Ө.Хишигжаргал: Би С.Ганбаатарыг гурван хоногийн дотор Засгийн газарт өрөөтэй болгосон

4 months ago admin 0

Фэнг-Шүйгийн Хишигжаргал гэж хийдэг ажлаараа овоглодог нэгэн зочинтой ярилцлаа. Аливаа муу бүхнийг зайлуулж, ахуй амьдралд хэрэгтэй, аз хийморь, амжилт, мөнгийг амьдралдаа яаж их байлгах талаар зөвлөдөг түүний яриаг цөөнгүй хүмүүс чих тавин сонсдог. Зарим айлууд дэвжиж дээшлэх нь удаан байхад зарим нь маш чинээлэг аз жаргалтай амьдардгийн нууц болон хүмүүсийн сонирхлыг татдаг цөөнгүй сэдвээр ярилцсаныг хүлээн авна уу.

– Фэнг- шүй гэж дом уу? Ямар нэгэн шашинд хамаарах уу?

– Фэнг-салхи, шүй-ус гэсэн хятад үг. Фэнг-шүй ямар нэгэн шашинд хамаарахгүй. Бидний өвөг дээдсийн зан үйл, амьдрах хар ухаан дээр үндэслэгдэж гарч ирсэн. Энэтхэгт үүсээд, Хятад, Төвд тэгээд Монгол руу орж ирсэн.

Сүүлийн үед фэнг-шүйг хүмүүс шинжлэх ухаан талаас нь мөн амьдралын хар ухаан талаас нь судалчихсан, бүр ёс зан заншил болгочихсон байна. Нэг ёсны газар ус шинждэг ухаан юм.

– Хичнээн улс орон фэнг-шүйг түлхүү хэрэглэж байна вэ?

-Азийн дөрвөн бар тэр чигээрээ Фэнг-шүй хэрэглэдэг. Хятадын Мао Зедун Фэнг-шүйг хориод, буруу урсгалыг түлхүү гаргаж ирсэн. Гэтэл орчин үед Лилианту багш гарч ирээд Хятадын дээр үеийн том мастеруудын судалгааны ном зэргийг олж авч түлхүү судалж бүр хөгжүүлсэн байдаг юм. Лилианту багш маань Малайзад амьдардаг, хятад гаралтай, Хонконгод том банкны захирал байсан, Хорвардын их сургууль төгссөн, мундаг эмэгтэй л дээ. Англи, Америк, Герман гээд нэлээн олон оронд Фэнг-шүй тархсан. Би өөрийн болон маш олон хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлтэл судаллаа.

– Таны амьдралд Фэнг-шүй яаж нөлөөлөв?

– Би 1985 онд аравдугаар анги төгсөөд Барилгын ТМС-д суралцсан. 1986 онд СОТ-3-т ороод 1990 онд дөрөвхөн жил ажиллаад хорооллын эцэст тусгай гал тогоотой, ванн, жорлонтой хоёр өрөө байранд орсон юм. Тэр үед охин маань гэдсэнд, хүү хоёр настай байсан. Ер нь тэр байранд ороод бид хоёр дэвжээгүй ээ.

– Монголд анх Фэнг-шүйг оруулж ирсэн УИХ-ын гишүүн С. Ганбаатар таны багш уу?

– Багш биш ээ. Багш гэж би хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг өдөр зурагтаа асаасан чинь Ганбаатар “Энэ мэлхийг үүд рүүгээ харуулж тавибал мөнгө дууддаг” гээд ярьж байна. “Мэлхий үүд рүүгээ харуулж тавиад мөнгө дуудна гэнэ үү, ямар сонин юм ярьдаг залуу вэ” гээд тухайн үед чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн. Дараа нь Их дэлгүүр орох гээд явж байсан чинь нөгөө Фэнг-шүй гэдэг дэлгүүр тааралдлаа. Мөнгө дууддаг, урт наслуулдаг, оюун ухаан сайжруулдаг гээд янз бүрийн зүүлт, хонх, зоос, мэлхий гээд зөндөө л гоё юмнууд байсан. Даанч их үнэтэй. Тухайн үед би 2000 төгрөгтэй л явсан байх. Гоё юм байна, хонх нь ч гоё дуугардаг юм байна гээд тойроод гарах гэтэл “Манайх Фэнг-шүйгийн ном гаргасан шүү” гэж байна.

