Юу гэр бүлийн жинхэнэ дайсан болдог вэ

2 months ago admin 0

Та гэр бүлийн харилцаа таагүй байхад архи дарс уух, бие биенээ хуурах нь нөлөөлдөг гэсэн тойм төдий ойлголттой байна уу. Тэгвэл танд гэр бүлийн жинхэнэ дайсан юу болох талаар гэр бүл судлаач, доктор Т.Намжилын зөвлөмжийг онцлон хүргэж байна.

 

Эхнэр, нөхөр хоёр бие биенээ хуурах

Эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь юм уу эсвэл хоёулаа ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоох нь гэр бүлийг жинхэнэ бусниулна. Хосууд хайр сэтгэлдээ хүндэтгэлгүй хандаж, өрөөл бусадтай сээтэгнэх нь гэр бүлийг бусниулдаг онцгой дайсан юм.

Эхнэр, нөхөр хоёрын хэн нэгэн нь эсвэл хоёулаа архи уух

Байнга архидах, улмаар архинд донтох нь ямар ч сайхан гэр бүлийг үгүй хийдэг маш хортой зуршил юм. Архидалт байгаа газар хэрүүл, маргаан, үл ойлголцол, зодоон цохион, нулимс, гуниг гутрал, завхайрал, бие биеэ үл хүндэтгэсэн хүйтэн харилцаа, хардалт, үр хүүхдийн буруу хүмүүжил бүгд багтдаг. Эдгээр нь гэр бүлийн жинхэнэ дайсан юм.

Эхнэр, нөхөр хоёр харилцааны соёл, ярианы эв дүй муутай байх

Гэр бүлийн тайван байдлыг алдагдуулдаг нэг зүйл бол муу муухай үг хэлж нэг нэгнээ гомдоох, харааж зүхэх, үглэж янших, хэт шүүмжлэх, бусдад муучлах юм. Хэн нэгнийхээ өнгөрсөн үеийн түүх намтар, алдаа дутагдлыг уудлан тоочих нь гэр бүлийн харилцаанд сэв суулгадаг.

Эхнэр, нөхөр хоёр ааш зангийн хувьд хоорондоо таарамжгүй байх

Гэр бүлийг салж сарнихад хүргэдэг нэг хүчин зүйл нь эхнэр нөхрийн харилцааны зөрчил юм. Тэвчээргүй зангаасаа болж нэг нэгнийхээ үгийг сөрөх, хэрэлдэх, ханийнхаа эцэг эхтэй таарамжгүй байх, дагавар хүүхдээ шоовдорлох нь гэр бүл сарнихад хүргэдэг.

Эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь эсвэл хоёулаа хар амиа бодож өөрийгөө бөөцийлөх

Хүний хань болчихоод зөвхөн хар амиа бодож, өөрийгөө бөөцийлөх нь гэр бүлийн дайсан юм. Учир нь тийм хүн ханьдаа анхаарал халамж бага тавьснаас зөрчил үүсдэг. Хувиа хичээж, биеэ нөөсөн бэртэгчин хүмүүс нэгнийгээ яг л албат мэт зардаг. Хамаг ажлаа ханиараа хийлгэчихээд өөрөө ямар ч ажил төрөл хийхгүй сул чөлөөтэй байхыг хичээдэг. Энэ байдал нь гэр бүлд маргааныг үүсгэдэг муу зуршил юм.

Эцэг, эх нь гэр бүлийн дотоод асуудалд хэт оролцох

Эцэг, эх нь гэр бүлийн амьдралд хэт оролцдог бол жинхэнэ хорлон сүйтгэгч гэхээс өөр яалтай. Эцэг, эхчүүд хосуудын дотоод амьдралд оролцож, хутган үймүүлж, элдвийн хов жив, хорон үг хэлж, яс хаях нь гэр бүлд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь залуу хосуудын сэтгэл санааг бүр мөсөн эвддэг.

Эхнэр, нөхөр хоёрын бусдад хандах хандлага хэт өөр байх

Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүний хэрэгцээ сонирхол өөр байдаг. Гэхдээ бусдад хэтэрхий өөр өөр хандвал таарамжгүй байдал үүсэх учир бодол санаагаа нэгтгэхийг хичээх хэрэгтэй. Бие биенийхээ ажил мэргэжил, хүсэл сонирхлыг хүндэтгэж, чин сэтгэлээсээ тусалдаг байвал зүгээр.

Хоёр өөр арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэх

Эцэг, эх хоёр хүүхдээ нэг нэгнээсээ өмөөрөх нь зөрчлийн гол эх үүсвэр болдгийг санаарай. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ яг адилхан шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Хүүхдэдээ анхаарал бага тавих, зөнд нь орхих, бүх бурууг зөвхөн хүүхдэдээ тохох эсвэл хэт бөөцийлөх зэрэг нь гэр бүлийн маргааны эхлэл болдог.