Д.Долгормаа: Өглөө бүр нүүрээ угаадаг шиг ходоодыг ч мөн цэвэрлэж байх хэрэгтэй

4 months ago admin 0

Цагаан сарын баярын өдрүүдэд хоолоо хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс хэрхэн ходоод гэдсээ амрааж, цэвэрлэх, огцом нэмэгдсэн жингийн илүүдлийг хэрхэн хасах вэ талаар “Гранд мед” эмнэлгийн эмчилгээний хоол зүйч Д.Долгормаагаас тодрууллаа.

 

-Бид 20 гаруй хоног идэх ёстой хүнсээ Цагаан сарын 5 өдөрт багтааж иддэг гэсэн судалгаа бий. Энэ нөхцөл байдлын дараа бид биедээ хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн энгийн зөвлөгөө бол хүн бүр өөрийн идэж байгаа хоолны хэмжээ, найрлагад ямар хүнс орж байгааг анхаарч тохируулан хэрэглэх явдал юм. Цагаан сарын баярын өдрүүдэд нэг хүн зочилсон айлдаа дор хаяж гурван бууз иддэг. Нэмэлтээр салат, сүүтэй цай, айраг зэргийг хэтрүүлэн хэрэглэдэг нь ходоод, хоол боловсруулах замын эрхтэн системийг гэнэтийн цочролд оруулдаг. Үүнийг дагаад бодисын солилцооны үйл ажиллагаа маш их хямардаг тул хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх болон нойр булчирхай, цөс болоод ходоодны өвчлөлд өртдөг.

Баярын өдрүүдэд их хэмжээгээр, хүнд хооллосон тохиолдолд бид ходоод гэдсээ амраах хэрэгтэй. Ходоод гэдсээ амраахын тулд аль болох шарсан хуурсан, хэт их амталсан хоол болон өтгөн цай, кофе, хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэхгүй байх ёстой. Ходоод гэдсээ амрааж хөнгөн хоолыг сонгох нь зөв юм. Ногоо түлхүү орсон хөнгөн шөл, жимс жимсгэнэ хэрэглэж ходоодны шүүрэл ялгаралтыг дэмжих хүнсний ногоо, жимс, тараг гэх мэт органик хүнс сонгож болно. Түүнчлэн хагас өдрөөс нэг бүтэн өдөр хүртэл мацаг барих нь ходоод гэдэс амраах давуу талтай.

-Зарим хүмүүс ходоод гэдэс цэвэрлэх талаар их ярьж , туршиж үзэж байна. Гэдэс цэвэрлэх нь үр дүнтэй юу?

-Хүмүүс маш олон төрлийн гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүнийг өөрсдийн бие дээр туршин хэрэглэж байгаа нь анзаарагддаг. Гэвч бүтээгдэхүүн бүх хэрэглэгчид таарч тохирдог гэж хэлэхэд хэцүү. Нэг хүнд зохиж үр дүн өгч байгаа ч нөгөө хүнд эсрэгээрээ хүндрэл учруулж болох юм.

Мэдээж аяганд байхуу цай хийгээд тодорхой хугацаа өнгөрөхөд өнгөр тогтсон байдаг шиг бидний гэдэс дотор ч хоол хүнсний үлдэгдэл нь тодорхой давхарга үүсгэн тогтож ходоод гэдэсний шүүрлийн хэвийн ялгаралтад нөлөөлснөөр хоол боловсруулалт удааширч үүнээс үүдэлтэй өвчлөл бий болох боломжтой юм. Тиймээс нүүрээ өглөө бүр угаадаг шиг ходоодыг ч бас цэвэрлэж байх хэрэгтэй. Цэвэрлэхдээ заавал химийн гаралтай бүтээгдэхүүн ашиглах шаардлагагүй. Бидний өдөр тутмын хүнсэнд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг олон хүнс бий. Жишээлбэл, хүнсний ногоо нь ходоод гэдсэнд наалдсан бохирдлыг салгаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Харин бүхэл үрийн үр тариа, арвай гурил, хальслаг будаа зэрэг бохирдлыг наалдуулж авдаг төдийгүй 4-40 дахин хөвсийж томордог тул цатгалан мэдрэмжийг удаан барьж илүүдэл жин нэмэгдүүлдэггүй. Мөн ус, ногоон цай их хэмжээгээр уух хэрэгтэй. Өдөр тутмын хооллолтод дээр дурдсан хүнсний зүйлсийг тодорхой хэмжээгээр оруулж хэрэглэж байхад заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж гэдэс цэвэрлэх шаардлагагүй юм.

