Т.Лхагвасүрэн: 13-хан настай охиныг минь хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөчихлөө

2 months ago admin 0

 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд энэ оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан хэрэг гарсан билээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар охиныг архины хордлогод орсон гэх дүгнэлт гаргажээ. Энэ хэрэгт охиныг буудалд дагуулж орсон хоёр залууг сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэднийг бага насны хүүхэд хүчиндсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй ч охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгаагүй байна.

Талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй болсон явдлын талаар ярилцлаа.

-Хэрэг явдал яг юу болсон юм бэ. Яагаад ийм зүйл болчихов?

-Манай охин наймдугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутад гэрээсээ гараад 16 цаг 54 минутад ээж рүүгээ залгасан байгаа юм. “Ээж би таны ажил руу чинь очиж байна” гэж ярьсан байдаг. Тэгэхэд ээж нь “Наанаасаа такси аваад хүрээд ир. Хоёулаа хамт ажил дээр сууж байгаад явъя” гэж хэлсэн юм билээ. Түүнээс хойш Амарболд гэдэг манай хажуу хашааны залуу тааралдаад утсыг нь шүүрээд зугтсан байдаг. Талийгаач маань утасныхаа араас гүйгээд, Амарболд нь нэг дэлгүүр дээр очоод нөгөө нэг этгээдтэйгээ хамт хоёулаа болж байгаа нь харагддаг. Тэр найз нь одоо хэрэгт шалгагдаж байгаа Жавхлан. Энэ бүгдийг би сүүлд нь камерын бичлэгээс олж авсан.

Тэгээд миний охинтой гурвуулаа нэлээн удаан юм ярьж байгаад микро ирэхээр суугаад явсан байдаг. Түүнээс хойш арван минутын дараа л хэрэг болдог зочид буудал руу орсон. Очир төв нь манайхаас хоёрхон буудал газар. Зочид буудал руу гурвуулаа ороод Жавхлан гэдэг нь буудлын төлбөр тооцоо, өрөөний түлхүүр аваад ирэх хооронд талийгаач охин маань тэр Амарболдтой хамт шатан дээр хүлээж байгаад гурвуулаа хамт өрөөнд орж байгаа нь буудлын бичлэгт үлдсэн байна. Энэ хоёр нөхөр утсыг нь авчихаад хоорондоо дамжуулаад зугтаагаад байсан юм байна лээ. Манай тэндхийн нэг залуу “Талийгаачийн утсыг авчихаад хоорондоо дамжуулаад өгөхгүй байсан” гэж хэлсэн.

-Буудалд орох үедээ охин тань утсаа авсан байсан болов уу?

-Буудалд орох үедээ бол охин маань утсаа авчихсан бариад орж байгаа нь харагддаг. Гэхдээ миний охиныг юу гэж хуурч буудалд авч орсныг мэдэхгүй. Амарболдынхтой олон жил хөрш айл байсан юм болохоор итгэж орсон байх л даа. Нэг л юм хэлж дагуулж орсон байх. Түүнээс миний охин тэгж хүн дагаж буудлаар орох хүүхэд биш.

Охин маань тэр өрөөнд ороод хаалга хаасан цагаас эхлээд л хүний эрхэнд орчихсон байгаа юм. Тэнд эцэг эх рүүгээ утсаар ярих эрх байхгүй. Орилох ч эрхгүй болсон байх. Нөгөө хоёр нь буудалд орохдоо нэг шил архи аваад орсон гэж байгаа юм. Өрөөний хаалга хаагаад ам руу нь архи цутгасан уу, эсвэл орилж чадахгүй болтол нь зодсон уу. Аль нэг нь болсон байх. Буудлынхан бол ерөөсөө дуу чимээ гараагүй гээд яриад байгаа юм. Бид тав, арван минут болоод эргэж байсан ухааны юм ярьдаг. Гэтэл тэр камерын бичлэгт ямар ч тийм зүйл байхгүй. Тэр хэдийг өрөөнд орсноос нь хойш буудлын зүгээс нэг ч хүн ороогүй, очоогүй. Анх буудлынхан оруулахдаа “Яагаад буудалд бага насны хүүхэд дагуулж орж байгаа юм” гэж асуугаагүй байгаа юм.

Энэ хугацаанд эхнэр бид хоёр хоорондоо байнга утасдаж асууж сурагласан. Тэгээд 21 цаг 30 минут хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь “Ямар нэгэн юм боллоо. Хоёулаа уулзъя” гээд эхнэртэйгээ уулзаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж мэдэгдсэн. Өмссөн хувцас, шинж тэмдэг, нас хүйс гээд бүх зүйлийг нь бичиж өгч тэмдэглүүлсэн. Тэгсээр байгаад шөнө болсон.

-Мэдээж энэ хугацаанд охин руугаа утасдаж байсан байх. Ямар нэгэн хариу өгч байсан уу?

-Бид шөнө охиныхоо утас руу залгахаар дуудаж байгаад л тасраад, холбогдох боломжгүй болчихоод байсан. Тэгээд тэр шөнө бид охиндоо маш их санаа зовж хоносон. Өглөө эрт ээж нь охин руугаа “Миний үр утсаа ав л даа. Ээж рүүгээ залгаарай” гээд мессэж бичсэн. Ямар ч хариу ирээгүй.

-Анх яаж хэргийн талаар мэдсэн вэ?