Номыг нь эргүүлтэл “Гал тогоонд хогийн шүүр ил байж болохгүй” гэсэн том гарчиг байсан. Их сонирхолтой санагдаад хоёр бөгжөө ломбарданд тавиад, 10 мянган төгрөгөөр номоо аваад их happy гэртээ ирээд уншлаа. Тэгсэн тэгж ч болохгүй, хойшоо харсан хаалгатай айл муу гээд бөөн болохгүй юмнууд.

Манайх хойшоо харсан хаалгатай хоёр өрөө байр. Нөгөө номоо шөнөжингөө уншсан ч зарим юмыг нь ойлгодоггүй ээ. Маргааш нь нөгөө дэлгүүрт очоод “Миний дүү тэгж болохгүй, ингэж болохгүй гээд байна, яах вэ” гэсэн.

Ер нь Фэнг-шүйгийн номыг уншихад ойлгохгүй шүү, хэцүү.

Тэгсэн “Манайх орон байрны зөвлөгөө өгдөг. Та манай зөвлөгчийг аваад явахгүй юу” гэлээ. Гэр рүүгээ явах зуур таван махбодын онол гэсэн чинь ертөнцийн зүгээр юмуу, нэгэнт баригдсан байшинг яах вэ, яаж зүг чигээ гаргах вэ гээд зөндөө л юм асуусан .

Манай гал тогоо дундаа, том өрөө зүүн талдаа, баруун урдаа жижиг өрөө байдаг юм. Орон байрны зөвлөгч залуу баруун урд талын өрөөнд орсноо “Та ямар гоё олон цэцэг тарьдаг юм. Энэ цэцэгнүүдээ баруун урд талын өрөөнд ерөөсөө тавьж болохгүй. Баруун урд байгаа цэцэгнүүдээ та гал тогоо, зүүн, зүүн урд руугаа тавь” гэсэн. Дор нь зөөгөөд тавьсан. Гал тогоонд ороод нэг их юм хэлээгүй. Тавилга гайгүй байсан юм байлгүй.

Миний цэцэгнүүд дундаас халбаган кактусыг “Энэ цэцэг чинь мөнгөний мод, зүүн урдаа тавьчих” зөвлөгчийг хэлэхээр би том өрөөнийхөө зүүн өмнө зүгт тавьсан.

Тэр цэцгийг тавив уу үгүй юу манай хаалгыг хүн тогшлоо. “Айраг зарж байгаа айл мөн үү” гээд нэг ах ороод ирсэн. Найз маань 80 литр айраг авчраад манайд тавьчихсан өдөрт 1-2 литрийг л зардаг байсан юм. “Долоо хоноод хахарчихсан, энэ ах авахгүй дээ” гэж бодлоо.

Тэгсэн ч нөгөө ахад “Уугаад үз дээ” гээд аяганд хийгээд өгсөн чинь “25-ын хоёр канистрт хийчих” гэхэд нь нүд орой дээрээ гарсан. Сонин байгаа биз дээ, урьд нь бараг зарагддаггүй байсан айраг зөвхөн тэр цэцэг тавьсны дараа хэдхэн секундийн дараа зарагдсан.

– Хүмүүс ямар нэгэн засал хийсний дараа ихэвчлэн хүлээдэг. Таны хувьд тэр дороо биелжээ?

– Тийм, хэдхэн секундийн дотор.

Тэр л агшин намайг Фэнг-шүйд оруулсан

Ерөөсөө тэр агшин намайг Фэнг-шүйд оруулсан. Нөгөө цэцгээ тавьсны дараа зөвлөгч залуу том өрөөнөөс гараад “ Эгч ээ жорлон чинь болохгүй байна даа” гэлээ. “9 давхрын жорлонг би яах билээ” гэсэн “Танай жорлон баруун хойно байрлачихсан байна. . Баруун хойд зүг бол эр хүний хийморь лундааны зүг. Гэтэл тэнд жорлон байхаар ямар байх вэ та төсөөлөөд үзээрэй” гэлээ. “Тэгээд яахав гэсэн баруун хойноо таван гуурстай хонх тавь” гэхээр нь тэр даруй фэнг-шүйгийн дэлгүүрээс нөгөө хонхыг нь аваад тавьчихлаа. Номоо уншаад сайн ойлгосон болохоор заслаа их хурдан хийсэн л дээ. Найман зүг найман баялагтай. Засал нь тэр хонх. Дараа нь би зөндөө засал сурсан.