-Гэрийн нөхцөлд хэрхэн гэдсээ цэвэрлэх вэ?

-Лимонтой ус, цагаан гаатай ус, хүрэн манжингийн шүүс гэхчлэн цэвэрлэгээний чанартай олон хүнсний ногоо жимс байдаг. Эдгээрийг л хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна. Хамгийн гол нь өтгөнөө өдөр бүр гадагшлуулж байх нь чухал юм. Эмэгтэй хүн өдөрт 2 удаа эрэгтэй хүн 2-3 удаа өтгөнөө гадагшлуулдаг байвал гэдэсний бохирдол үүсэхгүй.

-Тос өөхтэй хоол их хэмжээгээр идсэн, хямарсан гэх шалтгаанаар цөс угаах нь зөв үү?

-Цөсийг дур мэдэж угаах нь маш буруу юм. Хамгийн түрүүнд эмчид хандаж энэ нь үнэхээр шаардлагатай байгаа эсэхийг оношлуулж эмчийн заавар дор хэрэгжүүлэх хэрэгтэй. Бидний хооллолт буруу байгаатай холбоотой цөс өтгөрөх, чулуужих асуудал гардаг. Шөнийн турш хуримтлагдсан цөсийг ашиглах тодорхой хэмжээний өөх тос агуулсан өглөөний цайг заавал ууж занших хэрэгтэй. Цөс нь өөх тосны солилцоонд оролцож задалж өгөх ашиг тустай юм. Мөн тогтсон цагт, тогтмол хэмжээгээр хооллож сурах нь маш чухал. Ингэж хооллож чадахгүй байдгаас л цөс удаан хуримтлагдаж өтгөрдөг.

-Огцом ихээр хоол хүнс хэрэглэснээр нэмэгдсэн жингийн илүүдлээс хэрхэн салах нь зөв бэ?

-Огцом их иднэ гэдэг бол ходоод гэдсэнд маш их ачаалал өгдөг. Мэдээж жингээ огцом хасна гэж байхгүй. Хүмүүс өргөс авсан юм шиг үр дүнг хүсээд байдаг. Тиймдээ ч элдэв тураах бүтээгдэхүүнийг сонирхож мөнгө, цаг, эрүүл мэндээ алддаг. Энэ тохиолдолд бол мэдээж хүн өдөрт авах шаардлагатай илчлэгээ хангасан хоол хүнсийг хэрэглэж, дасгал хөдөлгөөнийг түлхүү хийж л эрүүлээр жин хасах нь хамгийн зөв сонголт юм.

Илүүдэл жингээсээ хурдан хугацаанд салахыг хүсвэл хоолноосоо амтлаг хүнсийг бүр хасах хэрэгтэй (үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд) . Ус сайн ууж, эрүүл хооллож сурах нь зөв. Хүнсний сонголтоо зөв хийж хэдий үед нь аль хүнсийг хэрэглэх вэ гэдгийг мэдэж авах нь чухал. Үдээс өмнө бидэнд энергийн хэрэгцээ их тул гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, ногоо, жимс, махан хоол сонгох, оройдоо маш хөнгөн хооллож, өөрт тохирсон хөдөлгөөнийг хийж чадвал илүүдэл жингээс айх шаардлагагүй болно.

-Ярилцсанд баярлалаа.