Монголын түүхнээ товойж үлдсэн их зайран, удганууд

8 months ago admin 0

Гомдлыг өршөөл уучлалаар, үзэн ядалтыг хайр энэрлээр хариулдаг хүн сэтгэхүйн сөрөг энергитэй холбогддоггүй болохоор түүнийг хорлохоор илгээсэн хараал, хар хор муу энерги нь “бай”-ндаа хүрдэггүй. Хүрэхгүйгээр үл барам эргэж ойгоод явуулсан эзэндээ буцаж ирнэ. Бузар муугаар бүү дийл, бузар мууг сайхан энергээр хариу барь, хүчирхийлэл нь өөрөө хүчирхийлэлийг төрүүлдэг. Гадны хорлолд нээлттэй байна гэдэг бол өөрт нь хар хорон санааны үр байна гэсэн үг. Аливаа томоохон хүчтэй хар хорын хариулга нь маш энгийн жижигхэн, бүр итгэмээргүй инээд хүрмээр жаахан засалд ч байх нь олонтаа. Жинд яваа урт цувааны эхний тэмээний хүзүүнд нэг хонх, хамгийн сүүлийн тэмээний хүзүүнд бас нэг хонх зүүж дүн дан, дүн дан хийлгэж явдаг нь сүүлийн тэмээ тасраад гээгдчихээс болгоомжилсон зүйл огт биш араас дагасан хараал, хар хор байх аваас хонхны чимээнээс зайлж айдаг домтой. Энэ талаар эртний Ромоос гаралтай нэг дом бол шар үнээний хүзүүнд хонх зүүж өгдөг нь үнээг алга болчихвол хонхны дуугаар нь олно гэсэн ойлголт биш, малыг хар хэл ам, хараалаас хамгаалах арга ёс нь байжээ. Хонхноос гарч байгаа дуу гаднаас ирж буй хар хорыг, хараалын хүчийг няцаадаг учиртай.

Монголчууд жаахан хүүхдүүддээ хонх бойтог дээр нь зүүдэг ийм домтой. Түүнчлэн Монголын баатар эрс малгайнхаа орой дээр улаан цацаг залааг хийсгэдэг нь эсрэг хүндээ сүртэй ширүүн харагдахаас гадна дайсны “нүдний хортой” хүн заавал ч үгүй эхлээд хүнээс нь түрүүлж улаан өнгө нүдэнд нь бууж, түүнийг нь харчих учраас тухайн “дайсны харц цэнэггүй болж” ялагдахад хүрдэг. Энэ ч утгаараа монголчууд хасар басар нохойгоо заавал 4 нүдтэйг сонгож, зүрх цагааныг нь шилж, хүзүүнд улаан даавуу оосор уядаг нь далд нарийн учир зүйтэй билээ. Манай иймэрхүү ёстой адилхан гэмээр ёс гэвэл Герман, Англи, Украин зэрэг оронд байдаг. Тэд гэрийн тэжээмэл амьтандаа улаан даавууны өөдөс зүүж өгдөг заншил байдаг нь цаанаа утгатай.

Нүдэндээ хортой хүн гэдэг хүчтэй хараалаас огт дутдаггүй болох талаар уншигч та анзаарч байгаа байх. Айлын сайхан охиныг эрчүүд ширтээд эхлэхээр хөгшчүүл “боль та нар, хүний жаахан үрд нүдний хороо унагачих нь” хэмээн зэмлэдэг ч ийн учиртай. Нүдний хороос хамгаалах нэг сайн шидэт арга бол үнэтэй гоёмсог ээмэг бөгж, бугуйвч хэрэглэх явдал байдаг. Өнөөдөр манайхан үүнийг зүгээр л гоёо мэт бодоод байдаг нь туйлын өнгөцхөн ойлголт. Эдгээр үнэтэй гоёмсог ээмэг, бөгжийг зүүж бусдын харааг эхлээд түүндээ чиглүүлснээр “Нүдний хорыг” нь зайлуулах, сульдуулах, төөрүүлэх, хоргүй болгох ач холбогдолтой гэж үзсээр ирсэн байна. Гоо сайхан харагдах гэсэн зорилгоор биш байшингийнхаа үүдэнд тэс мод суулгадаг заншилтай газар ч бас байдаг. Энэ бол монголчуудад биш л дээ. Хот суурин газрын айлууд байшингийнхаа үүдэнд толь хадсан нь орж ирж буй ямар ч хүн болж өгвөл түүнд өөрийгөө хардаг. Хүмүүсийн нүдний хорыг толинд унтрааж байгаа дом болдог.

