​Туйлшрал: Амьд ус, Канген ус, одоо Alivemax

1 week ago admin 0

1990-ээд оны сүүлээр 19 дүгээр байранд МУИС-ийн нэгэн эрдэмтэн “мөнхийн ус” хэмээн крантны ус зарж уртаас урт дараалал үүсгэж байсан түүхийг манай багш бидэнд ярьж өгсөн удаатай. Одоо “мөнхийн ус” аваарай гэвэл дараалаад зогсох хүн цөөхөн ч тэр үеийн туйлшрал өнөө ч байсаар байгаа гэдгийг онцлохыг хүслээ.

 

Түрүү бөх, түрүүлсэн морины хөлсөөр хиймороо сэргээж тоос манаргадаг монголчуудын бас нэгэн туйлшралын хэдэн жишээг авч үзье. 2012 оны эхээс “амьд ус” хэмээн хөөрцөглөж олон түмнээрээ малын эмийг үнэ цохиж хэрэглэж байсан бол 2014 оны эхээр Япончуудын эмнэлэгт ариутгал хийдэг “Канген ус”-ыг эрүүлжүүлэх, залуужуулах ус хэмээн бөөнөөрөө шуурч байв. Голдуу эмэгтэйчүүд, УИХ-ын эрхэм гишүүд хүртэл том саванд канген ус хийгээд явдаг аа сурталчилж байсан даа. Энэ бүхнийг тухай цаг мөч бүрд нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулдаг боловч туйлшрамтгай түмэн минь шинжлэх ухаанд бус “ам дамжсан цуурхал”-д илүү итгэж байв. Мөнхийн ус, амьд ус, канген усны хүчтэй давлагаанд өртсөн бид өнөөдөр “Alivemax” буюу амьдруулах усны давлагаанд өртөөд байгаа юм.

Гэтэл өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэвлэлийн хурал зарлаж, Улсын ахлах байцаагч Д.Оюунбилэг “Alivemax” нь эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу зүгээр л жимсний охь ханд юм. Эм биш зүйлийг эм мэтээр ойлгуулж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн сурталчилгаа явуулж байгаа учраас хариуцлага тооцох болно гэсэн юм. Үүний дараа ШӨХТГ-аас шүүхэд гомдол мэдүүлж хавтаст хэрэг нээсэн билээ. Ингээд “Alivemax”-ынхан 5 сая төгрөгөөр торгуулж, цаашид ийм төрлийн сурталчилгаа хийхгүй байх үүрэг авсан ч одоо ч сурталчилгаа телевизүүдээр цацагдсаар, тэд бизнесээ үргэлжлүүлсээр л байна. Гэхдээ тэд төөрөгдүүлсэн сурталчилгаа хийгээд бизнес хийгээд байгаадаа биш бид л эрэлттэй байлгаж хэрэглэгч нь болоод байгаа учраас энэ бүхэн үргэлжлээд байгаа хэрэг. Жимсний охийг онцгой үр дүнтэй эм гэж итгэж хэд нугалсан үнээр авч хэрэглэж байгаа бидэнд 2000 өвчнийг эдгээж, урьдчилан сэргийлнэ гэхээсээ илүү хэлэн доороо цацдаг техник нь ч хүчтэй нөлөөлсөн ч байж болох юм. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг юм аа гэж бодоход бодитоор дүгнэлт хийж чадаагүйнхээ төлөө иргэд эдийн засгаараа хохирч байна. Ер нь хүнийг хэт их тахин шүтэх эсвэл үзэн ядах, ямарваа нэг зүйлийг хэт онцлох эсвэл балран харлуулах нь аюултай үзэгдэл. Ялангуяа массын туйлшрал бүр ч аюултай. Туйлшрал их байна гэдэг нь төлөвшил төдий чинээ бага байна гэдгийг харуулдаг учраас аливаад олон талтай дүгнэлт хйиж сурах хэрэгтэй билээ.

Ам руугаа эсвэл хэлэн доороо жимсний охь цацаад л цус харвасан хүн эрүүлжиж, хорт хавдар эдгэж байна гэх сурталчилгаанд та итгэж байна уу. Хамгийн сайнаар бодоход, үүнийг цацаад үр дүн гарна гэсэн тухайн хүний итгэл, сэтгэлийн хүч нь Alivemax-аасаа илүү эмчилгээ болдог байж магадгүй юм даа.