Д.Ариунболд: 1072 хувьцааг бүртгэж эхэлсэн

1 week ago admin 0

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг хэвлэлийнхэнтэй уулзах үеэр цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Компанийн өнгөрсөн жилийн ашиг орлого, ал­даг­дал хэр байв. Зорилго, төлөв­лөгөөндөө хүрч ажил­ласан уу?
-“Эрдэнэс Таван­толгой” компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн үзүүлэлт гарсан. Одоо аудит орж байна. Нэгдсэн дүн гара­хаар шилэн дансаар тайлаг­нана. Санхүүгийн үзүү­лэлтийн заримаас дурьдахад компани 2016 онд 7.6 сая тонн нүүрс олборлосон бол өнгөрсөн жил 10.1 сая тонныг олборлолоо.
Үүнээс 8.4 сая тонн нүүрсийг экспортолсон. Уг нь 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч хүрсэнгүй. Энэ бол хил гаалийн хязгаарлалтаас болсон гэж үзэж байгаа.
Харин борлуулалтын орлого нэмэгдсэн. 2016 онд 4.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бол өнгөрсөн жил 1.1 их наяд болж өссөн. Татварт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 243 тэрбум төгрөг төлсөн байна. Ашиг, алдагдлын хувьд 2016 онд -198 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өнөөдөр 438 тэрбумын ашигтай ажиллалаа. Энэ бол компани үүссэнээс хойш эхний зургаан жилийн ашгаас давсан үзүүлэлт. Үүнээс харахад өнгөрсөн онд бага хэмжээний нүүрс олборлож их ашиг олсон жил байлаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний агуулахад 3.2 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Энэ нь 200 гаруй сая ам.долларын бэлэн нөөцтэй байна гэсэн үг. Энэ оны эхний хоёр сарын байдлаар хоёр сая тонн нүүрсийг экпортлосон.
-“Эрдэнэс Тавантолгой” компани байсхийгээд л өр дарлаа гэдэг. Одоо өр үлдсэн үү?
– Чалькогийн 100 сая ам.доллар, олборлогч компанийн 60 сая ам.долларын өрийг бүрэн дарсан. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын 100 сая ам.долларыг оны өмнө дарсан. Өчигдөр 50 сая ам.долларыг дарлаа. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын өрөөс бусад нь цэгцэрсэн гэж ойлгож болно. Үүнийг хоёр сарын хугацаанд төлж дуусгахаар ажиллаж байна.
Бидний гол зорилго бол Монгол Улсын хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмчийг өр төлбөргүй болгох юм. Компани гадаад, дотоодод өргүй болсноор хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж, үнэ цэнэ нь өснө. Мөн гадны зах зээлээс хөрөнгө босгох боломж олгохын төлөө ажилласан.
-1072 хувьцаа хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ. Ногдол ашгийг хэрхэн хуваарилах вэ?
-Анх 1072 хувьцааг 933 төгрөгөөр үнэлж 2010 онд тараасан. Хувьцааг “амь” оруулсан ч үндсэн компани өр төлбөртэй, үйл ажиллагаа муу байвал унадаг зарчимтай. Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, ТУЗ-ийн дэмжлэг, зөв шийдвэрийн үр дүнд манай удирдлагын баг чармайж ажилласан. Үүний үр дүнд 1072 хувьцаа үнэ цэнэтэй болох боломж бүрдэж байгаа. Өнөөдөр /өчигдөр/ компанийн ТУЗ хуралдаж Засгийн газар болон толгой компани “Эрдэнэс Монгол”-ын удирдамжийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр боллоо. Тэгэхээр компанийн хоёр сая хувьцаа эзэмшигчийн өмч “Эрдэнэс Тавантолгой” компанийн баланс дээр баталгаажлаа гэсэн үг. Ингэснээр хоёр сая хувьцаа эзэмшигч албан ёсных болох боломжтой. Тиймээс ойрын хугацаанд ажлаа цэгцэлж Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд гэрээ байгуулах хүсэлт өгнө. Үүний дүнд компанид хэр олон хүн, хэдэн хувьцаа эзэмших вэ гэдэг тодорхой болно.
Хувьцаа эзэмшигчийн өмч баталгаажсаны дараа хоёр дахь зах зээлд бүртгүүлж Монголын хөрөнгийн бирж дээр арилжааны эрх нээгдэнэ. Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэнэ. Хурал хуулийн дагуу энэ сарын сүүлчээр болох ёстой. Алдагдалтай ажиллаж байгаа компани ногдол ашиг тараадаггүй. Тиймээс Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ногдол ашиг өгөх боломжтой.

