​А.Амбасэлмаа: Дархлаагаа сулруулахгүй, халдварт өвчнөөр өвчлөхгүй байх их амархан

1 week ago admin 0

ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, хүн өөртөө ямар дадлыг баримталснаар халдварт өвчнөөр өвчлөхгүй байх вэ зэрэг сэдвээр ярилцлаа.

-Халдварт өвчин гэж юу вэ, халдварт өвчнөөр хүн яагаад өвчилдөг вэ?

 

 

-Эрүүл хүнд халдварт өвчнийг үүсгэгч нян вирус орсноор тухайн халдвараар өвчилдөг. Тухайлбал, амьсгалын замаар халдах халдвар, ахуйн халдвар буюу гэдэсний халдвар мөн амьтнаас хүнд халдах халдвар зэрэг олон замаар халдвар дамжиж хүнийг өвчлүүлдэг. Манай улсад жилдээ 30 орчим төрлийн халдварт өвчин бүртгэгддэг. Сүүлийн үед олон төрлийн вакциныг нэвтрүүлснээр халдварт өвчнийг устгаж, зарим өвчний тархалтыг эрс бууруулж чадсан. Хамгийн сүүлийн жишээ бол саа өвчнийг бүрэн устгасан явдал юм. Ер нь тухайн өвчний вакцинтай тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын товлолоор хүүхдийг төрснөөс 24 цагийн дотор вакцинжуулж,15 нас хүртэл шаардлагатай вакцинжуулалт хийдэг. Энэ нь олон халдвараас сэргийлдэг. Түүнээс гадна манай улсад улирлын чанартай халдварт өвчин их гардаг. Ялангуяа амьсгалын замын өвчлөл, гэдэсний суулга, вирусийн гаралтай халдвар, гар хөл амны өвчлөл бүртгэгддэг.

-Сүүлийн үед хүүхэд ханиад хүрэхдээ өндөр халуурах, тууралт үүсэх зэрэг онцлог шинж илэрч байна гэж цахим орчинд эцэг эхчүүд мэдээлж байна. Энэ төрлийн халдварт өвчин нь шинэ тохиолдол уу?

-Халдварт өвчин судлалын төвд одоогийн байдлаар тууралттай интервирусын халдвар ихээр гарч байна. Энэ халдвараар 0-2 насны, гэрээр байдаг хүүхдүүд өвчилж байна. Энэ өвчинд бид онцгой анхаарах шаардлагатай. Халуурдаг, туурдаг тус халдварт өвчин зарим тохиолдолд ханиад томуутай хавсарч байна. Гэхдээ энэ бол ханиад биш юм. Томуу А,B,C вирусээр үүсгэгддэг бол дээр дурдсан халдвар нь интервирусаар үүсгэгддэг. Энэ вирусээс сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг олон хүнтэй газраар авч явахгүй байх шаардлагатай. Хоёрт, хувийн ариун цэврийг сайн сахих шаардлагатай.

-Таны хувьд халдварт өвчин судлалын чиглэлд насаараа ажилласан туршлагатай төдийгүй сүүлийн 10 жил ХӨСҮТ-д буюу энэ өвчний эсрэг голомтын цэгт ажиллаж байна. Хүн халдварт өвчин тусахгүй байх боломжтой юу. Ер нь халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр хувийнхаа зүгээс зөвлөгөө өгөхгүй юу?

-Дархлааг сайжруулах тал дээр хөгжингүй орнууд хүүхдийг төрсөн цагаас нь л арга хэмжээ авч эхэлдэг. Ямар ч халдварт өвчнөөс сэргийлэхэд дархлаа маш чухал. Дархлаа сайтай бол ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл багатай. Дархлааг сайжруулахад, ялангуяа хүүхдийнхээ дархлааг өндөр байлгаж, өвчинд өртүүлэхгүй байх их амархан бас энгийн. Ерөөсөө л амин дэм сайтай хүнс хэрэглэж, хоолыг хүйтнээр биш бүлээн байдлаар хэрэглэх хэрэгтэй. Мөн хүүхдийн амыг цангаахгүй, ойр ойрхон буцалсан ус, аарц, чацаргана, үзэмний шүүс зэрэг шингэн зүйл сайн уулгаж бай. Ялангуяа хаврын энэ өдрүүдэд цаг агаар хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр хүйтэн, маргааш дулаан гэх мэт улирлын зааг дээр хүмүүс нимгэн хувцаслаж эсвэл гэр орондоо гал бага түлж даарч хөрдөг. Үүнээс болж биеийн эсэргүүцэл суларч, дархлаа муудаж халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Дархлаажуулалт гэхээр тэр төрлийн вакцинд хамруулж, эм тариа хэрэглэнэ гэж бид их явцуу ойлгодог. Гэтэл хүүхдийг дулаан хувцаслаж, сайн хооллож, уур уцааргүй байлгаж, хувийн ариун цэвэр сайн сахиулахад л өвчлөхгүй байх боломжтой. Энэ бүхэн маш энгийн, ойлгомжтой. Магадгүй хүн бүр л хэлдэг, бас сонссон боловч хэрэгжүүлдэггүйд л учир бий.

-Халдварт өвчний дэгдэлтийг хэрхэн бууруулах вэ. Өвчлөөд хандаж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Хүүхэд өвчлөх нь эцэг эхийн анхаарал халамж сул байснаас л шалтгаалдаг. Гэвч нөгөө талаар гэдэсний халдвар орчны бохирдол, хүнсний бохирдлоос хамаарч өвчилж байна. Манайд гарч буй гэдэсний халдварын дийлэнх шалтгаан гудамж талбайд ил задгай зарагдаж буй хоол хүнс авч хэрэглэсэн болон усны ариун цэвэр алдагдсанаас байдаг. Мөн амьсгалын замын халдварт өвчнөөр хүүхэд өвчилсөн ч эцэг эх нь сургууль цэцэрлэгт нь хамруулдаг. Үүнээс болж нэг хүүхдээс цаашлаад эрүүл олон хүүхдэд халдвар дамждаг. Тиймээс амьсгалын замын өвчин туссан л бол тухай бүрт нь эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай. Хүүхдээ ханиад хүрчхээд байхад нь тоолгүй цэцэрлэгт хамруулж эрүүл олон хүүхдэд ханиад дамжуулах шаардлагагүй шүү дээ. Энэ мэт хүн бүр ноцтой асуудал биш гэсэн сэтгэхүйгээр хандалгүй хувь хувьдаа хариуцлагатай байвал халдварт өвчний дэгдэлт багасна. Хүн өвчлөхгүй байх өөрөөс шалтгаалдаг. Гарын ариун цэврийг сахих зөв зуршилтай байх нь халдварын эрсдэлийг бууруулна. Тамхи татах,дам тамхидалтыг бууруулах нь амьсгалын замын өвчнөөс сэргийлэхэд тустай. Дархлаажуулалтад хамрагдах нь гаднаас орж ирэх эмгэг төрөгчийн эсрэг найдвартай дархлаатай болоход тусална. Зан үйлээ өөрчлөх,биеийн эсэргүүцлийг сайжруулах замаар халдварт өвчинд өртөх эрсдэлийг бууруулах боломжтой. Зохистой хооллохгүй байх нь халдварт өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Стрессийг багасгах, нойр сайтай байх зэргээр дархлааны системийг дэмжих хэрэгтэй. Хамгийн гол нь хэрхэн сэргийлэх вэ гэдгээс илүү тухайн зөвлөмжийг хэрэгжүүлдэг байх нь чухал юм. Эцэст нь хэлэхэд, бид эрүүл байж аз жаргалтай амьдарна.