​А.Наранцогт: Дараахь хоёр шинж тэмдэг илэрвэл зүрхний эмчид яаралтай хандаарай

1 week ago admin 0

Гранд мед эмнэлгийн зүрх судасны их эмч А.Наранцогтын зүрхний цус хомсрох эмгэгийн тухай зөвлөмжийг хүргэж байна.

 

Зүрхний цус хомсрох эмгэг нь зүрхний булчингийн хүчил төрөгчийн хэрэгцээ, зүрхний титэм судсаар урсан өнгөрөх цусан хангамж хоёрын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг. Зүрхний цус хомсрох эмгэг нь эргэх болон үл эргэх гэсэн хоёр эрсдэлтэй байдаг.

Эргэх эрсдэлтэй зүрхний цус хомсрох эмгэг нь хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг. Үүнд биеийн жин, зөв хооллолт, өөх тосны хэтрүүлэн хэрэглээ, архи тамхи гэх зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр нөлөөлж буй хүчин зүйлийг алга болгосноор зүрхний цус хомсрох эмгэг эргээд хэвийн байдалд шилжих боломжтой байдаг.

Харин зүрхний цус хомсроход үл эргэх эмгэг гэж бий. Энэ нь нас, удамшил, хүйстэй холбоотой байдаг. Тодруулбал, 45-55 насны, аав, ээж, гэр бүлийн хэн нэгэн хүн нь энэ эмгэгээр өвчилж, нас барж байсан хүмүүс зүрхний цус хомсрох эмгэг тусах эрсдэл өндөр байдаг.

Мөн эрэгтэй, 45-55 насны хүмүүс зүрхний цус хомсрох эмгэгээр өвдөх эрсдэл өндөр байдаг. Эрэгтэйчүүд зүрхний цус хомсрох эмгэг тусах эрсдэл эмэгтэйчүүдийнхээс 3-4 дахин их байдаг.

Цус хомсрох эмгэгийн үед илрэх шинж тэмдэг, оношилгоо

Дараахь хоёр шинж тэмдэг нэгэн зэрэг илэрч байвал яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

-Өвдөх хам шинж илэрнэ. Ингэхдээ цээж болон цээжний зүүн хэсгээр, зүүн хөхний хажуугаар аажмаар, дунд зэргийн хүчтэйгээр өвдөнө.

-Ямар нэг шалтгаангүйгээр ядарч, сульдах, амьсгал давчдах, улаан болон цагаан мөгөөрсөн хоолой өвдөнө

Оношилгоог хэрхэн хийлгэх вэ

-Цусны дэлгэрэнгүй шинжилгээндл цусны өтгөрөл байна уу гэдгийг үзнэ.

-Зүрхний бичлэг хийлгэнэ.

-Зүрхний эхо шинжилгээг хийлгэнэ

Зүрхний цус хомсрох эмгэг тусахгүй байх аргууд

-Амьдралын буруу хэв маягаа өөрчилж, өглөө 20-30 минут биеийн тамираар хичээллэж, насны онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийх .

-3-4 цагийн зайтай бага багаар хооллох. Хоолны тухайд амьтны гаралтай тос агуулаагүй, C витамин агуулсан хүнс хэрэглэж байх

-Стрессийг даван туулах аргаа олж, зөв тайлж сурах нь чухал. Цэвэр агаарт гарах, шингэн зүйл уух,

-Архи тамхины зохистой хэрэглээ. Тамхи татаж буй хүмүүсийн 50-иас дээш хувь зүрхний цус хомсрох эмгэг тусах эрсдэлтэй байдаг.

-Биеийн жингээ бууруулах. Хэт тарга, хэт туранхай байх нь өвчин эмгэг үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал болж байна. Тэр тусмаа мөчдийн бус төвийн таргалалт болох хэвлийн таргалалт нь зүрхний цус хомсрох эмгэгийн гол хүчин зүйл болж байна.

-Давсны хэрэглээгээ багасга. Хүн өдөрт 2.5-3 граммыг хэрэглэвэл зохистой. Даршилсан огурцы, лаазалсан хүнс давс ихээр агуулж байгаа тул цус хомсрох эмгэгийн бас нэг шалтгаан болж байна.

-Жилдээ нэг удаа зүрхний судасны нарийн мэргэжлийн эмчид хандаж байх ёстой.