арьсны эд эсийг гэмтээгч халдварт өвчин хурдацтай тархаж байна

3 months ago admin 0

Африк тивд анх бүртгэгдсэн, бүрэн судлагдаагүй арьсны халдварт өвчин бусад тивд хурдацтай тархаж байна.

 

Австралийн Виктория мужид Бурулигийн яр гэгдэх энэхүү өвчнөөр өвдсөн тохиолдол нэмэгдсээр байгаа нь эрдэмтдийг түгшээж байна. Одоогийн байдлаар тус өвчнөөр өвдсөн тохиолдол өнгөрсөн дөрвөн жилийнхээс даруй дөрөв дахин нэмэгдсэн байна.

2017 онд Бурулигийн яраар өвдсөн 275 хүн бүртгэгдсэн нь 2016 оныхтой харьцуулахад 51 хувиар их байсан аж. Халдвар улам хурц хэлбэртэй болж, Австралийн бусад нутаг дэвсгэрт тархаж эхлээд байна.

Австралийн эмч нар арьсны эд эсийг “иддэг” энэ өвчний тархалтыг хэрхэн бууруулахаа мэдэхгүй байгаа гэнэ. Анх Африк тивд бүртгэгдсэн Бурулигийн яр одоог хүртэл бүрэн судлагдаагүй ба уг өвчний талаарх мэдээлэл маш хомс аж. Бурулигийн яр микобактериар үүсгэгддэг аж. Тус өвчин анх Африкийн халуун орны уур амьсгалтай бүс нутагт илэрч байсан бол Австралийн Виктория мужийн уур амьсгал Африкийнхаас ялгаатай.

Хүнд энэ нян хэрхэн халдварладаг нь тодорхойгүй байна. Эмчилгээний явц маш хүнд, бүрэн эдгэх хүртэл 6-12 сар болдог бөгөөд өвчний явцад үүссэн шархны улмаас эмчлүүлэгсдийн дийлэнх нь гоо сайхны мэс ажилбарт орох шаардлагатай болдог байна.

Бурулигийн яр өвчин Африк, Ази, Латин Америк болон Шинэ Гвинэйн халуун орны уур амьсгалтай бүс нутгуудад бүртгэгдэж байжээ. Тус өвчин намаг ихтэй бүс нутагт тархдаг байсан бол Австралид бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь далайн эргийн бүс нутагт бүртгэгдсэн байна.

Австралийн эмч нар Бурулигийн ярыг судлах ажилдаа ороод байгаа аж.

Эх сурвалж: CNN