Аматти: Сүнс тухайн хүмүүсийн эрчмээр тэжээгдэж хүчээ авсны дараа аяга таваг хөдөлгөх, гэрэл асааж унтраах зэргээр наадаж эхэлдэг юм даа

9 months ago admin 0

Та үхэгсдийг хардаг уу?

Зөн билэгтэй хүн бүхэн хардаг. Бидний амьдарч буй нийгэм соёл иргэншилд хөтлөгдөхийн хэрээр ёс жаяг алдагдаж үхэгсэд завсардах нь ихэсч байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр, байх ёстой бүхэн байрандаа байхаа больж. Өнөөдөр Монголчууд нас барсан хүнээ хүртэл зөв үдэж чадахаа больжээ. Үүнээс болоод үхсэн амьд хоёр орон зайгаа булаацалдаж бие биедээ саад учруулж байна.

Оршуулгын зан үйлийг буруу хийснээс болж сүнс хорогдож байна гэж үү?

Хэзээнээс Монголчууд үхээрийн газар луу 60-аас дээш насны ахмадыг, хөл хүнд эмэгтэйг, балчир үрсийг авч явдаггүй байсан. Мөн ижил нэртэй хүн бурхан болсон хүний гэрт очдоггүй, асаасан зул зураг руу нь ширтдэггүй, ажил явдал дууссаны дараа нийлж сархад хүртдэггүй байсан. Гэтэл өнөөдөр залуучууд нас барсан хүний гэрт очоод асаасан зул руу ширтэж зураг руу нь гөлрөөд зогсдог. Оршуулах ёслолд хэн дуртай нь явж очсон хойноо бие биенийгээ нэрээр нь чанга чанга дуудаж орилдог. Үхээрийн газар бол эзэнтэй газар. Тэнд амьд хүнийг нэрээр нь дуудах нь байтугай чанга ярьж болдоггүй. Ахмад настай хүмүүсээ газар руу нь авч явчхаад ар араасаа унаад өгөхөөр нь гай дайрчлаа гээд хүрээд ирдэг. Ажил явдалд оролцсон залуучууд талийгаачийн гэрээс гарч ирээд бөөнөөрөө сархад ууж түүнийхээ нэрээр дуудаж байгаад сүнсийг нь дууддаг. Энэ мэт буруу үйлдлүүдээс болж бид үхэгсдээ хүртэл зөв үдэж чадахгүй, өөрсдөдөө гай удаж байна.

Гэрт сүнс хорогдсон байна. Бие хаа өвдөж, нүдэнд хий юм үзэгдэх боллоо гэж хүмүүс ярьдаг шинэ байранд ч хүртэл сүнс байна гэх юм?

Бид ёс заншлаа мэдэхгүй хэрнээ маш олон зан үйл хийж өөрсдөдөө гай дууддаг. Хүүхдүүд хүртэл сүнс дуудаж тоглодог. Тэр бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй ингэж байгааг нь эцэг, эх нь болиулах ёстой юм. Гэтэл анхаарч байгаа ч зүйл алга. Сүнс дуудахад ирнэ, гэхдээ буцааж явуулах аргаа мэдэхгүй байж дуудаад түүнийгээ гэртээ хорогдуулаад эрчмээ хуваагаад амьдардаг. Сүнс бол хүний эрчмээр хооллодог. Тиймээс гэрт хорогдсон сүнс тухайн хүмүүсийн эрчмээр тэжээгдэж хүчээ авсны дараа аяга таваг хөдөлгөх, гэрэл асааж унтраах зэргээр наадаж эхэлдэг юм даа.