Гэрийн үүдэнд хүний анхаарлыг татахуйц огт хэрэггүй ч гэмээр гэхдээ яагаад үүнийг үүдэндээ өлгөсөн юм бол гэж бодогдохоор байх ёстой гэнэ. Тухайн хүн гэрт орохын өмнө нөгөөхийг хараад “яагаад заавал үүнийг хадсан юм бол” гэж бодоод ороход гэрт байгаа хүмүүст нүдний хор үйлчилдэггүй байх жишээтэй. Энэ дом нь өнө эртнээс өрнө, дорнын ард түмэнд байсаар иржээ. Хараал, нүдний хор, бусад хөнөөлийг зайлуулах өөр арга нь мэдээж өмнө өгүүлсэн дом шившлэг, тарни, ариун ус /шившлэгт рашаан болсон ус/ гээд олон зүйл байгааг уншигч та ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Хараал, хар хорыг арилгадаг хамгийн сайн домын нэг гал хэмээн дахин хэлэх байна. Галыг шүтэж байх нь туйлын зөв.

Германы их зохиолч Гёте бас ер бусын чадвартай байсан талаар өгүүлсэн байдаг. Ганц Гёте ч биш дэлхийн бүх чадалтай, нэртэй зохиолч, яруу найрагчид ер бусын хүмүүс гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Гёте өөрөө ч мэдэлгүй шидэтний аргыг хэрэглэчихдэг байсан гэнэ. Тэр “Намайг залуу байхад хааяа сонин явдал тохиолддог л байлаа. Хайртай бүсгүйтэйгээ уулзмаар болоод ганцаардаад, түүнийгээ хүрээд ирэх хүртэл нь сэтгэлдээ ургуулан боддог байлаа” гэж Эккерманд ярьсан байна. Над дээрээ ирсэн шалтгаанаа “Би гэртээ тогтож чадахгүй болдог, яаж ч чадалгүй чам дээр хүрээд ирлээ” гэж хэлдэг байжээ.

Өөр нэг зохиолч Марк Твен иймэрхүү чадвараа ашиглан бүр хүчтэй үйлчлэл үзүүлдэг байжээ. “Би хэн нэгнээс захиа хүлээж, хүлээж тэвчээр минь барагдахад түүний хүсэл зоригоос үл хамааран түүгээр өөртөө захиа бичүүлдэг байсан. Үүний тулд би ширээнийхээ ард суугаад түүнд захиж бичиж эхэлнэ. Дараа нь түүнийгээ ураад хаячихдаг. Энэ үйлдэл маань түүнийг надад захиа бичихэд хүргэдэг гэдгийг би мэддэг юм” гэж дурсчээ. Оюунлаг чадвараараа дэлхийд гоц гойд монгол зохиолч, яруу найрагч бусдад далдуур нөлөөлж удирдсан, санаа сэтгэлийг нь дуртай зүгтээ эргүүлсэн тохиолдол байж л байдаг. Манайх шиг бие биенээ таньдаг жаахан оронд тэдгээр зохиолч, яруу найрагчдынхаа гоц сэтгэхүй, бөө удганы чадвараа хэрэглэсэн тохиолдлуудыг хэлээд хэрэггүй хэмээн санаж байна. Гурваас дээш яруу найрагч, зохиолч нар цугларч дуудлага хийх, хамтын энергиэр нөлөөлөл бий болгох, усыг архи болгон өөрсдөө тасарч унах, хүний ууж буй архийг ус болгоод гарч одох, бороо цасыг оруулах, байгаль дэлхийтэйгээ шууд харьцах нарийн арга, чадвар бараг нэг их хүч орохгүй бүтдэг зүйл юм. Зохиолч, яруу найрагч болохоосоо өмнө та эхлээд “Хүн болох хэрэгтэй” гэсэн хатуу гэрээс буй. Хүн чанар муутай яруу найрагч, зохиолчоос муу энерги гардаг. Тиймийн тулд эхлээд “Жинхэнэ хүн” болсон байх хэрэгтэйг чухалчилж байна. Яруу найрагч, зохилч нарыг бөө, удгад садан төрлөө мэт элгэмсэн хүндэлдэг. Бөө удгадууд нь яруу найрагч, зохиолчдыг мэт илүү хүлээн зөвшөөрч, хайрладаг. Сайхан яруу найргийг сонсох дургүй бөө, удган гэж үгүй. Тэд яруу найраг, дуу хуур, цөөр, хөөмийнд нэн дуртай.

Бөөг тэнгэрийн элч хэмээн үздэг. Бөө удгад аливаа хүнийг эмчлэх, засал хийх, үзэж мэдэхийн тулд эхлээд “Сүнс, сүлдтэй нь холбон тогтоодог” гэдгийг уншигч та ойлгосон байх аа. Тогтоосон тэр холбоогоороо дамжуулж мэдээллээ авна. Мөнх тэнгэрийн “элч” зайран бөө, удгад дэлхийн анхдагч язгуур угшилтай хүмүүс бөгөөд дэлхийн төгсгөлийг харах сүүлчийн ухаант хүмүүс бас мөн юм. Дэлхий хямарч, шилгээж, ширвээтэж дуусаад дахин сайн санаат хүмүүсээр амьдралыг эхлүүлэхэд ирээдүйд энэ Замба тивд “Монгол удган” эргэж төрмүй.
Төгсөв.
Ч.Ууганбаярын “Монголын төрийн бөө” номноос