Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий

1 week ago admin 0

Чамайг ээждээ хэлнэ дээ…

Ижийдээ хариулж өгөх ёстой ач тусаа хэмжих гэж оролдож үзсэн хүн байгаа болов уу. Бурхан багш тэнгэрийн оронд эхийнхээ ачийг хариулахаар 90 хоногийн турш буян хийжээ. Зөвхөн ээждээ зориулж. Намрын адаг сарын шинийн 22-нд тэнгэрээс бууж ирэхэд нь тэнгэр лус баярлаж, дуу чимээ гаргаж гэнэ. Тэр үед хүн бүр баярлаж, эхийнхээ ачийг хариуллаа гэсэн дуу чимээ дэлхий даяар гарч байсан гэдэг. Орчин цагт эхийнхээ төлөө буян үйлдэхээр тэнгэрт гарч чадахгүй ч ачийг нь хариулах ганцхан л арга бий. Тэр бол хүн шиг байж, ямар хүн төрүүлснийг нь мэдрүүлэх.
Баасансүрэн лам гүнзгий амьсгаа аваад “Энэ үгийг ямар ч удаан хэлээгүй юм бэ дээ” хэмээгээд “Ээждээ хайртай хүн бүхэн дагаад чангаар хэлээрэй” хэмээн сонсогчдоо уриалав. Тэрээр “Чамайг ээждээ хэлнэ дээ…” хэмээн чангаар гурван удаа хэлэхэд дэргэд сууж байсан бүсгүй өөрийн мэдэлгүй ихэр татан уйлах нь тэр. Гэхдээ танхимд тэр ганцаараа нулимс дуслуулсан нь биш байлаа. Үнэхээр ээжтэй хүн сэтгэлээрээ ямар баян байдгийг энэ үгнээс мэдэрч болохоор. Баасансүрэн лам 16-хан насандаа аав, ээжийгээ алдсан талаараа дурсаад тэр үед жаахан байж дээ, хэмээн харамсангуй өгүүллээ.
“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь яаж хариулна даа…” дуу ийн нулимстай уянгална.
Баасансүрэн ламынд хөдөөнөөс нэг хүү сууж, сургуульдаа явдаг байж. Нэг удаа гэр рүүгээ явж ирчихээд утсаа хүнээс нуугаад л, тэрийгээ харахаараа ичингүйрээд байж. Хөөцөлдсөөр утсыг нь авч харвал ээжийнхээ хөхний зургийг аваад ирчихэж. Хүү ээжийнхээ мөөмийг хамгийн ихээр санадгаас тэр.
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…”
“Эхийн бүүвэйнд хорвоо дэлхий багтдаг гээд төсөөл дөө. Тэр хорвоо дэлхий чиний хайртай бүх юмаас гадна, чиний дургүй бүх юм. Бас мэддэг, мэдэхгүй зүйлүүд чинь бүгд багтсан гээд төсөөл дөө” хэмээн хөөрч догдлон ярих нь хорвоо дэлхийг бүүвэйлэх эхийн сэтгэлийг харуулах шиг.
Ийн бүтэн хоёр цаг дуу дуулж, ухаарч, уйлж сонссон лекцийн дараа гараад л шууд ээж рүүгээ явмаар санагдав. Ээждээ хайртай шүү гэж хэлмээр, орчлонгийн бүх ээжүүдэд халуун дулаан үг хэлж буян хураамаар..
“Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав, ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна ай хөөрхий…” халуун сэтгэл дунд намар оройн жавартай хамт энэ дуу эгшиглэсээр… би ээждээ очиж явна.