Ж.Сэржээ: Хүний нэрийг бүтэн дуудах хэрэгтэй. Учир нь…

2 months ago admin 0

Монголчуудын нэр өгөх ёсон, нэрний утга учир, хувьслын тухай нэр судлаач, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Сэржээ гуайтай ярилцлаа.

 

-Та Монголдоо хамгийн анх хүн болоод юмсын нэршлийг судалсан билээ. Яагаад нэрийн утга учир судлах болсон бэ?

-Нэр гэдэг нь зөвхөн хүний нэр биш, бидний эргэн тойронд байгаа юм бүхний оноож дууддаг үг буюу монгол хэлний үгийн сангийн нэгээхэн хэсэг юм. Анх 1970 аад оны үеэр оюутан байхаасаа Ч.Лувсанжав багшийнхаа зөвлөснөөр хүний нэр судалж төгсөлтийн ажлаа “Монгол хүний нэр судлал” гэсэн сэдвээр бичиж хамгаалж, цаашлаад энэ сэдвээ дагнан дэд эрдэмтний зэрэг авч байлаа. Хүний нэр гэдэг ямагт учир утгатай байдаг, эцэг эх нь эсвэл лам багш нь ч байсан хүүхдэд ямар нэгэн учрыг бэлгэдэж нэр хайрладаг. Үүнийг судлах нь тухайн улс, үндэстний түүхийн хувьсал нийгмийн онцлог, аж ахуйг бүтнээр нь судлах боломжийг олгодог юм.

-Монгол нэрийн утга учир буюу манайхан хүүхдэдээ ямар нэрийг түлхүү өгдөг вэ. Мөн хүүхдэд нэр өгөхдөө олон ёс заншлыг дагаж, өдөр судар, жил усыг нь тааруулж сонгодог энэ талаар таны бодол юу вэ?

-Сэтгэлгээний онцлогийн нөлөө буюу “Амны билгээс ашдын билэг” гэдэг онолоор Монголчууд хүүхдэдээ үргэлж сайн сайхныг бэлгэдсэн нэр өгдөг. Түвд ч бай санскрст ч бай бүх нэр сайхан, өсөн дэвжих, эрүүл энх, энх тунх байхыг бэлгэдсэн утгатай байдаг. Жишээлбэл, Монголоор Уртнасан, Өвөр Монголоор Насанурт, түвдээр Цэрэн гэдэг нэрүүд бүгд урт удаан наслахыг ерөөсөн байдаг. Мөн муу муухай утгатай ч нэр байдаг. Гэхдээ энэ нь ч мөн муу муухайг хүүхдээсээ холуур өнгөрөөж, хамгаалах гэсний шинж юм.

Нэлээд хэдэн жилийн өмнө лам багшаас асууж нэр өгөх тохиолдол их олон байсан. Одоо бол сонголтыг эцэг эхчүүд өөрсдөө хийдэг болжээ. Тэр нь ч дээр. Бас төрсөн гаригийн нэрээр нэрлэх тохиолдол ч элбэг. Нэр өгөх ёсны тухайд төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг зэргийг их бодолцож, сайн өдөр сонгох, эрэгтэй хүүхдийн баруун, эмэгтэй хүүхдийн зүүн чихэнд шивнэж өгөх зэрэг олон ёс заншил байдаг. Монголчуудын түлхүү хэрэглэдэг нь арвайн дотор нэр хийгээд шигшиж, гарсныг өгдөг ёсыг хэрэглэдэг.

-Хүний нэр хүнддэх гэж байдаг уу?

-Энэ асуудлыг шинжлэх ухааны аргаар тайлбарлах боломж одоогоор байхгүй. Зарим талаасаа сүсэг бишрэлтэй холбогдох асуудал юм. Эцэг эхчүүд хэн нэг лам багшийн үгийг бодож биш хүүхдийнхээ ирээдүйг бодож нэр өгөх хэрэгтэй. Нэр гэдэг зөвхөн тэмдэг, хэчнээн Чингис, Өгөөдэй гэдэг нэртэй хүн байгаад ч уг хүн, хүмүүжил муу байх тохиолдол их. Би хувьдаа хүний сайн явах нэр зохисон зохиогүйгээс хамаарахгүй гэж боддог.

-Хүний нэрийг хагасалж дуудах нь тухайн хүний заяа төөргийг ч хагасалдаг гэх яриа байдаг. Энэ тухай таны бодол?

-Заяа төөрөг гэх мэт цаад сүсэг бишрэлийн зүйлийг яриад яах вэ. Хамгийн гол нь тухайн хүн хэн гэдэг нэртэй байна тэр нэрээр нь бүтэн дуудах хэрэгтэй. Энэ бол наад захын хүндлэлийн шинж, эс тэгвээс тухайн хүний ажил амьдрал, нийгэм дэх байр суурийг үгүйсгэж буй хэрэг болно.

-Монгол нэрийн түүхэн хувьслын тухай яривал?

-Манай нэрний хувьсал гэвэл их сонирхолтой, нийгэм өөрчлөгдөх болгонд сайн сайхны бэлгэдэл шинээр урган гардагтай холбоотой. Шарын шашны давалгааллын үер XVIII, XIX зууны үеийн хүмүүсийн ихэнх нь түвд, санскрит бурхан шашны нэр их дэлгэрсэн. Гэтэл 1930-аад оны үед болсон хэлмэгдүүлэлтийн дараа шашны нэр багассан. Үүний дараа 1939 оны Халх голын дайн, Дэлхийн II дайны дараагаар цэрэг армийн холбогдолтой, Отряд, Винтов, Дайнхүү зэрэг нэр их түгээмэл болсон. Мөн 1950-60-аад оны үед төрсөн хүмүүст “Энх” цагийг бэлгэдсэн Энхбаяр, Энхболд нэр олонх байдаг. Түүнчлэн сансарт анх хүн ниссэн он жилүүдэд Сансар, Эрхэс, Сансармаа зэрэг нэр хамгийн түгээмэл байсан.Cүүлийн жилүүдэд богино нэг үетэй эсвэл алдартай тамирчдын нэрийг хүүхдэдээ өгөх тохиолдол их болсон.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс хүүхдэдээ нэг үгээс бүтсэн богино нэр өгдөг болсон гэлээ, энэ юунаас шалтгаалсан бэ?

