БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан хэлний түвшин тогтоох шалгалтын тухай

7 days ago admin 0

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээх авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах шалгалтуудыг зохион байгуулдаг.

 

1. БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АНХ УДАА АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (СХТТШ)-ЫН БҮРТГЭЛ.

– СХТТШ-ын бүртгэлийг жилд нэг удаа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд дээр зохион байгуулдаг.

Шалгалтанд дараах шаардлага хангасан иргэд бүртгүүлэх боломжтой. Үүнд:

– Монгол Улсын иргэн, 18-39 настай; (Бүртгүүлэх өдөр 18 нас хүрсэн болон 39 нас хүрээгүй байх);

– Хорих ял эдэлж байгаагүй;

– Солонгосоос албадан гаргагдаагүй буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх;

– Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

2. БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ХУГАЦААНДАА НУТАГТАА БУЦАЖ ИРЭЭД ДАХИН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТУСГАЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (СХТТТШ)-ЫН БҮРТГЭЛ.

– СХТТТШ-ын бүртгэлийн үйл явц СХТТШ-ын бүртгэлтэй ижил боловч жилд 4 удаа буюу улирал тутамд ХХҮЕГ-ын байранд бүртгэл зохион байгуулдаг. Ажил хайгч иргэд урьд өмнө ажиллаж байсан үйлдвэртээ дахин ажиллах хүсэлт гаргаж болдог онцлогтой.

Шалгалтанд дараах шаардлага хангасан иргэд бүртгүүлэх боломжтой. Үүнд:

– БНСУ-д Хөдөлмөрийн гэрээний хугацаандаа буюу нийтдээ 4 жил 10 сар ажилласан байх;

– БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч 2010.01.01-нээс хойш ирсэн иргэд;

– 18-39 настай буюу бүртгүүлэх өдөр 18 нас хүрсэн болон 39 нас хүрээгүй байх;

– Хорих ял эдэлж байгаагүй;

– Солонгосоос албадан гаргагдаагүй буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх;

– Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

Жич: БНСУ-д нийтдээ 4 жил 10 сар ажилласан иргэдийн нэрсийн жагсаалтыг БНСУ-ын АҮХНГ-аас ирүүлдэг ба энэ жагсаалтанд нэр тань байвал бүртгүүлэх боломжтой.