Э.Отгонзул: БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн материалаа хоёр замаар өгөх боломжтой

4 months ago admin 0

БНСУ-ын 2018-2019 оны Засгийн газрын тэтгэлэг зарлагдсантай холбогдуулан 2016 онд тус тэтгэлэгт шалгарч, Солонгос улсын Ханяанг Их Сургуульд цахилгааны инженерийн мастерын хөтөлбөрөөр элсэн суралцаж байгаа Э.Отгонзултай ярилцлаа. Та дараахь ярилцлагаас тэтгэлгийн шаардлага, материалаа илгээхдээ юунд анхаарах хэрэгтэй зэрэг мэдээллийг сонирхоно уу.

 

-БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгийн талаар танилцуулбал…?

-Олон улсын боловсролын харилцан солилцоо болон улс хоорондын найрсаг харилцааг дэмжих зорилгоор БНСУ-н Засгийн газраас гадаад оюутнуудыг тус улсын их дээд сургуулиудад бакалаврын болон зэргийн дараах сургалтад элсэн суралцах боломжоор хангадаг. Мастер болон докторын хөтөлбөрт жил 700 орчим оюутан шалгаруулж тэтгэлэг олгодог. Монгол Улсаас жилд дунджаар 15 орчим хүн тус тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлгийн хувьд онгоцны хоёр талын нислэгийн билетийн зардал, ирээд суурьшин төвхнөх зардал, амьжиргааны сар бүрийн тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэлийн зургаан сараас 1 жил хүртэлх сургалтын төлбөр, сургуулийн сургалтын төлбөр багтдаг. Солонгос хэлний өндөр төвшин (TOPIK-2 төвшний шалгалтын-5,6-р төвшин) хангасан суралцагчдад тусгай нэмэгдэл тэтгэлэг, улирал тутмын судалгааны дэмжлэг тэтгэмж, цаашлаад диссертаци хэвлэх зардал зэргийг хангаж өгдөг. Тэтгэлгийн хэмжээ өндөр, бүрэн тэтгэлэг олгодог учир суралцаж байх хугацаандаа оюутан хичээлдээ л гол анхаарлаа төвлөрүүлж суралцах боломжтой.

-Тэтгэлгийн сонгон шалгаруулалт болон материал бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тэтгэлэгт материалаа хоёр замаар өгч болдог. Нэгдүгээрт, Элчин сайдын яамаар дамжуулан гурван сургууль сонгож өгнө. Хоёрдугаарт сонгосон сургуульдаа шууд материалаа өгч болно. Энэ хоёр замаар зэрэг өгч болдоггүй. Элчин сайдын яамаар дамжуулж өгсөн тохиолдолд сургуулиар дамжуулж өгөх боломжгүй гэсэн үг.

Элчингээр дамжуулж материалаа өгч буй тохиолдолд гурван сургуулийн аль нэгэнд нь тэнцэх магадлал өндөр юм шиг санагдаж байж магадгүй. Гэвч нэг талаасаа илүү олон хүн энэ замаар материалаа өгдөг учир өрсөлдөөн ихтэй.

Материалаа илгээсний дараа Элчин болон тухайн сургууль тус тус материалуудыг нь шалгаж, шүүж үзээд, ярилцлага авснаар тодорхой тооны тэтгэлэг горилогчдыг шалгаруулж Солонгос улсын Засгийн газрын харьяа агентлаг болох Олон Улсын Боловсролын Институц (ОУБИ)-руу нэр дэвшүүлж материалуудыг нь явуулдаг.

ОУБИ нь тэтгэлэг горилогчдын материалууд дээр үндэслэн тэтгэлгийн эцсийн шатны сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарагсдын нэрсийг эргээд Элчин сайдын яам болон сургуулиуд руу мэдээлдэг. Энэ шатанд тэнцсэн бол Засгийн газрын тэтгэлэгт шалгарсан гэсэн үг.

Үүний дараа эрүүл мэндийн үзлэгийн хариу, пасспортын хуулбар зэргийг явуулах ба тус тусын сургуулийн онцлогоос шалтгаалаад элсэлтийн мэргэжилтнээс заавар бүхий имейл авдаг.

Байгалийн шинжлэх ухаан, инженер, технологи, эрүүл мэнд зэрэг чиглэлээр зэргийн дараах хөтөлбөрт суралцагсдын хувьд лабораторийн судалгаа заавал хийдэг гэдгээрээ өөрийн судалгааны удирдагч багш болоод лабораторио сонгох, олох хэрэгтэй болдог.

-Яагаад энэ тэтгэлгийг сонгосон бэ?

-Нэгд, дээр дурдсанчлан бүтэн тэтгэлэг гэдгээрээ сонирхолтой байсан. Хоёрт, гадаад улсын Засгийн газрын тэтгэлгүүд бакалаврын хөтөлбөрөө дөнгөж төгсөгчдөд 2 орчим жил ажилласан ажлын туршлага заасан байдаг. Харин БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг ажилласан жилийн хугацаа заадаггүй. Би төгсөх жилдээ энэ тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөхөд дипломоо хараахан аваагүй байсан. Гэсэн ч дүнгийн тодорхойлолт, тэтгэлгийн хугацаа эхлэхээс өмнө төгсөхийг баталсан сертификат байхад асуудалгүйгээр материалуудыг минь хүлээн авсан.

