Л.Ган-Орших: ‘Ходоодны цагдаа’ жилийн дотор 17-30 кг тураах боломжтой

2 months ago admin 0

Дэлхий нийтээрээ таргалалттай тэмцэж байна. Турах, жингээ хасах чин хүсэл эрмэлзэлтэй ч турж чадахгүй байгаа иргэдэд зориулан шинжлэх ухааны үндэслэлтэй гурван ажилбарыг анагаахын салбарынхан хийж байна. Нэгд, улаан хоолой, ходоодны заагийг бөгжлөх арга. Хоёр дахь нь ходоодыг мэс заслын аргаар тайрах арга. Гурав дахь нь дурангийн аргаар ходоодонд бөмбөлөг суулгаж тураах арга юм. Эдгээр арга нь хүний идэж байгаа хоолны хэмжээг механикаар багасгаж, тураадаг байна. Манай улс ходоод тайрах мэс ажилбарыг хийдэг. Харин улаан хоолой, ходоодны заагийг бөгжлөх аргын мэс ажилбарыг хийдэггүй аж. Дурангийн аргаар ходоодонд бөмбөлөг суулгаж, тураах аргыг өнгөрсөн жилээс Интермед эмнэлэг Монголдоо анх удаа хийж эхэлжээ. Дурангийн аргаар ходоодонд баллон суулгасны дараа 6-12 сарын турш эмч нарын хяналтад байдаг байна. Ингэхдээ хамгийн гол нь ходоодонд суулгасан баллоны тусламжтайгаар хооллолтын зөв дадал бий болж, турах үйл явцыг хурдасгадаг аж. Дурангийн аргаар тураах эмчилгээний талаар Интермед эмнэлгий дурангийн эмч Л.Ган-Оршихтой ярилцлаа.

 

-Дурангийн аргаар ходоодонд бөмбөлөг суулгаж, тураах аргыг дэлхийн нийтэд хэзээнээс хэрэглэж эхэлсэн юм бэ. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг хэрхэн баталсан юм бэ?

-Дурангийн аргаар тураах эмчилгээ нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд, биед мэс хүргэхгүйгээр тураах эмчилгээг хийдгээрээ давуу талтай. Дурангийн аргаар ходоодонд бөмбөлөг суулгаж, тураах арга анх 1982 онд АНУ-д үүсч, хүний биед гаж нөлөөгүй гэдгийг олон тооны судалгаа хийж баталсан. Түүнээс хойш бөмбөлгийг гурван ч удаа шинэчилж, сайжруулсан. Улс орнууд дурангийн аргаар бөмбөлөг суулган тураах эмчилгээг нэвтрүүлэхийн тулд заавал сургалтад сууж эмч, эмнэлгийн байгууллага эрхийг нь авах ёстой байдаг. Одоогоор дэлхийн 80 гаруй орон уг эмчилгээг хэрэглэж байна.

-Тэгэхээр танай эмнэлэг сургалтад нь хамрагдаж тусгай зөвшөөрлийг авсан байх нь ээ?

-Тийм ээ. Миний бие 2017 оны нэгдүгээр сард тураах бөмбөлгийн эмчилгээний талаар Израиль улсад тусгай эрх авах сургалтад сууж, албан ёсоор эмчилгээ хийх эрхийг нь авсан. 2017 оноос эхлэн манай эмнэлэг 20 гаруй үйлчлүүлэгчид дурангийн аргаар ходоодонд бөмбөлөг байршуулан тураах эмчилгээг хийлээ. Олон улсын судалгаагаар уг тураах эмчилгээний үр дүн 95-98 хувь гэж гарсан. Бидний хийсэн тохиолдлууд олон улсын төвшний үр дүнтэй бүрэн нийцсэн. Жилийн хугацаанд 20 гаруй хүнд хийнэ гэдэг нь бидэнд маш том хэмжээний туршлага болсон. Тухайн үйлчлүүлэгчтэйгээ харьцах, хамтран ажиллах, гэрийнхэнд нь зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажилласан. Тухайн үйлчлүүлэгч болон гэр бүлийнхэнтэй нь хамтран нэг зорилгын төлөө нэг баг болж ажилласнаар үр дүн маш сайн гардаг гэдгийг ойлгосон.

-Ходоодонд суурилуулах бөмбөлгийг юугаар хийсэн болоод хүний биед аюулгүй гэж үзэж байна вэ. Бөмбөлөг суулгаснаар ямар аргаар тураах үйлчилгээ явагддаг юм бэ?

