Компьютерээс үүдэлтэй хурууны үений өвчинд залуучууд их өртөж байна

1 month ago admin 0

Компьютер дээр олон цагаар ажилласны улмаас ялангуяа залуучуудын дунд шинэ өвчин бий болсон нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээгээд байна. Энэ өвчний шалтгаан нь юм бүхэнд компьютер хэрэглэгддэг болсон, түүнчлэн тодорхой нэг байрлалд, удаан хугацаагаар компьютерийн гар болон хулгана дээр гар байрлаж байгаа зэргээс үүдэлтэй аж.

Ийм өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийн дийлэнх хувийг залуухан эрчүүд болон эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд гарын хуруу нь бадайрч, хөндүүрлэх шинж тэмдэг ажиглагдаж байна гэсэн шалтгаанаар эмчид их хандах болжээ.

Компьютероос үүдэлтэй үений өвчний шинж тэмдгүүд

Анхны шинж тэмдэг нь хурууны үе мөчөөр өвдөх, хавагнах, үрэвсэх, хуруунууд хөшүүн, мойног болох, хүзүү болон тохойн үе мөч үрэвсэх, гар төдийгүй бусад бүх үе мөчний хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг ажиглагдана.

Гарны үений хөдөлгөөн хязгаарлагдах нь удаан тайван байх үед /жишээлбэл өглөө сэрсний дараа/ илэрдэг. Харин өдрийн явцад эргэж хэвэндээ орно. Өвдөлт хэсэг мэдрэгдээд хэсэг арилдаг. 21-р зууны өвчин гэгддэг уг өвчнийг ялгахад төвөгтэй болсон ба артроз буюу хэрх өвчний нэг төрөл болох үений бүтцийн алдагдалын шинж тэмдгийг ядаргаа болон остеохондрозтой эндүүрэх болжээ.

Хурууны үений өвчин нь хуруугаар өвдөөд зогсохгүй цаашид тохой, мөр, хөлийн үе мөчөөр өвдөж эхэлдэг. Түүнчлэн энэ бүх асуудал нь хүнд ажиглагдахгүйгээр, аажимдаа үүсч байдаг. Мөн өөр чухал өөрчлөлтүүд гарч болох тул та сайн анхаараарай. Ер нь хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, суугаа ажлаас болж ууц, нурууны үе мөч ч бас гэмтдэг.

Юунд анхаарч, хэрхэн эмчлэх вэ?

Хамгийн чухал нь та ойр ойрхон компьютерээс холдож, цаг тутам гарын хурууг амраах тавхан минутын дасгал хийж байх шаардлагатай. Хүн хэт их ачаалалтай ажиллаж, ажилдаа чөлөө завгүй анхаарал хандуулан, компьютероос салахгүй ажиллах үед дунд давхаргын цэврүүнцэрийн мэдрэл гэдэг зүйлд муугаар нөлөөлдөг аж. Иймээс хуруу тань бадайрч мойногшоод, мэдээ алдах ч юмуу, өвдөлт мэдрэгдэж эхэлдэг. Иймд та дунд сургуульд байхдаа гараа амраадаг дасгалыг хийсэн ч болно.

Сарвууны артрозыг уламжлалт аргаар эмчлэх үед физик эмчилгээ, эмчилгээний дасгал хөдөлгөөн, зүү тавих, эмийн бодистой цахилгаан үелзэлийн эмчилгээ зэргийг түгээмэл ашигладаг. Эдгээр аргууд нь хүн болгонд харилцан адилгүй нөлөөтэй байдаг.

Хэрвээ хуруун үений өвчтэй нь тодорхой болсон бол эмч дааврын бус, үрэвслийн эсрэг эм бэлдмэл болох түрхлэг, тос, гель зэрэг түрхэж хэрэглэх эмийг зөвлөдөг. Ийм өвчний үед глюкозамин болон хондроитин, В6 аминдэмийг найрлагандаа агуулсан эм бэлдмэлийг илүүтэй хэрэглэдэг. Глюкозамин нь мөгөөрсөн эдийг нөхөн сэргээж өгдөг бол хондроитин нь мөгөөрсөн эдэд зайлшгүй оролцож байдаг чухал бодис юм. Мөн бие органимзд кальци дутагдсанаар артроз үүсэх үндэс суурь болдог. Хурууны өвдөлтийг намдаах арга бол түрхлэг болон дасгалыг хослуулан хэрэглэх явдал юм.

Түүнээс гадна дээрх өвчин нь дотоод шүүрлийн эмгэг, илүүдэл жин, бие махбод дахь бодисын солилцоо алдагдсан зэрэг шалтгаанаас үүссэн байж болдог. Хэрэв танд дээрх шинжүүд ажиглагдсан бол та эмчид заавал хандаарай.