Ц.ОДОНТУНГАЛАГ: “А ҮСЭГ ЗААСАН БАГШ САЙХАН Ч АМЬДРАЛЫН ЗАМ РУУ АЛХАЖ ОРОХОД МИНЬ ТУСАЛСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ БАГШ МУНДАГ ШҮҮ..” ГЭЖ БАХАРХАН ЯРЬДАГ

3 months ago admin 0

Орчин цагт хүүхэд залуучууд Солонгос хэлийг ихээхэн сонирхох болсон. Энэ ч үүднээс Солонгос хэлийг хурдан хугацаанд хэрхэн зөв арга барилаар суралцах талаар Ц.Одонтунгалаг багштай ярилцаж залуус та бүхэндээ өчүүхэн мэдээлэл хүргэхийг зорилоо.

 

-Өөрийгөө манай уншигч нарт танилцуулна уу?

-Би Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10 жил ажиллаж байна. 2002 оноос 2006 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2009 онд Солонгосын хөрөнгө оруулалттай Энх-Орчлон дээд сургуулийг Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсөөд 2013 онд МУБИС-ын Солонгос хэлний багш факультет-ийн Солонгос хэлний заах аргазүй магистрын зэргийг “Солонгос хэлний энгийн ярианы нөхцөлийг туслах нөхцөлтэй хэрхэн харьцуулж заах бэ” сэдвээр хамгаалсан. Би Солонгос хэлийг хамгийн анх Чой Сонсу, Сон Ый Минь, мөн Д.Эрдэнэсүрэн, Б.Батчимэг, А.Хишигжаргал гэх чадварлаг гадаад дотооддоо нэрээ гаргасан багш нараар заалгасан азтай хүн. Мэргэжлээрээ ажиллах зөв арга барилыг суулгаж өгсөн хүндэт багш нараараа бахархаж хүндэлж явдаг.

-Солонгос хэлийг хэрхэн хурдан хугацаанд сурч болох бэ? Олон жил ажилласан туршлагаасаа үндэслэн Солонгос хэл сурах сонирхолтой хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Солонгос хэлийг хурдан эзэмшихэд хэд хэдэн анхаарах зүйл бий.
Нэгт: Тухайн хэлийг сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
Хоёрт: Тухайн орны ёс заншил, Солонгос хүмүүсийн сэтгэлгээ хандлагыг нарийн судалсан байх
Гуравт: Шинэ үг цээжлэх тэр дор нь хэрэглэх зуршил болгох нь чухал. Дээр дурдсан зүйлүүд нь сэтгэлзүйн байдлаа бэлдэхэд ач холбоотой юм. Энэ гурван ойлголтыг зөв ойлгож ухаарвал амжилтад хүрэх боломж ойрхон. Учир нь хэл сурахад сэтгэлзүйн бэлэн байдал болоод сурах чин хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй.

– Шинэ үгийг хурдан цээжлэхэд юунд анхаарах хэрэгтэй бэ?

-Шинэ үг цээжлэхдээ хамгийн гол нь гурван чадвараа ашиглаж цээжлэх нь хамгийн үр дүнтэй юм. Энэ суурь чадвар дээрээ сонсох, ярих, унших гэх чадвараа ашиглан шинэ үгийг цээжлэвэл мартах нь бага. Үгээ хамгийн түрүүнд чангаар дуудаж унших нь нэн ач тустай.
Өгүүлбэр болон зохиолыг уншихдаа үгнүүдийн бүтэц утга агуулгыг харьцуулж эсрэг болон ойролцоо утгатай, холбоо үгсийг үгийн сангийн бүлгээр нь салбарлуулж ангилж цээжилнэ. Жишээ нь: Сургууль, дэлгүүр, аялал, хувцас гэх мэт. Нэр үгээ тохирох үйл үгтэй нь холбож хооронд нь хоршуулж нөхцөлүүдээр нь хувиргаж аль болох өгүүлбэрт оруулж утгаар нь зураглаж цээжлэх хэрэгтэй.

