​Ц.Хүрэлтулга: Өдөрт 100 англи үг цээжлэх хамгийн хялбар, сонирхолтой аргыг зааж өгье!

1 month ago admin 0

Монголын англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулгатай англи хэл сурах арга барилын талаар ярилцлаа.

-Хамгийн эхний асуултаа олон шавьдаа хүндлэгдэж чадсан Тулгаа багш өөрөө англи хэлийг хэрхэн сурсан түүхээр эхлүүлье?

-Миний хувьд англи хэлийг дунд сургуульд байхдаа сурсан. Англи үгийг хонины бэлчээрт цээжилдэг байсан. Анх эгч маань англи толь бэлэглэснээр үг цээжлэх эхлэл тавигдсан. Дүрэм сайн мэдэхгүй мөртлөө үг цээжлээд байсан нь хожим англи хэл сурахад чухал нөлөө үзүүлсэн. Үг цээжлэх бол англи хэлийг маш сайн эзэмших чухал чадвар. Харин англи хэлний онолын мэдлэгээ Абсолют төвийн Ганаа, Бааска гээд хоёр багшийнхаа дэмжлэгээр системтэйгээр олж авсан.

Миний хувьд эмч болох мөрөөдөлтэй байсан ч эхлээд багш болсон. Тэгээд дараа нь эмчээр суралцаж, хүний их эмч болсон.

-Та шавь нартаа өдөр бүр 100 англи үг цээжлэх даалгавар өгдөг гэсэн. Энэ ер нь боломжтой юу. Үг цээжлэх хамгийн сайн арга юу вэ?

Төвлөрч, төсөөлж чадвал өдөрт 100 англи үг цээжлэх амархан

-Шавь нартаа англи хэл сайн сурахын тулд нэгд үг, хоёрт, үг гуравдугаарт, бас л үг цээжлэх гэж хэлдэг. Англи хэлийг байшин гээд төсөөлөөд үзэх юм бол байшинг тоосго бүрдүүлж байдаг бол англи хэлэнд үг чухал үүрэгтэй байдаг. Хэчнээн их үг мэдэж байна англи хэлийг тэр хэмжээгээр эзэмшсэн гэсэн үг юм. Тиймд өдөр бүр 100 үг цээжлэхийг шаарддаг.

Үг сайн цээжлэхийн тулд нэгдүгээрт, төвлөрөл хамгийн чухал. Хүнээс сэтгэл битгий гуй гэдэг үг байдаг. Сэтгэл нь бэлэн бус хүнд англи хэл заагаад яагаад ч сурдаггүй. Сэтгэл санаа нь тогтуун бус, зорилго нь тодорхой болоогүй хүний анхаарал төвлөрдөггүй. Өөрийгөө сонсоод, үнэхээр англи хэл сурахыг хүсч байгаа зорилгоо бий болгох хэрэгтэй. Тэр үед л англи хэлийг маш амархан сурах боломжтой байдаг. Сэтгэл зүй, зорилго бэлэн болоогүй бол 10 жил сураад ч англи хэлийг сурахгүй. Төвлөрч л чадах юм бол өдөрт 100 англи үгийг цээжлэх бүрэн боломж бий. Хүн сэтгэлзүйгээр хамгийн тайван, аз жаргалтай, инээж байх үедээ хэлийг сайн сурдаг гэдэг. Зорилгоо олчихсон хүн төвлөрч чаддаг.

Хоёрт, үг цээжлэх гэж байгаа бол өөртөө цаг, зав гаргаж болохгүй. Жишээ нь, үг цээжлэх гэж байна гээд өглөө 5 цагт босч, орой 2-3 цагийг хүчээр гаргаад сууж болохгүй. Завгүй гэж боддог завтай цагаа ашиглах хэрэгтэй. Жишээ нь, ажил сургуульдаа явахдаа, замын түгжрэл дунд, гэрээсээ гарахдаа, лифтэнд, гудманд алхаж байхдаа гэх зэргээр завгүй байгаа гэж боддог завтай цагаа ажиглаж үг цээжлэх хэрэгтэй.