Төгсөх жилдээ “Төгсөх гээд байдаг, гэтэл сурах зүйлс их, хүсэж байсан инженер болоход цахилгааны чиглэлээр гүнзгийрч суралцах хэрэгтэй” байна гэж их бодогдсон. Тиймээс насны залууд үргэлжлүүлэн суралцъя, туршлага хуримтлуулъя, харь оронд бие дааж ганцаараа амьдарч үзье, өөрийгөө сорьё гэсэн бодол төрсөн. БНСУ-д суралцах төлөвлөгөөг эрт гаргаагүй. Тэтгэлгийн нөхцөл сайн, манай улстай ойрхон төдийгүй шинэ хэл сурах, олон орны оюутнуудтай уулзаж нөхөрлөх боломжтой гэсэн давуу талууд миний шийдвэрт бас нөлөөлсөн.

-Тэтгэлгийн онцлогийг та хэрхэн дүгнэх вэ?

-Бусад Засгийн газрын тэтгэлгүүдийг бодвол нэг жилд харьцангуй олон хүн авдаг. Шалгуур их өндөр биш ч гэсэн үүнийгээ дагаад тус тэтгэлэгт өрсөлдөгч их байна гэж ойлгож болно. Хэлний бэлтгэлтэй цөөн тэтгэлэг байдаг. Хэлний бэлтгэлийн 6 сараас нэг жилийн хугацаанд эх нутагт нь Солонгос хэл, соёлоос нь тусгай хөтөлбөрийн дагуу, мэргэжлийн багш нараас нь суралцах боломжтойгоос гадна маш олон орны оюутнуудтай уулзаж нөхөрлөх, аялах боломжтой. Хэлний бэлтгэл нь олон орны найзуудтай болох боломжийг олгодог.

-Та шалгууруудыг хангахын тулд хэрхэн бэлтгэл хийсэн бэ, хэдий хугацаанд зорилгодоо хүрсэн бэ?

-Сурлагын голч оноо, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон байдал, мэргэжлийн тэмцээн уралдаанд оролцсон амжилтууд, гадаад хэлний түвшин тогтоох шалгалтуудын оноо зэрэг нийтлэг шалгуурууд байдаг шүү дээ. Зөвхөн тэтгэлэг авна гэхээсээ илүүтэй их сургуульд суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэхийн тулд оролцож болох тэмцээн уралдаан, олон нийтийн ажил, төрөл бүрийн хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж байсан.Цагийн ажил хийж мөнгөө цуглуулаад англи хэлний сургалтад бүртгүүлж байсан юм байна. Хүн өөрийгөө голохгүй, өөртөө итгээд бүтэшгүй том даваа гэж халшралгүй зүтгээд үзэхэд чадахгүй зүйл гэж байдаггүй гэдгийг их сургуульдаа ухаарсан. Эхний багахан амжилт дараагийн том амжилтын урьтач нөхцөл болдог гэдгийг хэлмээр байна. Гол нь өөртөө итгээд одоо-д төвлөрөөд зүтгээд л байх хэрэгтэй.

-Энэ тэтгэлэгт хамрагдахад гол нь юунд анхаарах хэрэгтэй вэ. Одоо материалаа илгээх гэж байгаа оюутнуудад захиж өөрийн туршлагаасаа хуваалцвал…?

-Юуны түрүүнд тэтгэлэгт хамрагдах гэхээсээ илүүтэй би яг хаана сурмаар байна, юуг суралцмаар байна, ирээдүйд хэн болох вэ гэдгээ мэдэж, өөрийгөө сайн таних чухал. Хүн бүрт өөр өөрийн цаг хугацаа байдаг гэдэгт итгэдэг. Өөрийгөө хурдан таньж мэдэхийн тулд төрөл бүрийн юмс хийж, туршиж үзэх, хүмүүстэй ярилцаж танилцах чухал. Өөрийгөө таних цаг хугацааг гаргах хэрэгтэй. Нухацтай шийдвэр нэгэнт гаргачихсан бол үүний дараа сайн төлөвлөгөө бас судалгаа чухал гэж хэлмээр байна.Тэтгэлгийн шаардлагууд юу байна, тэрийгээ хангахад би юуг сурч, юугаа сайжруулах вэ хэмээн бодоод төлөвлөгөө гаргах ёстой. Тэтгэлэгт хамрагдсан хүмүүс өөрийн туршлагаа цахим хуудсаараа дамжуулж их хуваалцдаг болсон. Тэдгээрийг ч сайн үзэж, судлах хэрэгтэй. Би Монголд байхдаа google map ашиглаж сургуулийнхаа кампус орчмоор аялж үзсэн. Орчинтой нь танилцаад, судлаад ирвэл илүү амар байх болно гэж бодож байна.

Очоод суралцах орчин ямар вэ, сургалтын хөтөлбөр хэрхэн тусгагдсан бэ, судалгааны чиглэл ямар байх вэ, судалгааны профессор минь хэн бэ гэдгийг сайн судалж үзээд шийдвэр гаргах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Өмнө дурдсанчлан өөрийгөө гололгүйгээр, өөртөө итгэлтэй байж, зорилгодоо хүрэх алхмуудыг төлөвлөөд гүйцэтгээрэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.