Нөхөр инженер, би цахилгаанчин болохоор хамаг багаж, тоног төхөөрөмжөө зүүн урд талын полкон дээрээ овоолдог байсан. Зүүн урд зүг чинь мөнгөний зүг, модон махбодын зүг. Гэтэл төмөр сүхээр мод цавчдаг биз дээ.

Дахиад ирээд номоо уншиж байгаад гэрээ зурлаа. 9 нүдэнд хуваачихаж байгаа юм. Гэхдээ точный биш хувааж байгаа юм л даа. Манай хөрш айл яг адилхан хоёр өрөө, хойшоо харсан хаалгатай. Хаалга нь адилхан хойшоо харсан мөртлөө тэдний жорлон, манай жорлон хоёр хамарладаг. Ванн нь хамарладаг, жижиг өрөө нь хамарладаг. Тэдний том өрөө баруун талдаа.

– Яагаад заавал хөршийнхтэйгээ харьцуулсан юм бэ?

– Яагаад тэднийхтэй харьцуулсан бэ гэхээр яг адилхан амьдралтай. Хойшоо явж наймаа хийдэг. Тэднийх гурван хүүхэдтэй, манайх хоёр хүүхэдтэй. Нөхөр бид хоёр хэл устай, илүү боловсролтой, хоёулаа дээд сургууль төгсчихсөн. Тэднийх наймаа хийхэд юу л хийнэ бүтээд л байна. Манайх нэг л тааруу. Тэрнийх нь учрыг тэр шөнө олсон. Найман зүгийг таван махбодоор хуваангуут тэдний жорлон, манай жорлон хоёр хамарлана гэхэд тэднийх зүүн хойноо, манайх баруун хойноо. Тэднийх юугаараа асуудалтай байсан гэхээр гурван хүүхэд нь сурлага муу. Гэрийн багш хөлсөлдөг. Надад цагийн багш хөлсөлж хүүхдэдээ хичээл заалгах мөнгө байхгүй. Би хоёр хүүхдийнхээ даалгаврыг хий гэж хэлж үзээгүй дээ.

Тэр байранд ороод манай юу нь дээшилсэн гэхээр би дээд сургуульд орж төгссөн, нөхөр хоёр дахь дээд сургууль болох МУИС-ын эдийн засгийн ангийг төгссөн. Боловсролын зүг болох зүүн хойд талдаа манайх номын сангаа хураачихдаг. Том өрөө тэр чигээрээ зүүн хойно юм чинь.

Тэднийх эд баялаг нь сайн байсан гэхээр зүүн урдаа төмөр юм овоолдоггүй байсан байна, баруун хойд талдаа Чингис хивсээ тавьчихна, баруун хойд зүг гэдэг чинь өвөг дээдсийн зүг. Тэнд Чингис хаанаа залчихаар сайхан байлгүй яахав дээ. Манай 9 давхар байрны бүх харалдаа айлуудаа бодоход салсан нийлсэн, нас барсан тиймэрхүү айлууд байдаг. Хөрш айлын харалдаа айлууд ер нь гайгүй ээ, амьдрал ахуй нь нэлээн боломжийн. 2002 онд Фэнг-шүй орж ирэхэд гэр орноо тэгж засаад С.Ганбаатарыг лекц уншингуут нь очиж суудаг, гарсан ном болгоныг нь авч уншдаг байлаа.

– Таныг лам нарт жаахан гомдолтой явдаг гэж сонссон?

– Тийм ээ. Би лам нарт одоо хүртэл гомддог. 1998 онд манай эрэгтэй дүү хойно усанд живж нас барсан юм. Нас барсан дүү минь надад ухаарал өгсөн, одоо хүртэл би тэр ухаарлыг хүмүүст түгээдэг. Манай дүү Москва Улаанбаатарын хооронд наймаа хийдэг. Наймаа нь ашиг орлоготой байгаасай гэж ээж бид хоёр хийморийн сангаас өгсүүлээд зөндөө ном уншуулдаг байсан юм. Дүүгийнхээ он сар, нэрийг нь хэлээд ном уншуулж байхад “Энэ хүүхэд чинь мэнгэ нь голлочихсон байна” гэж хэлээд Жанаггагдог гэдэг ном уншчихсан бол миний дүү өнөөдөр амьд байх байсан. Хий насаараа 28-тай хүүхэд мэнгэ нь голлочихсон, долоон залуу зэрэгцэж явж байгаад ганцаархнаа усанд живээд нас барчихсан. Тэр дүүгээр алдсандаа би их харамсдаг болохоор мэнгэ голлодгийг судлаад одоо хүмүүст хэлж өгдөг юм. Дом хийхдээ долоон улаан мэнгэтэй хүмүүс мэнгэ голлож байгаа шүү, тийм тийм засал хийгээрэй гээд бичээд өгдөг.