-Хөрөнгийн биржид хэзээ бүртгүүлж эхлэх вэ?
-Хөрөнгийн биржид бүртгүүлэхээс өмнө Санхүүгийн зохицуулах хороо, Төлбөр тооцоо хадгаламжийн төвд бүртгүүлнэ. Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу энэ онд багтаж хувьцаа эргэлтэд орно гэж найдаж байна.
-Нээлттэй хувьцаат компани болохын тулд хэр хугацаа шаардах вэ?
-Нээлттэй, хаалттай байх эсэх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавина. Мэргэжлийн байгууллагаас хуулийн дагуу шийдвэрлэх байх.
-Хувьцаа эзэмшигчдийн хуралд иргэдийн саналын эрхийг хэрхэн тусгах вэ?
-Саналын эрх хэд байхыг хэлж мэдэхгүй байна. Зохицуулах байгууллага саналын эрхтэй, үгүйг шийдвэрлэнэ.
-Хөрөнгийн бирж дээр гарахын тулд УИХ, Засгийн газраас ямар нэг шийдвэр хүлээх үү. ТУЗ-өөр шийдээд явах боломжтой юу?
-УИХ-аас шийдвэр гарахгүй. Засгийн газар хувь эзэмшигчийн хувьд тодорхой чиглэл өгөх ёстой.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн цаашдын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Иргэдэд ногдол ашиг хүртэх хугацааг хэлэх боломж бий юу?
-Ногдол ашиг өгөх ёстой, үгүйг хэлэх эрх байхгүй. Компанийн шинэ удирдлагын баг нэг жил хагаст бүх өрийг дарлаа. Зах зээлийн ханш сайн, шийдвэр гаргах төвшинд компанийг дэмжсэн зөв бодлого хэрэгжээд явахад ирэх жил ногдол ашиг өгөх боломжтой. Зарим томоохон төслүүдийг эхлүүлэх боломжийг ч хангана гэж бодож байгаа. Хувьцааг амь оруулах, гадны зах зээлээс хөрөнгө босгох асуудалд хугацаатай төлөвлөгөө гаргасан. Үүнийгээ Засгийн газар, ТУЗ-өөр батлуулах ёстой.
Компани ашигтай ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадны зах зээлээс босгосон хөрөнгөөр санхүүжүүлэх бодлого баримтална. Компани өргөжинө, хөгжинө гэвэл дэд бүтцийн асуудлаа шийдэх ёстой. Цахилгаан станц, төмөр замын асуудлыг шийдээд явах ёстой.
– Дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа. Энэ үеэр Тавантолгойн асуудал өргөн хүрээнд яригдах уу?
-Ерөнхий сайдын айлчлалын тов гарсан. Мэдээж Тавантолгойтой холбоотой асуудал яригдах байх. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд боловсруулж байгаа. Ямар асуудал яригдах талаар одоохондоо бидэнд мэдээлэл алга.
-Нүүрсний үнийн прогноз хэр байгаа вэ?
-Нүүрсний үнийн прогноз харцангуй сайн байгаа. Цикль өндөр таарч байна. Нүүрс үнэтэй байх үед нь хил гаалиас болоод хангалттай хэмжээнд гаргаж чадаагүй. Хавар нүүрсний хэрэгцээ бага зэрэг хумигдана. Гэхдээ өндөр уналт гарахгүй байх гэж найдаж байна. Урт хугацаагаар хийсэн үнийн дүн бага зэрэг буух хандлагатай байгаа.
Энэ онд 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Хил гаалийн асуудал гайгүй бол бүгдийг нь борлуулна гэж тооцож байгаа. Өнгөрсөн жил нүүрс хангалттай борлуулсан ч нэлээдгүй өр дарсан. Харин энэ жил компанийн цэвэр ашиг болж үлдэнэ.
-“Эрдэнэс Тавантолгой”-н нөөц найман жилийн дараа дуусна гэдэг мэдээлэл байсан.Үүнд тайлбар өгнө үү?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн зөвхөн баруун, зүүн Цанхийн орд таван тэрбум төгрөгийн нөөцтэй гэдгийг 2010 онд хайгуулын судалгаагаар тогтоосон. Ордын хэмжээнд долоон лиценз 7.2 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Энэ жил хайгуул хийж 65 мянган тууш метр өрөмдлөгийн ажил явагдаж байна. Үүгээр Цанхийн ордын нөөцийг нарийвчлан тодорхойлно. Хайгуулын үр дүнг шинжилгээнд өгч олон улсын стандартаар үнэлүүлнэ.
– Эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар нарын нэхэмжлэхтэй шүүхийн маргааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Компанийн дүрмийг 2010 онд баталсан. 2011, 2012 онд Компанийн хууль өөрчлөгдсөн. Өмнөх удирдлагууд шинэ хуультай уялдуулж дүрмээ өөрчлөөгүй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрэм, журмыг шинэ хуульд нийцүүлэх талаар ярина. Түүнээс заавал шүүхдэхээр нь хийж байгаа юм биш бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа.
-Таныг ажлаа өгөх талаар мэдээлэл байсан?
-Ямар нэг байдлаар намайг ажлаа өг гэсэн зүйл ирээгүй, би өргөдлөө өгөөгүй байна. Дөнгөж сая ТУЗ-ийн хурлаа хийгээд гарч ирлээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: http://www.fact.mn/343761.html