-Нийгмийн өөрчлөлттэй л холбоотой, эцэг эхчүүд хүүхдэдээ хүссэн нэрээ өгч болно. Гэхдээ тэр нэр гэдэг бол бусдаас ялгарах, ялгах хамгийн том тэмдэг. Учир нь хүүхэдтэй нь насан туршид хамт байх тухай сайн бодож үзэх хэрэгтэй. Зарим үед эцэг эхчүүд хүүхдэдээ сэтгэл хөөрлөөр, эвсэл тухайн үеийн байдлаар нэр өгчихдөг. Гэтэл энэ нь нийтлэг нэр бий болох хамгийн гол шалтгаан болж байна. Тухайлбал, Бат-Эрдэнэ гэдэг нэртэй 16 мянга орчим хүн байна шүү дээ.

Сэржээ
-Монголчуудын ихэнх хувийг Боржигон овогтой гэдэг. Ийм олноороо нэг овгийнх байх боломжтой юу?

-Овог бол хүний эртний гарлыг тодорхойлдог зүйл. Монголчууд эртнээс ургийн бичгийг хөтөлж ирсэн олон ном дурсгал бий. Наад зах нь Нууц товчоон дээр л гэхэд Монгол угсаа нь Бөртэ чоно, Гуа марлаас үүдэлтэй гэх зэргээр олон үеийн нэрсийг агуулсан ургийн бичгийн дурсгал бий. Энэ уламжлал Ардын хувьсгалаас хойшоо алдагдаж, сүүлд дахин сэргээх үеэр овгоо мэдэхгүй хүн олон байснаас л нэг овогтой олон хүн бий болсон. Гэхдээ энэ нь зөвхөн манай жишээ биш Орост ч мөн адил Иван Иванович Иванов, Солонгост Ким зэрэг үндэстний олонход байдаг овгууд олон.

Сүүлд овог сэргээх хөдөлгөөний үер миний бичсэн номонд өөрийн эцэг эх, түүний дээд үеийн амьдарч байсан нутаг, хошуунд оршин буй баталгаатай бүх овог угсаанаас өөрийн овгийг шинээр зохиож авч болно гэсэн заавар бий. Харин Боржигон овог угийн язгуур угсааны овог тул бараг бүх хошуу ноёд, түшмэлүүд энэ овогтой байж. Ийм учраас л нутаг бүрт боржигон овогтой хүний тоо олон байгаа юм.

Гэхдээ зарим нөхдүүдийн ярьдаг шиг Монголчуудын 86.8 хувь нь боржигон овогтой гэх зэрэг худлаа. Улсын иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд 21 орчим хувь нь боржигин овогтой байсан юм.

-Монголд байдаг хамгийн сонирхолтой нэрсээс дурдвал…

-Түрүүн хэлсэнчлэн хүүхдээ муу зүйлээс хамгаалах, эрүүл мэнд урт наслахыг бэлгэдэхийн тулд янз бүрийн нэр өгдөг байж. Үүнд, Яахав, Жаргалгүй, Чаддаггүй, Тэнэмэл, Жингэр, Тахиахүү, Чуганц, Ядуу, Уранхай, Дэмиймаа, Шулмаа зэрэг нэртэй хүмүүс ч бий.

Мөн нийгэмд бий болсон шинэ үзэгдлийг сайн сайхан гэж ухуулснаар хүүхдэдээ Сонгууль, Атарбаяр, Банк, Монцамэ, Цахилгаан, Шинэүсэг, Орчуулагч гэдэг нэр өгсөн явдал ч байжээ.

Тухайн үед болсон үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийг Монголд айлчлах үеэр төрсөн хоёр ихэр хүүхдийн Буш, Лора гэж нэрлэсэн тохиолдол байдаг.

Хачирхалтай нэр гэвэл Хөвсгөл аймагт байдаг нэгэн гэр бүл таван хүүхдэдээ Хөвсгөл, Аймаг, Тосон, Цэнгэл, Сумаа гэж өөрийн нутгийн нэрийг өгч байсан аж.

Хамгийн урт нэр гэвэл дөрвөн үгээс бүтсэн Эхорнынэгөглөө, Адилбишдоржсүрэн, Сайнбуянзаяадэлгэр, Дамдинчойсүрэнжав, Ербишхэнмэдэхэв, Хүнбишчулуундорж. Нэр нь ямагт тухайн цаг үеийн тусгал болдог. Тухайлбал, тэр хүүхдээ хамгаалах гэж өгсөн сөрөг утгатай нэрс нь тэр үед бага насны хүүхдийн өвчлөл их, түүнийг нь эмчлэх боломж байгаагүй учраас олон нялхас энддэг үед хүүхдээ хамгаалах гэсэн шашны холбогдолтой зан үйл болж байгаа юм. Тухайн нэр ямар ч утгатай байсан тухайн үедээ хүүхдэдээ өгөх ямар нэгэн шалтгаан байсан байж таардаг юм.

-Ярилцсанд баярлалаа.