9 жил тутамд хүний мэнгэ голлож байдаг. Мэнгэ голлохоор өвдөж хавддаг, эсвэл ажил төрөл нь бүтэмжгүй, эсвэл үхэж хатдаг.

– Фэнг-шүй бас зурхайтай холбогдоод байх шиг?

– Тийм ээ. Дүүгээсээ болж би зурхай судалж эхэллээ. Ер нь Фэнг-шүй зурхайтай их холбоотой. Таван махбодын онол манай зурхайд ордог. Мэнгэ чинь бас Фэнг- шүйдээ ордог юм. Будда Фэнг-шүй хоёрыг хослуулангуут ийм юм гарч ирдэг. Ямар ч шашинтай Фэнг-шүй харгалдахгүй.

Манай Лилианту багшийн гэрээр дүүрэн бурхан тахил байдаг. Фэнг шүйгийнхээ юмыг ч тавьдаг. Би маш олон айлаар орж байсан. Сайд дарга нарынхаар ч орж байлаа, том лам хуврагийнхаар ч орж байлаа, жирийн монгол гэртэй айлд ч орж байлаа. Гэхдээ багшийнх шигээ мундаг буддаг хүндэлсэн газар ороогүй. Нэг жижигхэн сүмд орчихож байгаа юм шиг байдаг.

2004 он гэхэд би хоёр жилийн дотор Фэнг-шүйг их сайн судалчихсан байсан. Америкийн виз гаргуулах гэсэн ажил төрөлтэй байх ёстой гээд би С.Ганбаатараас “Би танайд нэг сар үнэгүй ажиллаж өгье, намайг Фэнг шүйд ажилладаг нь үнэн” гэсэн тодорхойлолт хийж өгөөч гэж гуйсан. Тэр хугацаанд би үхэн хатан Фэнг шүйд дурлачихсан, бүгдийг нь уншчихсан. Заримдаа худалдагч нь тайлбарлаж чадахгүй юмыг тайлбарлачихна.

Тэгээд нэг сар ажиллаад Америкийн визэнд орсон чинь хар тамга даруулчихдаг юм байна. Уйлаад сууж байтал Ганбаатар: “Хишгээ чи манайд ажилла. Цалин жаахан бага. Бид нар чинь нэг их айхавтар ашиг олдоггүй юм” гэсэн. Тэгээд 50 мянган төгрөгний цалинтай Ганбаатарын дэлгүүрт нэг жил ажилласан. Эхэндээ тийм юм аваад ир гэсэн зарааланд явдаг байлаа. Намайг хүнд юм тайлбарлаж байхыг хараад Ганбаатар худалдагч болгосон. Худалдагч зөвхөн энэ мэлхий тийм юманд сайн, энэ сампин тэрэнд сайн гэж тайлбарлахаас биш, цаашаагаа орж ухахгүй шүү дээ. Хувь хүний зөвлөгөөг Сайнаа, Эрхэмээ, Ганбаатар нар хийгээд эхэлсэн. Надад зааж өгөхгүй. Тэгэхээр нь би Джангум шиг хичээл хийнгүүт, юу заасан, гээд л асуугаад бичиж авдаг байлаа.

– Хувь хүний болон насан туршийн зурлагыг яаж анх хийж эхлэв?

– Тусгай англи хэл дээр программ байдаг юм. Их үнэтэй программ. Өөрсдөө англи хэлтэй улсууд чинь судална. Худалдагч хийж байхад хааяа намайг Орос руу явуулдаг байсан. Явах тоолондоо би Фэнг шүй гэсэн ном худалдаж авдаг. Ганбаатараас миний илүү гарсан юм юу гэхээр би орос хэлтэй. Олон номтой, тэд нар ганц хоёрхон англи номтой байдаг байсан. Хэн нь ч надад тэг, ингэ гэж зааж өгөхгүй. Би юмыг сонсоод, хараад сурчихдаг, тэгээд нөгөө ярьсан юмнуудыг нь харьцуулна.