Өөртөө зуршил бий болгоно гэсэн үг. Сэрэнгүүтээ орондоо 10 үг цээжил, шүдээ угаах бүртээ хоёр үг цээжил. Цээжилж амжихгүй бол шүдээ угаагаад л бай, цагаан болно биз. Цайгаа уухдаа таван үг гэх зэргээр завгүй гэж боддог цагаа ашиглаж сур. Өөрийгөө хүчлэхгүйгээр завгүй гэж бодсон үедээ, өөртөө сонирхолтой аргаар цээжлэх хэрэгтэй. Цаасан дээр үгээ бичээд нөгөө үзүүрээс нь шатааж болно. Цаас шатаж дуустал 20 секунтэд нэг үгийг цээжилж болно. Эсвэл найзтайгаа өрсөлдөх маягаар сэрүүлэг тавьж байгаад цээжилж болно. Нэг англи үгийг 100 доллар, 50 доллар хэтэвчиндээ хийж байна гэдэг сэтгэлгээгээр цээжлэх хэрэгтэй.

Гуравт, англи үгийг төсөөлөх аргаар цээжилж болно. Жишээ нь, “Obsolеte хуурчирсан, хэрэгцээгүй гэдэг утгатай үг байлаа гэхэд “Obso” гэхээр солонгосоор байхгүй гэдэг үгийг илэрхийлдэг. “Late” хоцрох гэсэн үг гэх зэргээр төсөөлж цээжилж болно. Гэхдээ төсөөлж, өөртөө сайн яриад, түүнийгээ хураагаад авчих хэрэгтэй. Өглөө сэрээд өөрийнхөө ярьсныг сонсоод байж болно. Академик англи хэлийг маш сайн эзэмшихийн тулд 6500-аас дээш үг цээжилсэн байх хэрэгтэй. Үнэхээр төвлөрч чадвал хоёр сарын хугацаа л шаардлагатай.

Сэтгэлийн хаттай, хүчтэй зорилготой хүн англи хэлийг маш амархан сурдаг

-Англи хэлийг сайн эзэмшихийн тулд сэтгэл санаа тогтуун байх ёстой талаар ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Англи хэлийг маш сайн сурахад сэтгэлийн хат болон маш хүчтэй зорилго чухал. Энэ хоёр зүйлийг өөртөө олж чадсан хүн англи хэлийг бусдаас маш сайн сурч чадна. Самбарыг нар гэж төсөөлье. Нар руу алхахаар сүүдэр ард тусна. Нарыг зорилго гэж хэлж болно. Зорилгынхоо төлөө алхаж байгаа хүнд сүүдэр буюу сэтгэл хөдлөл гэдэг зүйл ард явж байдаг. Энэ бол аливааг сурч өөрийгөө хөгжүүлж амжилтад хүрэхэд хамгийн зөв байрлал. Ийм байрлалд явж байгаа хүн хамгийн аз жаргалтай байдаг. Амжилтай яваа хүмүүсээс яаж ингэж амжилтад хүрсэн юм бэ гэж асуухаар зарим нь мэдэхгүй гэдэг. Учир нь тэр хүн зорилгынхоо төлөө явж байсан болохоор зовоогүй, зовсон ч аз жаргалтайгаар тэвчиж чадсан учраас тэр юм.

Эсрэгээрээ бидэнд жаахан зав гарахаар нар руу алхаж байсан байрлалаа зогсоогоод эргээд хараад зогсчихдог. Энэ үед нар буюу зорилго ард гарч, сэтгэл хөдлөл буюу сүүдэр урд тусна. Энэ бол сүйрлийн байрлал. Сэтгэл хөдлөл урд гараад ирэхээр хүн сонголт хийх чадвараа бүрэн алдчихдаг. 5 цагт босох сонголт байхад 10 цаг хүртэл унтахаа сонгоно. Дэлхийн топ сургуулиас тэтгэлэг авах сонголт байхад, өөр зүйл хийдэг.