-Тэгээд өдөр нь хоёр цагийн үед ээж маань над руу залгасан. “Хоёр цагдаа манай дээд хашааны Амарболдыг дагуулаад ирлээ. Хүүхдийг чинь ямар ч байсан олсон. Эцэг эхтэй нь уулзах хэрэгтэй байна гэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр яваад оч” гэсэн. Манайд тэр үед цагдаа нар ирсэн юм билээ. Охиноо ямар ч байсан эсэн мэнд оллоо доо гэж бодоод баярласан. Тухайн цагдаагийн хэлтэс дээр очиход “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Очир” төвд хүн сэрэхгүй, босохгүй, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байна гэсэн дуудлага өдөр 13:00 цагийн үед цагдаагийн хэлтэст ирж, хоёр цагдаа очиж шалгахад хүүхэд нас барсан байдалтай байсан. Шүүх эмнэлгээр ороод юунаас болж амиа алдсаныг шалгаж тогтоохын тулд цогцсыг явуулсан байгаа” гэж хэлсэн. Анх ийм мэдээ сонсоход үнэхээр хэцүү юм билээ.

Тэгээд “Шүүх эмнэлэг дээр очоод цогцос таниадах. Охин чинь мөн байна уу, үгүй юу” гэсэн. Тэгээд Шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр очоод цогцсыг үзэх гэтэл үзүүлээгүй. “Задланд орж байгаа. Хэргийн газар авсан зургийг үз” гээд үзүүлсэн. Миний охин мөн байсан. Нүүр амыг нь танигдахгүй болтол нь зодсон, уруул нь хавдаад, хамар нь мурийгаад, нүүр нь цус нөж болсон байна лээ. Тийм зураг үзүүлсэн. Анх тэгж л мэдсэн.
-Талийгаачийн үхлийн шалтгааныг шинжилгээгээр яг юу гэж тогтоосон юм бэ?

-Үхлийн шалтгаан нь архины цочмог хордлогоос болж амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан. Задлан шинжилгээгээр дөрвөн газар цус харвасан байгаа юм. Хүзүүний эрээн булчин, уушиг, нойр булчирхай, тархи гэсэн дөрвөн газар цус харвасан байна. Уушгинд цус харвасан гэдэг нь гаднын нөлөөтэй, амьсгалах аргагүй битүү орчинд байснаас л цус харвасан байж таарна. Зүрхэнд цус шахах үүрэгтэй эрхтэн шүү дээ. Амьсгаа авах ямар ч чадамжгүй байсан учраас цус харвасан байх гэж би таамаглаж байгаа юм. Энэ талаар шинжээч эмч нараас хэргийг шалгаж буй цагдаагийнхан мэдээлэл авсан юм байна лээ. Нойр булчирхайд нь мөн цус харвасан.

Тэгэхээр тэр хүзүүний цус харвалт гэдэг бол заавал гаднын нөлөөтэйгөөр хүзүүний арьсан цаадах цус харвалт өгсөн байна гэж байгаа. Задлан шинжилгээгээр хүзүүнд нь зүсэлт хийсэн байна лээ. Тэр хүзүүний харвалт гэдэг нь гаднаас тодорхой хэмжээний цохилт өгсөн ч юм уу тохиолдолд харвалт өгдөг юм байна. Бид шүүх эмнэлгийн дүгнэлт гарч байх хооронд зүгээр байгаагүй. Нарийн мэргэжлийн эмч, эрхтэн дагнасан эмч нараас нэлээн асууж явсан. Тэгэхээр хүзүүний цус харвалт гэдэг нь заавал гаднын нөлөөтэйгөөр бий болдог эд юм байна. Уушигны цус харвалт нь гэнэт амьсгаа авч болохгүй байдалд хүрэх, тухайлбал архи ам руу цутгах нөхцөлд үүсэх боломжтой гэж байгаа. Нарийн мэргэжлийн эмч нараас асуухад ийм ойлголттой болсон. Нойр булчирхайн хувьд бол их хэмжээний архи цутгалттай, цусанд нь нөлөөлж харвалт өгсөн.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын ямар нэгэн шарх сорвигүй гэж гарсан. Гэтэл тэгж их зодуулсан байтал ингэж дүгнэлт гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Би үүнд үнэхээр эсэргүүцэж байгаа. Зургийг нь хараад төрүүлсэн эх бид хоёр нь танихгүй байна гэхээр ямар байсан нь ойлгомжтой шүү дээ.

-Шинжилгээгээр архины цочмог хордлогоос болж амиа алдсан гэж тогтоосон гэж байна. Хэр хэмжээний архи, согтууруулах ундаа биеэс нь илэрсэн юм бол?

-Шинжилгээгээр биед нь спиртийн хэмжээ маш өндөр үзүүлэлттэй гарсан. Үзүүлэлтийг нь нарийн хэлмээргүй байна. Бараг нэг шил архи ам руу нь цутгачихсан юм байна лээ дээ. Шинжилгээний дүгнэлтийг үзэхэд тэгж ойлгогдож байгаа юм. Тасраад унангуут нь зодож нүдсэн бололтой. Хамар нь мурийгаад, уруул нь сэтрээд цус нөжтэй нь хутгаад, хүчирхийлээд охин минь аль муугаа л үзсэн юм байна лээ.

http://news.zindaa.mn/25tk