Эрүүл амьдрах код

2 months ago admin 0

ХХ зуун, асар хурдацтай хөгжлийн эрин зуун. Удаан хугацааны турш баялаг бүтээгч, хөгжлийн үр шимээс хүртэгч нь байхын тулд удаан хугацаанд эрүүл саруул байх хэрэгтэй. Тэтгэврийн нас хүрч нийгмийн даатгалын сангийн хамааралд ормогцоо ганцхан жилийн дараа бурхан багшийн хамааралд орчихдог байвал шударга бус юм.

 

Хичээж хичээж дэлхийн топ сургуульд элсэн суралцаж байтал эрүүл мэндийн шалтгаанаар үргэлжлүүлэх боломжгүй болчихвол мөн л харамсалтай. Хүнийг хүсэл мөрөөдөлтэй нь хүйтэн оронд хадаж чаддаг ганц зүйл бол өвчин юм. Нэг хүн өвчлөхөд зөвхөн тэр хүн өвдөөд л дуусдаггүй. Тухайн өвчнийг эмчлэхэд гаргаж буй эм тариа, ажиллах хүч, ор хоногийн мөнгө, мөн таныг өвчтэй байх үед ажиллах буй хүнд зарцуулж буй сургах, ажилласан цагийн хөлс гэх мэт санхүүгийн болоод нийгмийн асуудлууд хамт явж байдаг. Бодоход л толгой өвдөөд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж стрессээ эмчлүүлмээр.

Тиймээс бүгдээрээ улс орноо бодсон ч, өөрсдийн ирээдүйгээ бодсон ч хайртаа дотнын хүмүүстээ хэдэн жил илүү харагдаж, хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. Та бүхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад мэргэжлийн салбар холбоодоос гаргасан эрүүл амьдрахад тань туслах 1501005252 кодын учрыг тайлж өгье. Зүүдээ манаж, бөхийн өргөөнд хоороороо цуглаж мөнгө дуудсанаас илүү үр нөлөөтэй гэдгийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй.

150 минут – Нэг долоо хоногийн турш дунд нийт 150 минут гүйх, харайх, алхах, мөлхөх, сэлэх зэрэг эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байх. Дасгал тогтмол хийвэл таны мэдрэлийн эсийн холбоог батжуулж таныг ухаантай, зарим төрлийн даавруудыг идэвхжүүлж аз жаргалтай амьдруулна.

10 мл алкоголь – Энэ нь заавал уу гэсэн үг биш юм. Дэлхийн эрүүл мэндийн зөвлөж буй стандарт уулт нь нийт 10 мл цэвэр спирт агуулдаг. Энэ нь 25 мл архи, 330 мл шар айраг, 100 мл дарстай тэнцдэг. Lancet эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэн 12 орны 115,000 мянган хүнийг хамруулсан судалгаанд архи хэтрүүлэн хэрэглэх нь нас барах эрсдэлийг 31%- иар нэмэгдүүлдэг хэмээн үзжээ.

0 ширхэг тамхи– Тамхигүй өдөр бүр аз жаргалтай өдөр. Тамхи нь хорт хавдрууд, зүрх судасны өвчин, амьсгалын эрхтний өвчин болон бусад олон эмгэг байдлыг үүсгэдэг.

5 грамм давс – Давс их хэрэглэх нь шээсээр кальци алдагдах шалтгаан болох бөгөөд ингэснээр ясны эрдэсжилт багасаж, яс сийрэгжих, яс хугарах эрсдэл үүсдэг. Харин давсны хэрэглээг 10 г-аас 5 г хүртэл багасгахад ясны нягтшил нэмэгдэн өдөрт 1000 мг кальци хэрэглэсэнтэй адил байжээ. Тиймд, хоол цайндаа хийж буй давснаас гадна дэлгүүрээс худалдан авч буй дарсан ногоо, болон бусад хүнсний бүтээгдэхүүн дэх давсны хэмжээг хянаж сурцгаая.

25 грамм сахар – Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт хэрэглэх сахарын хэмжээг 25 граммаас бага байлгахыг зөвлөж байна. Нэг ширхэг чупа чупс 10 грамм сахар агуулдаг. Өдөрт 3 ширхгийг идэхэд л өөрсдийгөө эрсдэлд оруулчхаж байгаа юм.

2 литр ус – Ус нь хүний биед тасралтгүй үргэлжлэх төрөл бүрийн бодисын солилцоонд оролцдог . Иймээс ч хүний биеийн эд эсийн доторх ус нь 6-7 хоногт бүрэн солигдож эргэлдэж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн хоногт ойролцоогоор 2 литр ус уух шаардлагатай гэж зөвлөдөг.

Эрүүл мэндийнхээ төлөө эдгээр тоог санаж өөрсдийгөө өвчнөөс хамгаалаарай. Өвдөхгүй байх хамгийн найдвартай арга бол урьдчилан сэргийлэх юм. Долоо хоногт 150 минут гүйж,архины хэрэглээг 10 миллилитрт, идэж буй чихрээ 25 граммд, хэрэглэж буй давсаа 5 граммд барьж өдөрт 2 литр ус уугаад байвал эдгээр тоог мэдэхгүй хүмүүсээс хамгийн багадаа 10-12 жил урт наслах боломж байна.