П.Баатар оточ: Хор нь гараагүй байхад ЯРГУЙ ИДЭЖ лусын өвчин тусах нь элбэгшээд байна

4 months ago admin 0

ХОР НЬ ГАРААГҮЙ БАЙХАД ЯРГУЙ ИДЭЖ ЛУСЫН ӨВЧИН ТУСАХ НЬ ЭЛБЭГШСЭН
Монгол Улсын гавьяат эмч, “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.БААТАРТАЙ ярилцлаа

-Удахгүй хавар цаг айлчлан ирэх гэж байна. Энэ улиралтай давхцаж жил бүр хүмүүс яргуй идэж дархлаагаа сайжруулна гэж хошуурдаг. Энэ нь хэр оновчтой зүйл вэ. Яргуйг ер нь яаж хэрэглэх ёстой юм бэ?

-Хавар цаг ирэхээр хүн болгон л шинэ гарсан яргуй идэж хүч тамир орно гэж зүтгэдэг нь үнэн. Гэхдээ яргуй идсэнээс болж янз бүрийн өвчин тусч байна. Өөрөөр хэлбэл, ургаж гүйцээгүй, хор нь гараагүй байхад яргуйг идэж могойн яр өвчин тусах нь элбэгшсэн.

Манайхан үүнийг лусын өвчин ч гэдэг. Дээр нь янз бүрийн вирусын гаралтай өвчнөөр өвдөж байна. Тэгэхээр наанадаж тухайн ургамлын хор нь гарсны дараа хэрэглэх хэрэгтэй. Манайхан хөмүүлийг тэнгэр дуугарч, бороо орсны дараа түүж хоол, хүнсэндээ хэрэглэдэг.

Яг үүнтэй адил эмийн ургамал өөр өөрийн гэсэн эмт чанар болон тод буух цаг үед нь түүж хэрэглэвэл үр өгөөжөө өгнө. Ганцхан түүлтээр идэх биш архи болон усанд дарах зэрэг олон аргаар эмийн ургамлыг хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, 2-3 төрлийн найрлагатай болгож хэрэглэвэл арга, билгийн хувьд зохицдог юм. Гэтэл манайхан ганцхан арга талыг нь барьснаас болж долоон тамир, гурван хий, таван махбоддоо өөрчлөлт оруулах нь түгээмэл болжээ.

-Тэгэхээр яргуйг яаж зөв, зүйтэй хэрэглэнэ гэсэн үг вэ?

-Яргуйг зүгээр нэг түүгээд идээд байж болохгүй. Ихэнх хүн долоо, найм, есөн яргуйг нэг дор түүж идвэл хоолойны ангина болон зарим өвчинд сайн гэж хошуурах юм.

Нөгөөтэйгүүр яргуй идсэн малын мах, гөрөөсний цус сайн гэж ууж, идэх гэж тэмүүлэх нь учиргүй их болжээ. Ингэж байгаад би харамсдаг. Дээр үеийн хашир, туршлагатай оточ, маарамбын аргаар яргуйг хоол хүнсэндээ ашиглах нь зөв.

Яргуй идсэн ямааны махыг борцолж шөлтэй хоол, цайндаа чимх чимхээр хийж идэх ёстой. Энэ л хамгийн шилдэг, зөв арга. Хаврын улиралд яргуй иднэ гэж гүйхийн оронд дархлаагаа сайжруулах нь хамгийн чухал. Ялангуяа шим сайтай идээ, ундааг сонгож хэрэглэх хэрэгтэй.

Ургамал ногоо сэргэдэг учраас гашуун, гошуун амттай идээ, ундаа түлхүү хэрэглэ. Түүнчлэн хонь, үхрийн мах хаврын улиралд шим, тэжээл сайтай. Шөлтэй хоолыг голлон хийж идвэл биеийн дархлааг сайжруулж, тамир тэнхээ оруулна.