 

2005 онд цалин багатай, нөхөр ажилгүй хэцүү амьдарч байсан үе. Тэгсэн Ганбаатар, “Хишгээ чи дом хий, эмэгтэй хүн энэ домыг хийвэл их мундаг” гэж байна. Ганбаатар “Фэнг шүй” гээд ягаан хавтастай дом хийх тухай ном биччихсэн байсан. Тэгээд дом хийсэн миний хийсэн дом болгон хүмүүст үйлчилж байсан. Би Ганбаатарыг гурван хоногийн дотор Засгийн газарт өрөөтэй, Ерөнхийлөгчийн туслах болгож байсан. Тэгээд 2006 онд Азийн Фэнг шүйгээ нээсэн.

– Ер нь ажил, гэр, хувь хүний зурлагын алинаас нь эхэлбэл зүгээр вэ?

– Өвөг дээдэс маань биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр өөрөөсөө эхлэх ёстой. Орон байраа, хувь хүний зурлагатай хийчихсэн байхад ажил үйлс аяндаа бүтээд эхэлдэг. Чи гараад манай машины дугааруудыг харвал дандаа 88-аар төгссөн дугаартай машинууд байгаа.

– Одоо 8-ын тооны эрин үе гэж яригдаж байгаа билүү?

– Наймдугаар үе дээрээ явж байгаа. 8-ын тоо ерөнхийдөө хязгааргүй гэсэнтэй адилхан тэмдэглэгддэг. 8-ын тоог БА гэдэг юм. Ба гэдэг нь хятадаар баяжина гэсэн утгатай ханзаар бичигддэг юм байна л даа. Тийм учраас 1, 6, 8-ын тоонууд нэг цагаан мэнгэ, зургаан цагаан мэнгэ гэдэгтэй адилхан сайн гэж явдаг. 76-88 гэвэл баттай хурдан баяжина гэдэг ч юмуу. 78-88 байвал бүр тасархай. Хоёр 0 орсон байх юм бол, хоёр 0 чинь нийлэхээрээ 8-ын тоо шиг болчихож байгаа биз дээ, тэгэхээрээ сайн .

Yahoo, google гээд хоёр оо үсэгтэй компаниуд яагаад мундаг хөгжиж байгаа юм бэ гэхээр нэрнийх нь үсгэн дотор тоо байгаад учир нь байна. Нэг 0 байвал муу.

Харин 1, 6, 8 гэсэн тоо маш сайныг билэгддэг. Гэхдээ 58 гэхээр наймын тоо сайн гэж үзэхэд тавын тоо мөнгөгүй мууг илэрхийлдэг болохоор тав, найм гэдэг маань “мөнгөгүй хоосон” гэдэг утга илэрхийлэх жишээтэй. Тэгэхээр тоо, өнгө маш их утга санааг агуулдаг. Ер нь тоо өсч байвал сайн, уруудвал таагүй. Жишээлбэл 87, 86, 85 ч гэх юм уу. Бүх юм өнгө зүс, хэлбэр дүрс, дээрээс нь гарын үсэг хүртэл хүнд нөлөөлдөг.

– Амжилтын нууцын талаар бодлоо хуваалцаач?

– Сүсэг бишрэл, мөргөж залбир гэсэн юм ерөөсөө байхгүй. Би зурхайгаас гадна сэтгэл зүйн талын ном их уншдаг. Өөрийнхөө хийж байгаа ажлаа дуртай юмаа хийх юм бол ямар ч бизнест хүн амжилт гаргадаг. Фэнг шүйгээр орон байраа засчих, хувь хүнийхээ ээлтэй юмнуудаа зүүчих, тэгээд өөрийнхөө ажлыг урам зоригтой, баяр хөөртэй хий. Бушуу таван цаг болоосой, ажил тараасай гэдэг үүднээс ажил хийвэл ямар ч аз жаргал байхгүй, ямар ч амжилт бүтээл гарахгүй. Эцэст нь хэлэхэд хүн сэтгэлээрээ баян байх ёстой.