-Солонгос улс руу гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд өдрөөс өдөрт ихсэх болсон. Эдгээр хүмүүсийн хэрэгцээнд нь зориулж ямар хөтөлбөр гаргаж байна бэ?

– Солонгос улсад суралцах ажиллах амьдрах сонирхолтой иргэдийн тоо асар их нэмэгдэж байна. Тэдгээр иргэд дийлэнх нь Солонгос хэлний анхны шатны мэдлэггүй байдаг. Гэхдээ мэргэжил хурдан хугацаанд сурах хүсэл эрмэлзэлтэй ирдэгнь сайшаалтай. Тийм дээ ч оюуны потенциал сурах арга барил, мэргэжил бүхий л зүйлээрээ ялгаатай хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст тохируулан хурдан хугацаанд зорьсон түвшинд нь хүргэхэд тусгай хөтөлбөр арга барилаар ажиллах шаардлага гардаг.Тухайн суралцагчид даа хэрхэн хүрч сонсгол уншлага бүхий 50 асуулттай 200 онооны шалгалтад хэрхэн тэнцүүлэх бэ? яавал сайн үр дүнд хүргэх вэ гэсэн үүднээс хөтөлбөрөө бэлддэг. Их сургуулиа төгссөнөөсөө хойш EPS-TOPIK хэлний шалгалтад 10 жил тасралтгүй бэлдэж олон ч хүн тэнцүүлсэн. Энэ тууштай ажилласан хөдөлмөрийнхөө үр дүнд өөрийн гэсэн арга барил, төлөвлөгөөтэй болжээ. Гэрээний шалгалтад тэнцээд амьдралаа дээшлүүлж хөл дээрээ боссон нэг шавь маань “…А үсэг заасан багш сайхан ч амьдралын сайн сайхан зам руу алхаж ороход минь тусалсан Солонгос хэлний багш маань мундаг шүү..” гэж бахархан ярьж байлаа. Богино хугацаанд хүмүүсийг тодорхой хэмжээний хэлний мэдлэгтэй болгож зорьсон зорилгод нь хүргэж чаддаг бяцхан амжилтаараа заримдаа бахархдаг юм.

– EPS-TOPIK хэлний шалгалт давж гарахад хэцүү байдаг. Богино хугацаанд энэ түвшний мэдлэгийг олж авч байгаа нь гайхалтай?

– Хичээлдээ сонирхолгүй, хэл сурах дургүй байна гэдэг хэлний мэдлэгээ дээшлүүлэх түвшин ахихад их нөлөөлдөг. Суралцагч нарынхаа сэтгэлзүйн байдал онцлог талыг нь мэдрэх хэрэгтэй. Сонирхолтой дуртай зүйлээр нь дамжуулан Солонгос хэлийг эзэмшүүлэхийг хичээдэг. Миний заах арга зүйн давуу тал бол багш шавь нарын хооронд байдаг хаалт, мэдлэгийн зэрэглэл, зиндаархал зэргийг умартаж ижил түвшинд очиж хичээлээ заадагт оршдог. Энэ араншин нь тухайн суралцагчийг өөрөөсөө холдуулах хөндийрүүлэх ханийг босгож өгдөг. Мэдээж суралцагч хичээлдээ мэрийлттэй байх нь чухал. Багш шавийн хоорондын харилцаанаас хэлний түвшин ахих эсэх шалтгаалдаг

Хичээлийн хөтөлбөр бол 10 жилийн турш хуримтлуулсан, судалсан судалгаан дээр боловсруулагдаж гарсан агуулга юм. Энэ агуулгын хамгийн гол нь хурдан хугацаанд сонсох, бичих, дүрмийг ойлгуулах цаашлаад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас гаргадаг жишиг даалгавар дээр тулгуурласан сэдэв, жил жилийн шалгалтын өөрчлөгддөг болоод адилхан орж ирдэг агуулга гэх мэт судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөр юм.

Ярилцсанд баярлалаа.

Ц.Одонтунгалаг багштай 99782764, 98019090 утсаар холбогдоорой.