-Бөмбөлөг нь силикон, зөөлөн гөлгөр гадаргуутай учраас хүний ходоодонд шарх, шархалгаа үүсгэхгүй. Халуун, хүйтэн зүйлд гэмтэхгүй, бат бөх, ямар нэгэн гаж нөлөө, харшил өгөхгүй материалаар хийсэн. Насанд хүрсэн эрүүл хүний ходоод оролцоогоор 1.5 литр эзлэхүүнтэй гэж үздэг. Бөмбөлгийг ходоодонд суулгахдаа 0.3-0.5 литр шингэнээр дүүргэж суулгадаг. Ингэж хүний хоол идэх ходоодны зайг механикаар багасгаж, улмаар бага идэх зуршилтай болгон, тураана. Бөмбөлгийг ходоодонд дээд тал нь 12 сар байршуулна.

Түүнчлэн дурангийн аргаар баллоноо байршуулдаг болохоор дурангийн ариутгал халдваргүйтгэл найдвартай байх нь чухал байдаг. Интермед дээр ашиглагдаж буй хэрэгсэл, багаж иж бүрдэлийн 90 хувь нь нэг удаагийн хэрэгсэл байдаг бөгөөд үлдсэн 10 хувь нь 4-6 дамжлагт бүрэн автомат нарийн ариутгал халдваргүйтгэл хийгсэн багаж хэрэгсэл байдаг.

-Бөмбөлгөө авсны дараа дахин таргалах асуудал үүсэх үү?

-Нэг жил хүртэл байршуулаад уян дурангийн аргаар бөмбөлгөө буцааж авсны дараа тухайн хүн эргэж таргалдаггүй. Учир нь бөмбөлөгтэй байх хугацаанд тухайн хүн бага идэж, тархинд цатгалан мэдрэмжийг үүсгэдэг. Бага идэх амьдралын хэвшлийг суулгах нь хамгийн эцсийн зорилго. Тухайн хүн бөмбөлөгтэй байх хугацаанд хүчээр бага идсэнээр тэр аажимдаа амьдралын зөв дадал зуршил болж, жингээ хянах боломжтой болно гэсэн үг.

-Бага насны хүүхдүүдийн дунд таргалалт их байна. Тэгэхээр ходоодонд бөмбөлөг суулгах эмчилгээг хүүхдэд хийх үү?

-Ходоодонд бөмбөлөг суулгаж, тураах эмчилгээг 16-аас доош насны хүн, жирэмсэн болон хөхүүл үед хийхгүй. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд буюу ойрын нэг жилдээ жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүст уг эмчилгээг хэрэглэхийг хориглоно. Түүнчлэн, хүнд хэлбэрийн эрхтэн системийн өвчтэй хүмүүст хэрэглэхгүй байх заалттай. Бусад тохиолдолд ходоодонд бөмбөлөг суулгах эмчилгээг хийж болно. Нэг заалт бий. Биеийн жингийн индекс нь 27-оос дээш хүмүүс дурангийн аргаар турааж болно гэсэн заалттай.

-Суурь өвчнөөсөө болоод таргалан хүмүүс байдаг шүү дээ. Эдгээр хүмүүст суулгах боломжгүй гэсэн үг үү?

-Орчин үед өвчний улмаас таргалах биш, таргалалтаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байна. Жишээ нь, хэт их таргалалтаас үүдэн чихрийн шижин өвчнөөр өвчилж байна. Суурь өвчнөөсөө болж таргалсан тохиолдол байдаг. Тэр тохиолдолд энэхүү бөмбөлгийг хэрэглэдэггүй. Угаасаа хэрэглэх нь эсрэг заалттай байдаг. Үүнийг магадлахын тулд бүрэн шинжилгээ хийдэг. Эрхтэн системийн талаас ноцтой өөрчлөлт байхгүй бол бөмбөлгөө суулгах ажиллагааг эхлүүлдэг.

-Бөмбөлгөө суулгуулсны дараа нэлээд олон хяналтын үе шатуудтай гэсэн. Энэ талаар?