Мөн зорилго нь ар талдаа сэтгэл хөдлөл урд гараад ирчихсэн үед хүн хэн нэгний хараат болж, өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцгүй болж эхэлдэг. Нэг залуугаас болж уйлаад, эсвэл нэг бүсгүйгээс болж архи, дарс уугаад л. Захын хүн хөл дээр гишгэхээр уурлаад л, өөр нэгэн гоё харагдаж байна гэхээр баярлаад. Ийм байдалтай хүн хэзээ ч хэл сурч чадахгүй, төвлөрөхгүй юм. Энэ нь сэтгэл санаа тайван байхтай холбоотой байрлал юм.

Зорилгоо тодорхой болгоогүй хүн хэсэгтээ хичээж байгаад амархан шантардаг, харин зорилготой хүн заавал эцсийг нь үздэг. Хүн бүрт англи хэлийг сурах хүсэл тэмүүлэл бол байдаг. Гэхдээ хэсэгтээ явж байгаад ямар нэг бэрхшээл гараад ирэхээр орхиод явах нь олон байдаг. Манай багш надаас “Тулгаа чи уснаас айдаг. Чамайг завьтай ганцааранг нь эзгүй далайд үлдээлээ. Ямар ч арал харагдахгүй байгаа үед сэлүүрдэх үү” гэж асууж байсан. Би сэлүүрдэхгүй. Яагаад гэвэл арал харагдахгүй байгаа учраас тэр юм. Хэрвээ надад арал харагдвал би бүх хүчээ дайчлаад сэлүүрдэнэ. Түүнтэй адил очих газар зорилго нь тодорхой хүн хэлийг маш хурдтай сурч, өөрийгөө хөгжүүлж чаддаг. Зорилгоо олоогүй хүн шантардаг.

-Англи үгийг цээжилсэн ч шууд ярихад бэрхшээлтэй байдаг шүү дээ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү. Дуудлага зөв, буруу байх вий гэж эмээгээд ярьж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ?

-Англи хэлний авиа зүй хэцүү биш. Хэдхэн онол байгаа. Түүнийг цээжилчихвэл зөв дуудна. Хоёрт, зөв дуудаж өгдөг төрөл бүрийн аппликейшн гарчихсан байдаг. Түүнийг сайн ашиглах хэрэгтэй. Англиар төрөлх хэл шиг нь заавал цэвэр дуудах албагүй, ойлголцож байх нь чухал. Англи хэл бол дэлхийн хэл. Үндэстэн бүр өөр, өөрийн хэл аялгаар ярьдаг. Түүнээс айж, ичих шаардлагагүй.

Бид монгол хэлээ сурахдаа эхлээд сонссон, дараа нь ярьж, уншиж, бичиж сурсан. Харин харь хэлийг сурахдаа эсрэгээрээ байдаг. Эхлээд уншиж сурах ёстой. Уншихын тулд үгээ цээжилсэн, дүрмийг мэдсэн байх ёстой. Дүрмийг цэгцтэй үзэх ётсой. Биеэ дааж үзэхээс илүү багшаар чиглүүлэх нь чухал байдаг. Ингэснээр цаг хэмнэж, цэгцтэй ойлголттой болно.

Үгээ болон дүрмээ мэдэж уншиж чадаж байгаа бол сонсож чадна. Зарим хүн чих онгойхгүй байна гэдэг нь ихэвчлэн үг, дүрмээ мэдэхгүй байгаа болохоор тэр юм. Уншиж чадаж байгаа сэвдээ сонсоод ойлгодог. Сонсох төв цочирч байж ярьдаг. Дуудлага сайжруулахын тулд ярихаас урьтаж сайн сонсоод сурчих хэрэгтэй. Сонсохдоо ганцхан сэдвийг сонгоод сонс. Цаазаар авах ял гэсэн сэдэв байлаа гэхэд эхлээд бүх үгийг нь цээжилчих, дараа нь тэр доторх дүрмийг нь харчих. Тэгээд олон удаа давтаад сонсоод байх хэрэгтэй. Нэг л мэдэхэд чихэнд сонсогдож эхэлнэ. Тэр үед амнаас шууд гараад ярьж эхэлдэг. Нэг үгээр хэлбэл, сонсох төв цочирч байж ярих төв цочирдог гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эхлээд ярих бус сонсох нь чухал. Үгээ цээжлээд, дүрмээ ойлгоод, дараа нь уншаад, сайн сонсоод тэгээд ярьдаг. Энэ бол англи хэл сайн сурах томъёо.

