэгт хамрагдахдаа турк хэл мэддэггүй байсан. Тиймээс нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсан. Туркийн тэтгэлэгт хэлний бэлтгэлийн зардал давхар багтдаг.Би ахлах ангийн сурагч байх үеэсээ Турк улсад суралцах сонирхолтой байсан. Гэвч төгсөх жилээ тодорхой шалтгааны улмаас Турк улсад суралцаж чадаагүй. Харин МУИС-д сонирхсон мэргэжлээрээ элсэн орсон. Их сургуульд суралцаж байх хугацаандаа Турк улсын бизнесийн орчныг их судалдаг байсан. Тиймээс энэ улсад суралцаж илүү туршлага хуримтлуулах эрмэлзэл их байсан учраас төгсөөд л тэтгэлэгтээ материалаа бүрдүүлж өгч бүртгүүлсэн.

-Ямар шалгууруудыг хангасан тохиолдолд энэ тэтгэлэгт хамрагдаж болох вэ?

-Энэ тэтгэлэгт хамрагдахын тулд өмнөх сургуулиа 75 хувиас дээш үзүүлэлттэй дүүргэсэн байх, эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх гэсэн хоёр ерөнхий шалгуур бий. Мөн магистр уу, доктор уу гэдгээс хамаарч насны хязгаар бий. Үүний дараа тэтгэлэгт тэнцэхэд өмнө нь хэр зэрэг амжилттай байсан, юу хийж бүтээсэн зэргээс хамаарч цаашдаа юунд зорьж, юуг бүтээх вэ гэдэг маш чухал нөлөөтэй.

-Та шалгууруудыг хангахын тулд хэрхэн бэлтгэл хийсэн бэ, хэдий хугацаанд зорилгодоо хүрсэн бэ?

-Зорилго минь тодорхой байсан учраас тэтгэлэгт хамрагдахад хэцүү байгаагүй. Төгсөөд материалаа өгнө гээд 3-р курст байхдаа төлөвлөж, тэтгэлэг зарлагдахаас өмнө тэтгэлэгтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулж авч байсан. Тэгээд зарлагдахад нь шаардсан материалуудыг нь бүрдүүлж өгсөн. Бүртгүүлэхдээ Турк улсад суралцдаг найзаасаа тодорхой хэмжээнд туслалцаа авсан.

Харин ярилцлагын бэлтгэл хийхдээ Монгол-Турк хоёр улсын харилцааг сайн судалсан нь ярилцлагын шатыг амжилттай давахад маш их нэмэртэй байсан гэж боддог.

Туркийн тэр үеийн Элчин сайд А.Каракөз ярилцлагын үеэр бизнес, эдийн засгийн чиглэлээр макро төвшний, дэлхийд тэр үед тулгамдаж буй асуудлуудын талаарх асуулт асуусан нь намайг их сандаргаж байсан.

-Шүүгчдийн хувьд таныг сонгох шалтгаан нь юу байсан гэж дүгнэсэн бэ?

-Өмнө нь эзэмшсэн мэдлэг туршлага, гаргаж байсан амжилтууд мэдээж нөлөөлсөн. Мөн ярилцлагын үеэр Монгол Улс-Турк улс хоорондын харилцаанд хэрхэн хувь нэмэр оруулж чадах гэсэн чиглэлтэй асуултад тодорхой хариулт өгч чадсан нь чухал нөлөөлсөн гэж боддог.

-Энэ тэтгэлэгт хамрагдахад гол нь юунд анхаарах хэрэгтэй вэ. Одоо материалаа илгээх гэж байгаа оюутнуудад захиж өөрийн туршлагаасаа хуваалцвал…?

-Энэ тэтгэлгийн жилээс жилд анхаарах фактор нь нэмэгдээд байх шиг санагддаг. Гол нь боломжтой бүх талбарыг мэдээллээр хангалттай дүүргэх хэрэгтэй. Зөвхөн Монголын оюутнуудтай биш дэлхийн өнцөг булан бүрээс бүртгүүлж буй оюутнуудтай өрсөлдөж байгаа тул бусдаас юугаараа илүү вэ гэдгээ сайн харуулахыг хичээх нь зүйтэй. Системд оруулах файл тод байх хэрэгтэй, зурган хэлбэрээр оруулж байгаа бол зурганд илүү хэсэг байж болохгүй. Тэгээд гол факторуудын нэг нь нээлттэй асуултууд байдаг. Энэ жил магистр-докторт бүртгүүлэгчдэд 6 асуулт өгсөн. Бакалаврын тэтгэлэгт бүртгүүлэгчдэд ч гэсэн үүнтэй төстэй асуултууд өгөх байх гэж бодож байна. Эдгээр асуулт ямар ч байсан маш тодорхой хариулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Тэтгэлэгт материалаа бүрдүүлж буй залуустаа амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.