-Үйлчлүүлэгчид дурангийн аргаар ходоодонд бөмбөлөг суулгахад манай эмнэлэгтэй гэрээ байгуулдаг. Тодорхой хугацааны давтамжтай байнга хяналтад орж, шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч, хоол зүйч, хөдөлгөөн заслын эмч нар хамтран үзлэг, шинжилгээ хийдэг. Нэг үгээр бол бөмбөлөг тавиулахаас эхлээд авах хүртэлх бүх эмчилгээ, зөвлөгөөг манайхаас өгнө.

-Хооллолт болон хөдөлгөөний асуудал дээр бөмбөлөг тавиулсан хүмүүс хэрхэн анхаарах ёстой байдаг юм бэ?

-Хувь хүний зүгээс анхаарах зүйл гэвэл тухайн тавиулж байгаа хүмүүс туръя гэсэн сэтгэл зүй, чин хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Учир нь, өөрийнхөө сэтгэл зүйг ялж чадахгүй хүмүүс бөмбөлөг тавиулсны дараа турах хурд нь харьцангуй удаан байдаг. Ходоодонд бөмбөлөг тавьсны дараа хоолны хэмжээг ердийн үеийнхээс хүчээр хязгаарлах учраас тэрийг даван туулах сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Бага багаар хооллох зарчмыг баримтална. Гэдэс нь дүүрчихээд байхад хүчээр идэх гээд байдаг тохиолдол байдаг. Энэ үед турах хурдыг багасна. Тиймээс тухайн хүн бөмбөлгөө тавиулсны дараа хооллолтын маш нарийн дэглэм барих хэрэгтэй. Бөмбөлөг суулгачихаад хажуугаар нь дасгал хөдөлгөөн хийлгэвэл илүү үр дүн өгч, хурдан хугацаанд турдаг. Нөгөө талд 40-өөс дээш насны хүмүүс гэнэт тураад эхлэхээр арьс нь унжих, арьс сулрах үзэгдэл ажиглагддаг учраас бассейн, фитнессээр хичээллэх боломжтой. Энэ нь турах хурдыг сайжруулж, биеэ чийрэгжүүлнэ.

-Бөмбөлөг суулгаад хэр хугацааны дараа үр дүн нь мэдрэгддэг вэ. Хугацаанаас нь өмнө бөмбөлгөө авах боломжтой юу?

-Үйлчлүүлэгчид хяналтын карт нээхдээ тодорхой зорилт тавьдаг. Хэдэн кг хасаж, ямар жин дээр очвол хэвийн жинд очих вэ гэдгээ үйлчлүүлэгчтэйгээ зөвлөдөг. Тухайн үйлчлүүлэгч 20, 15 кг хасаад болсон гэж үзвэл 5-6 сарын дараа бөмбөлгөө авах боломжтой. Ер нь 4-6 сарын хугацаанд тархинд бага багаар зөв хооллох дадал зуршил суудаг учраас бөмбөлгөө зургаан сараас дээш хугацаанд байршуулбал үр дүн нь илүү сайн байдаг.

-Ходоодонд бөмбөлгөө суулгах процесс хэрхэн ядагддаг юм бэ. Ходоод руу 0.5 литрийн шингэнтэй бөмбөлгийг дурангийн аргаар хийдэг гэхээр зарим хүнд төсөөлөгдөхгүй байж магадгүй юм.

-Дурангийнхаа үзүүрт бөмбөлгөө бэхлээд ходоод руу оруулна. Дараа нь сунадаг резинэн хоолойгоор шингэнээ шахна. Бөмбөлгөө тавьсныхаа дараа хоёр удаа шингэний хэмжээгээ тохируулж болдог. Харин авахдаа резинэн хоолойгоороо шингэнээ суллаж авсны дараа бөмбөлгөө гаргана.

-Бөмбөлөг доторх шингэн муудна гэсэн ойлголт байхгүй юу. Шингэн гэдэг нь яг юу юм бэ?

-Физиологийн шингэн буюу натри хлорийн уусмал юм. Муудна, бөмбөлгөөс гадагшаа халина, асгарна гэсэн асуудал үүсэхгүй. Бөмбөлөг доторх шингэн хүний бие махбодьтой харьцах ямар ч боломж байхгүй.

-Тухайн үйлчлүүлэгчид ходоодонд нь бөмбөлөг суурилсны дараа ямар нэгэн зовуурь илрэх үү?

-Эхний нэг сар зовуурьтай байх тал бий. Мэдээж ходоодонд нь 0.5 литрийн багтаамжтай гаднын биет суулгаж байгаа учраас тухайн хүнд эвгүй мэдрэмж төрнө. Гэхдээ нэг сараас дээш болоод ирэхээр тухайн хүн дасан зохицож, байгаа, үгүйг нь мэдрэхээ больчихдог.