-Таны англи хэл заах арга барил их өвөрмөц, маш хатуу гэж сонсож байсан. Заах арга барилынхаа талаар хуваалцахгүй юу?

-Монголчууд тавдугаар ангиас эхлэн бараг 10 жил англи хэл үзсэн байдаг. Гэхдээ үр дүнгүй, сурсан ч юм шиг, сураагүй ч юм шиг. Манайд хэл сурахаар ирж байгаа хүмүүсээс би хамгийн түрүүнд “Та 10 жил англи хэл үзсэн байна. Англи хэл хэдэн авиатайг хэлнэ үү гэхээр мэдэхгүй гэдэг. Заа тэгвэл, 26 цагийг бүгдийг нь сураагүй байж болно, нэр, томъёог нь хэлээд өгөөч гэхээр бас л мэддэгүй. Тэр хүн 10 жилийг хий дэмий алдсан гэсэн үг. 10 жилийг бид алдсан юм бол тэр 10 жилээ хурдан нөхөх ёстой шүү дээ. Хурдан нөхөхийн тулд хатуу шаардаж байж сурдаг. Дээрээс нь хурд чухал. 10 жил үзсэн хүмүүс өдөрт нэг үг цээжлээд байсан бол TOEFL, IELTS өгчихсөн байх ёстой. Өдөрт нэг үг цээжлээгүй 10 жил явчихсан юм чинь түүнийгээ нөхөөд өдөрт 100 үг цээжлэх шаардлагатай болж байгаа юм. 100 үгээ цээжлэхгүй бол сургалтынхаа гэрээг цуцалдаг. Дээрээс нь англи хэлний дүрмийг системтэйгээр матетматик загварчлалаар заадаг. Хурдтай үзэх ёстой тул ачаалалтай даалгавар өгнө, даалгавар хийхгүй байхыг зөвшөөрөхгүй. Яг үнэндээ Монголчууд хатуу шаардлага тавихаар сайн сурдаг.

Гадаад хэл зайлшгүй сурах дөрвөн шалтгаан бий…

Нэгд, заавал тэтгэлгээр сурах ёстой. Дэлхий нийтээр 300 мянган тэтгэлэг байгаа. Тэр тэтгэлгийг хүн авдаг учраас боломж байгаа гэсэн үг. Шаардлагыг нь хангаж чадвал боломжтой юм. Тэр шаардлагыг хангахын тулд англи хэл сурах зайлшгүй шаардлагатай. Хоёрт, дэлхийн топ сургууль сурах ёстой. Гуравт, англи хэлийг академик төвшинд эзэмшсэнээр дэлхийн хамгийн өндөр боловсролыг эзэмшиж чадна гэсэн итгэлтэй болдог. Дөрөвт, та хэзээ нэгэн цагт санхүүгийн бэрхшээлээс эмээж байсан бол гадаад хэлийг маш сайн сурах ёстой.

-Гадаад хэлийг хэрэглэхгүй бол мартдаг гэдэг шүү дээ. Цээжилсэн үгээ мартахгүй байхын тулд ямар арга чухал вэ?

-Бидний уураг тархи угаасаа мартдаг. Англи үгийг ч гэсэн цээжлээд мартдаг. Гэхдээ дахиад цээжилсэн тохиолдолд мартдаггүй. Жишээлбэл, өнөөдөр та машины цонхоор харсан хүнийхээ царайг маргааш санадаггүй биз дээ. Харин тэр хүнтэй маргааш нь уулзаад, дахиад сарын дараа уулзахад царайг нь санаж байдагтай адил юм. Нэг цээжилсэн үгээ дараа нь дахиад давтаад хардаг байх ёстой.