Хөлсөө гартал шөлтэй хоол идэж, гадуур мөн л хөлсөө чийхартал алхах хэрэгтэй. Хөлсөө сайн гаргавал биед хуримтлагдсан хор түүний хэрээр гадагшилна. Харин өвлийн хүйтэн улиралд арьсны нүх сүв ихэнх нь битүү байдаг. Тиймээс арьсныхаа нүх сүвийг онгойлгож, дархлаагаа дэмжих үүднээс халгай, арц, дальтай ваннд сууж, үс, толгойгоо угаавал тамир, тэнхээг дэмжинэ.

-Та хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохоор эрүүл мэндийн энгийн зөвлөгөө хэлж өгнө үү. Хүн ер нь тамир тэнхээгээ сайн байлгаж, эрүүл явахын тулд яах ёстой юм бэ?

-Хамгийн гол нь хүн эрүүл байхын тулд сэтгэл санаагаа тайван байлгаж уур уцааргүй амьдрах нь чухал. Түүнчлэн эрүүл, урт наслахад зөв боловсрол өгөх ном, сонинтой нөхөрлө.

Дээр нь хоол ундаа зохицуулах шаардлагатай байна. Гэтэл манай хүмүүс идэхийн төлөө л амьдраад байх юм. Хоолыг ходоодны хэмжээндээ тааруулахгүй аяга аягаар идэж байна. Ном, сударт ходоодыг хоол, ундаа, хоосон, хий гэсэн дөрвөн хэсэгт хуваадаг.

Хоол нэг хувьд нь гэж бодохоор бага идэж байх нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа биз дээ. Идсэн хоолоо шингэсний дараа дараачийн хоолоо идэх нь зөв. Манайхан хоол, ундыг зохицуулж идэж чадахгүйгээс болж өвчин үүсэх шалтгаан бүрдэж байна. Жишээлбэл, кофе биед сайн гэж учиргүй их уудаг. Энэ нь элэгний шарыг үүсгэнэ.

Нэг ёсондоо манайхан амттай, давслаг зүйлд хэт их дурлах болсон. Тэгэхээр ямар амт ходоодонд орж ямар байдлаар шингэж байгааг мэдэхгүй учраас хоолны амтаа зохицуулж чадахгүй байгаа юм. Дандаа амттай хоол идсэн ч өвчилж байна.

Сүүлийн үед хүүхдүүд гоймон, пицца, жигнэмэг, гаазтай ундаа их хэрэглэж байна. Ер нь нэг амттанг дагнан идэж байгаа хүмүүст өвчин их үүснэ. Түүнчлэн янз бүрийн сүлжээний эмээс болгоомжлох хэрэгтэй. Тамир тэнхээг сайн байлгах талаар уламжлалт анагаах ухаанд долоон тамирыг шимжүүлж өгөх хэрэгтэй гэж заасан байдаг.

Долоон тамир гэдэг нь тунгалаг, цөв, цус, мах, яс, өөх, дусал зэргийг хэлж байгаа юм. Энэ долоон тамирыг шимжүүлэх талаар уламжлалт анагаах ухаанд сургаж ирсэн олон сайхан арга бий. Өвөл, хаврын улиралд борви тойгны ястай шөл, цай байнга ууж тамир тэнхээгээ дэмжих хэрэгтэй. Энэ цай, шөлөө гууль, зэс, ширмэн тогоонд буцалгаж, хийж уувал бүр их үр дүнтэй.

Эдгээр эдэд хүний бие эрхтний дархлааг дэмжих зүйл агуулж байдаг юм. Харж байхад хуванцар саванд савласан ус л их уух юм. Өвлийн цагт ус их уух нь зохимжгүй. Энэ нь ходоодны галд өөрчлөлт оруулдаг. Ходоодны гал алдагдахаар бадгана арвидна. Бадгана бий болсноор төрөл бүрийн өвчин үүснэ. Ер нь дархлаагаа сайн байлгахад адууны мах, малын элэг их сайн гэдгийг мартаж болохгүй