-Их хэмжээгээр идээд байвал ходоод нь сунадаг гэж хүмүүс гэж ярьдаг. Тэгэхээр бөмбөлгийн эмчилгээ хийгээд авахуулсны дараа ходоод нь сунасан хэвээрээ үлдэх юм шиг ойлголт төрөөд байна л даа.

-Энгийн иргэдийн дунд ходоод нь сунасан, агшсан гэсэн яриа байдаг. Гэхдээ эрүүл насанд хүрсэн хүний хэвийн ходоод дунджаар 1.5 литрийн л эзлэхүүнтэй. Түүнээс хэт сунах, агшина гэсэн ойлголт байдаггүй.

-Танаас сөрөг үр дагаврыг дахиад тодруулъя. Хүний хоол идэх дур хүслийг хүчээр хязгаарлах нь сөрөг нөлөөтэй биш үү?

-Яг энэ асуултад манай сургалтыг орсон Израйл багш хариулахдаа, ходоодонд бөмбөлөг суулгасныг “ходоодны цагдаа” гэж тодорхойлсон. Учир нь, хүний ходоодыг хүчээр цагдаж байгаа учраас ходоодны цагдаа гэж тодорхойлсон юм. Бөмбөлгөө суулгасны дараа тухайн хүн хэмжээнээсээ их идэх, эсвэл буруу хоолловол буцаагаад бөөлжөөд гаргачихдаг. Өөрөөр хэлбэл, бие организм өөрөө хүлээж авахгүй, хүчээр цагдаж байгаа учраас ходоодны цагдаа гэж тодорхойлсон. Энд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.

-Хоол боловсруулалтад ямар нэгэн сөрөг нөлөөгүй юү?

-Хоолны дэглэмийн дагуу зөв хооллоод явбал ямар нэгэн асуудал гарахгүй.

-Эл эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн хувьд хамгийн ихдээ хэчнээн килограмм турсан бэ?

-Бөмбөлөг суулгаад хоёр сарын дотор 20 гаруй кг турсан тохиолдол гарсан. Ер нь жилийн хугацаанд жингийн илүүдлээсээ хамаарч 17-30 кг турах боломжтой. Эмэгтэйчүүд хөхүүл болон жирэмсэн байх үедээ нэлээд таргалчихдаг. Зарим нь “Илүүдэл жингээ хасч чадахгүй байна” гээд ирдэг. Гэхдээ төрсний дараа хөхүүл байх үед ходоодонд бөмбөлөг тавих эсрэг заалттай. Учир нь эхийн идэж ууж байгаа амин дэмийг хүчээр цагдах учраас хөхний сүүний тэжээлэг байдлын бүтцэд өөрчлөлт орох магадлалтай. Харин хөхүүл үеэ өнгөрөөгөөд ирвэл тавиулах бүрэн боломжтой.

-Монголчуудын хувьд таргалалтын гол шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Дотоод шүүрлийн холбооны эмч нарын хийсэн судалгаагаар таргалалтын үндсэн шалтгаан нь хөдөлгөөний дутагдал болон буруу хооллолт гэж үздэг. Илүүдэл жин бүх өвчлөлийн суурь болж байна. Дотоод шүүрлийн талаасаа сахарын өвчин, зүрх судасны өвчин үүсэх суурь нь болдог.

-Хэт таргалалтаас тухайн хүн өөрөө хэрхэн сэргийлж, хянах ёстой юм бэ?

-Монголд таргалалт бие даасан өвчин гэж хэлж болохоор төвшинд хүрсэн. Таргалалтыг дагаж зүрх судасны систем, дотоод шүүрэл, сахар, үе мөчний дагалдах өвчлөл үүсч байна. Тиймээс хүн хэвийн жинтэй, таргалахгүй байх нь эрүүл, өвчлөхгүй байх нэг үндэс юм. Хамгийн гол нь зөв хооллолт, хөдөлгөөний зөв дэглэмийг баримталж байх ёстой. Нэгэнт таргалж эхэлсэн хүмүүст зөвлөхөд, аль болох хурдан турах, залуу насандаа суурь эмгэг үүсээгүй байхад нь өөрийн жиндээ анхаараарай.

-Ярилцсанд баярлалаа.